Таван толгой дээр УИХ нь засгийн ажлыг хийгээд эхлэхээр хамаг юмыг бужигнуулаад хаячихаж байна

-Та Сүхбаатар дүүргээс нэр дэвшээд сонгогдох өндөр магадлалтай байсан ч нэрээ татсан. Үүнийгээ эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг хангахгүй бол нам сонгуульд орохгүй болно гэж тайлбарлаж байлаа. Гэвч шинэ Засгийн газар байгуулахад сайд болох зорилготой нэрээ татчихлаа гэсэн яриа гадуур гараад байна?
-Би ер нь ямар нэгэн болзол тавьж ажил хийдэггүй шүү дээ. Зөв, буруу гэдэг зарчмаар л ажилладаг хүн. Намайг тэгвэл би ингэнэ үүнийг ингэвэл тэгнэ гэж наймаалцдаг зүйл надад төрөлхийн байхгүй. Тийм учраас зүгээр л тухайн үедээ зөв л гэж үзсэн миний шийдвэр юм. Ер нь бол эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоог хангах, үүнийг жаахан бэхжүүлэх чиглэлээр дээр үеэс анхаарал тавьж ажилладаг байсан. 1997, 1998 онд санагдаж байна. Монголын үндэсний ардчилсан нам гэж байлаа. Талийгаач С.Зориг бид хоёр тэгэхэд МҮАН-ын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн квотыг анх оруулж батлуулж байсан. Тэр үеэс эхлээд энэ явсаар байгаад өдийг хүрсэн л дээ. Угаасаа чиг хандлага нь ч тийм байгаа юм. Ганцхан Монголд ч биш дэлхий даяар эмэгтэйчүүдийн оролцоо тэртэй, тэргүй нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн чанар чансаа нь ч гэсэн ондоо болчихоод байгаа шүү дээ. Тэдний мэдлэг боловсрол, хийж байгаа ажлынх нь цар хүрээ ямар байгаа билээ. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Энэ утгаараа гарцаагүй л хэн нэгэн хүн дэмжих ёстой байхгүй юу. Том юмаа харах юм бол нэгдүгээрт нь тийм юм.
-Хоёрдугаарт нь?
-Хоёрдугаарт нь мэдээж намын эрх ашиг гээд юм байж байгаа шүү дээ. Хүн болгон дотроо зөв гэж бодож байгаа атлаа дэмжихгүй суугаад байх. “Тийм, тийм уг нь эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа юм”, “Тиймээ парламентад оруулах нь зөв, гэхдээ одоо яана аа” гээд аман дотроо шогшроод байх уу. Сая ҮЗХ-ны хуралдаанаас харагдлаа шүү дээ. Сүүл рүүгээ хүчээр шахуу нэг хэсэг хүмүүсийг хасаад оронд нь эмэгтэйчүүдийг оруулж ирлээ. Тийм байдал руу орно гэдэг өөрөө жаахан гунигтай байгаа юм. Уг нь үүнийг жаахан цэгцтэй, замбараатай, системтэй хийх хэрэгтэй байсан байх л даа. Ямар ч байсан нам 76 хүн нэр дэвшүүлж бүгдээрээ оролцохоор боллоо. Үүнээс илүү яахав. Бас ийм үр дүнд хүрэхэд миний үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л гэж ойлгож байгаа.
-Эмэгтэйчүүдийг нэлээд хатуу учраатай тойргуудад нэр дэвшүүлсэн байдал харагдаад байгаа?
-Түүнийг бол ёстой мэдэхгүй. Би тэр юм руу ердөө ч оролцоогүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд намын хороод гээд янз бүрийн нэр дэвшигчтэй холбоотой үйл ажиллагаанаас хол байлаа. Би оролцоогүй шүү та нар л ийм маягаар хийж байгаа шүү гэдэг маягаар зугтаж байсан.

Цааш нь унших

Ийгл телевизийн Бадарчийн Жаргалмаа

2016 оны 5-р сарын 23-ны Ийгл телевизийн Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт оролцсоныг та бүхэнд хүргэж байна.

НИЙГМИЙН БАЯЛГИЙГ ТЭГШ ХУВААРИЛЖ ЧАДААГҮЙ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай “Онцлох ярилцлага” буланд ярилцлаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын түвшинд босоо удирдлагын тогтолцоог маш хүчтэй бэхжүүлэх шаардлагатай болохыг онцоллоо.

