Хэлсэн Үг

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид
нэр дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд нэрээ
дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг


Улаанбаатар 2017-05-02

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,
Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавараар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх болсоноо албан ёсоор зарлаж байна.

Би Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Монгол Улсын Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан нь АН – аас надад хүлээлэгсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч АН-ын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.

Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.

Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.

Журмын нөхөд өө,
Монголд үүссэн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай хэдий ч нэг зүйлийг онцломоор байна. Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр эцсийн эцэс муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

– Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.

– Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.

– Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.

– Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.

– Эдийн засгийн боломжоо алдаж, Гадаад хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын давцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.

– Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.

– Монгол Улс эрх ямба, эд мөнгөний шуналд автсан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт орох аюул нүүрлэж байна.

Энэ бүхэн монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх шийдлийн үндэс болж байгаа юм.

Монгол улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь бидэнд эцэг өвгөдийн минь өвөлж үлдээсэн бусдын хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн минь байна.

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.

Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн монгол ухаан үгүйлэгдэж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших эрх авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.

Эдийн засгийг тогтворжуулан улмаар тогтвортой хөгжүүлэх асуудалд: цөөн санаа

Ойрын зорилт – эдийн засгийн үндсэн тэнцвэрийг бүрдүүлэн, тогтвортой өсөлтийг хангах.

  1. Макро тогтвортой байдал эдийн засгийн өсөлтийн хөрс болно.
    1. валютын ханш, хэрэглээний зах зээлийг тэнцвэржүүлэн зохистой хүлээлт үүсгэх
      1. капитал зугтахаас сэргийлсэн цогц арга хэмжээ нэн даруй авах
      2. гадаад худалдааг төгрөгөөр хийх бололцоо бүрдүүлэх: своп
    2. дотоод зах зээлээ хамгаалах зохих хэмжээний протекционизм хэрэгжүүлэх,
    3. хөдөлмөрийн зах зээлээ ориентир болгон шийдвэр гаргах
      1. Хэрэглээний болон ипотекийн зээлийн хүүг бууруулах: алслагдсан орон нутагт ипотекийн зээлийг хүүхдийн тоотой уялдуулах
      2. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тууштай нэмэх: ажиллах хүчнийг чанарт анхаарал хандуулах
      3. хүнсний ногоо тарихад газар олгох
    4. мөнгөний болон сангийн бодлогын уялдааг хангах механизм бүрдүүлэх: магадгүй макро болон хөгжлийн асуудал хариуцсан тэргүүн шадар сайдтай болох
    5. дампуурлын тухай хуулийг бүрэн ашиглах,
    6. Төсвөөс санхүүждэг паразит шинжтэй аж ахуйн нэгжийн бизнесийг халах: ялангуяа нийгмийн халамжийн салбарт.

2. Хөгжлийг түрэх институт үүсгэх бэхжүүлэх

  • өмчийн эрхийг хамгаалах, хэлцлийг хүчээр хангах маш тодорхой эрх зүйн орчин нэн яаралтай бүрдүүлэх: ажил хийлгээд мөнгийг нь өгдөггүй байж огт таарахгүй
  • татварын багц хуулийг батлан мөрдөх
    • ЭША, судалгааг татвараас чөлөөлөх
  • төслийн санхүүжилтийг өргөн нэвтрүүлэх: салбарын бодлого нь урт хугацааны хөнгөлттөй зээл, төслөөр дамжин хэрэгжих
  • санхүүгийн зах зээлийг либералчлах, татварын онцгой нөхцөл бүрдүүлэх: merger, acquisition дэмжих
  • Нийгэмд эв эе толерант уур амьсгал бүрдүүлэх
  • төр засаг хариуцлагаа, үйл ажиллагааны алдаа дутагдлаа хувийн сектор бусдад тохохоос шийдвэртэй татгалзах, бүрэн халах: ямар нэгэн шатандаа аль нэгэн дарга шийдвэр гаргасан л байгаа
  • хөдөлмөрийн харилцааг шинэ шатанд гаргах: үр ашиг шударга зарчимч байдал: ер нь бол хулгаач нар төрийн ордон, яам тамгийн газар биш шоронд суух ёстой.
  • оюун өмчийн чиглэлд сэнхрүүлэх гэгээрүүлэх чиглэлийн ажлыг системтэй явуулах
  • сайд дарга нарыг томилохдоо: салбарын онцлог гэж байдаг гэдгийг анхаарах жишээ нь, бөөний худалдаа жижиглэнгээс өөр, малын туувар үр тариа тарихаас өөр гэх мэтчилэн анхаарах

Ер нь бол Эдийн засаг нам дамжсан олигарх, номенклатурын хяналтад бүрэн шилжсэн дээ. Нийгмийн үнэлэмж эрс доройтож бараг ёроолдоо хүрсэн дээ.

#Politik нэвтрүүлэг

Улс төрийн шинжээч, сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболдын хөтлөн явуулж байгаа #Politik нэртэй зохиогчийн хөтөлбөрт оролцсоноо та бүхэнд хүргэж байна.

“Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж хэлсэн үг

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж үг хэллээ.

Read more

Манайд удирдагч алга. Хэнийг удирдагч гэх юм бэ

АН-ын ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, “УИХ-ын гишүүнээс минь хүртэл чөлөөлж өг” хэмээн “аархаж” явсан Монголын урдаа барьдаг эдийн засагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Ардчилалд шилжээд арав хүрэхгүй жилийн нүүрийг үзэж, Монголын эдийн засаг энхэл донхолтой асан үед гүйцэтгэх засаглалын тэргүүний ажлыг торох юмгүй хийж явсан тэрээр одоо ч АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед тухайн үеийн банк санхүүгийн шинэтгэл, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийгдсэн гэж судлаачид дүгнэдэг юм билээ.

Бид тулга тойрсон яриа өрнүүлэлгүйгээр /чуулган байнгын хороогоор хэлэлцэж буй асуудал, намуудын төлөвшил, Сонгуулийн хууль гэх мэт/ тогтолцооны гажгийг хэрхэн засч залруулах талаар ярилцсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цаашид ямар бодлого баримталж, хэрхэн хөгжих вэ, эдийн засгийн бодлогоо яаж тодорхойлох юм, улстөрчдийн төлөвшил, бид яагаад дэлхийн улсуудын хөгжлөөс хоцроод байна вэ гэх зэрэг асуудлаар системтэй ярилцахыг зорилоо.

Read more