646A6165

-Ярилцлагаа дүгнэлт, ажиглалтаар эхэлье. Сүүлийн 25 жилийн ололт, уналтыг дэнсэлбэл сайн, саарын аль нь илүү байна вэ?
– Мэдээж, сайн нь илүү байсан. Ер нь өнгөрсөн хугацаанд яаж өөрчлөгдсөн нь нүдэн дээр ил байгаа. Ялангуяа тоон дүнгээр нь харвал үнэхээр бахдам үр дүн үзүүлсэн. Эдийн засгийн чанарыг илгэдэг нэг хүнд ногдох ДНБ бас үндэсний орлогын нэг хүнд ногдох хэмжээ зэрэг үзүүлэлт сүүлийн 25, наашлаад 10 жилд тогтмол өссөн. 10, 20, 60, 80 хувь биш. Дандаа нэг дахин, хоёр дахин бүр дөрөв нугалсан. Ингэхээр энэ бол гайхалтай үзүүлэлтүүд. Ер нь тоон дүнгээр, Монгол шиг эдийн засаг нь ийм богино хугацаанд хэд дахин өссөн улс дэлхийд тун ховор. Цаашлаад энэ өсөлт нь зөвхөн тоон дүн болоод зогсохгүй эдийн засгийн бүтцийг өөрчиллөө. Миний ярих дуртай нэг жишээ бий. Өмнө нь хөдөө аж ахуйн салбар манай эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг байлаа. Монголыг хөдөө аж ахуйн орон хэмээн нэрлэдэг байсан. Дараа нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт тавьсан. Төр, засгийн бодлого ч энэ зүг чиглэж байлаа. Гэтэл Монголыг тодорхойлж байсан хөдөө аж ахуйн эдийн засагт эхэлж буй жин өдгөө 12-13 хувь болж буурч байна. Мэдээж, абсолют дүнгээрээ, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн хугацаанд өссөн л дөө. Харин харьцангуй дүнгээр энэ салбарын эдийн засагт эзлэх жин татарсан. Гэхдээ энэ шилжилт нь дэлхийн чин хандлага, зүй тогтол гарцаагүй мөн. Харин сэтгэл түгшээж буй нь тоон дүн ийн өндөр өсчихөөд байхад яагаад бид ийм урвагар байна вэ? Бүгдээрээ л нэг тийм дүнсгэр, урвагар, юм юманд сэтгэл дундуур байна. үүний шалтгаан нь юу вэ? Миний бодлоор, нэгдүгээрт, бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд өнөөгийнхөөс илүү хөгжил дэвшлийг хүлээж байжээ. Өөрөөр хэлбэл, бидний хүлээлт хэт өндөр байж. Хоёрдугаарт, энэ хүлээлтийн гол элемент болох нийгмийн баялгийг тэгш хуваарилж чадаагүй. Энэ нь нийгмийг бухимдуулж байна уу гэсэн бодол төрдөг.

Цааш нь унших

ХӨГЖЛИЙН ГАРЦ

Монгол Улсын өнөөдрийн дүр төрхийг хэрхэн дүгнэдэг вэ?
Бид ардчилсан хөгжлийн замд ороод 25 жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн хувьд ч, эдийн засгийн засгийн хувьд ч шилжилт хийж байна. Гэхдээ бид шилжилтийг хэт удаан хийж байна. Төөрч будилж байна. Яг л шилжилтийн насны хүүхэд шиг олон ааштай, уур уцаар ихтэй, яагаа ч үгүй байж бие даах гэж, бүхнийг мэддэг мэт аашилж ирлээ. Хамгийн гол нь оюун санааны хувьд шилжилт хийх, шинэ тогтолцоонд бэлтгэх талаар ард иргэдээ зохион байгуулсангүй. Зөнд нь хаяасан. Ийм учраас манай нийгэм ямар нэгэн байдлаар мухардалд орчихоод байна.

IMG_0275

Асуудлыг ярьсаар байх биш, гарцыг олж бодитоор хэрэгжүүлэх цаг болсон гэдэгтэй санал нийлэх үү?
100% санал нийлж байна. Бид одоо бага ярьж, их хийхгүй бол миний дээр хэлсэн мухардлаас гарч чадахгүй. Манай улс төрчид, судлаачид, ер нь ард иргэд бидний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг мөн чанар, учир шалтгааныг маш сайн ойлгож, санал онол дэвшүүлж байдаг. Гэхдээ хамгийн оптимал гарцаа олохгүй л явна.

Монгол Улсын хөгжлийн гарц юу байх бол?
Бидэнд боломж, баялаг байна. Харин юуны өмнө өргөн мэдлэгтэй, ноён нуруутай, чигч шударга лидерүүдээ урагш гаргаж ирэх хэрэгтэй байна. Ганц нэг биш, чиглэл чиглэлээр ажиллах хэд хэдэн ийм лидерүүд нэгдэж ажиллавал улс орны хөгжлийн ашиглахгүй байгаа потенциалыг эргэлтэд оруулж, тал тал тийш цацсан хүчин чармайлтаа нэг зорилгод төвлөрүүлж чадна.

Тодорхой санаачилга, хэрэгжүүлж болохуйц зүйлийг санал болгоно уу?
Бидний болохгүй, бүтэхгүй байгаа байдлыг санаатай, санаандгүй өдөөгч хэсэг нөхөд нэг талдаа гарч нэгдчихээд байгаа юм шиг надад санагддаг. Гэтэл шударга ёс, эв нэгдэл, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг эрхэмлэгч нөгөө тал нь эвлэлдэн нэгдэж чадахгүй яваад байна. Иймд нийгмийн эрүүл хэсгийг нэгтгэн ажиллах шаардлагатай гэж бодож байна.

Та өөрийнхээ төсөөлснөөр хөгжлийн загварыг тодорхойлно уу?
Монгол Улс тансаг хэрэглээний бараа, компьютерийн программ хангамж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолдог болбол хөгжинө. Өөрөөр хэлбэл оюуны багтаамж сайтай бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. Тиймээс мэдлэгийн эдийн засаг манай хөгжлийн загвар болох ёстой.

Монгол Улсын алсын харааг гурван үгэнд багтааж томьёолно уу?
Тогтвортой, хүртээмжтэй хөгжил

Дэлхийд таниулах Монгол бренд бий болгох бололцоо бий юу, боломжтой гэвэл онцолж тодотгож хэлнэ үү?
Бололцоо бол байна. Бидэнд одоогоор дэлхийд танигдсан «Чингис Хаан», «Говь», «Динозавр» гэх зэрэг гарын таван хуруунд багтах бренд л байна. Шинэ бренд гаргахын тулд бидний бий болгосон, хамгийн сайн эзэмшсэн технологи юу билээ гэж бодох хэрэгтэй. Ганцхан жишээ хэлэхэд, монгол гэрийг орчин үеийн технологи, тоноглолтой хялбаршуулан үйлдвэрлэж, экспортолдог болбол нэг бренд болж болно гэж бодож байна.

Таныг Монгол Улсаа өндөр хөгжилтэй гүрэн болгохын тулд өөрийнхөө хувь нэмрийг оруул гэвэл Та юу хийж, бүтээж чадах вэ?
Дэлхийн түвшинд сэтгэдэг сэхээтнүүд, инженерүүд, өндөр мэргэшлийн ажилчид л үүнийг хийж чадна. Тийм боловсон хүчин бэлтгэх, тэдний потенциалыг нэгтгэн нэг зорилгод чиглүүлэх нь миний хувь нэмэр, хийж чадах зүйл маань болох байх.

Монгол хүнийг хэрхэн хөгжүүлэх вэ?
Монгол хүн бол сийрэг ухаантай, ой той сайтай, ёстой л шилдэг толгой шүү дээ, уг нь. Харин энэ толгойг бид үндсэндээ ашиглаж чадахгүй байна. Монгол хүнд ердөө л ёс суртахуун, сахилга бат, шударга дэг журам, урам зориг байхад л аяндаа хөгжөөд явчихна.

Монгол бахархлыг яаж бий болгох вэ?
Бид улс орныхоо хөгжлөөр л бахархана. Тиймээс улс орноо л сайхан хөгжүүлцгээе.

Хөгжлийн гарц буланд хэнийг оруулахаар санал болгох вэ?
Залуучуудаас л оруул. Өндөр сайхан боловсрол эзэмшчихсэн, хүмүүжил ухамсар сайтай залуус олон байна.

Эх сурвалж:
www.times.mn
http://times.mn/df/11703/

Блумбергийн ярилцах цаг

2016 оны 5-р сарын 11-ний өдөр Bloomberg TV Mongolia телевизийн “Блумбергийн ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцсоныг хүлээн авч үзнэ үү.