Ц.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч байлаа

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үг

Амар сайн байцгаана уу? Авьяас төгөлдөр эрхэм хүн Цэрэндоржийн Балдорж сэтгүүл зүйн цэлмэг тэнгэрээс гэгээн өдрөөр харван одсон гэрэлт нэгэн од байлаа. Эрдэнэт бие нь та бидэнтэй хамт байхгүй ч үйлс бүтээл, үлдээ­сэн өв нь Монголын сэтгүүл зүйн тэнгэрээс мэргэжил нэгт нөхдөө гэрэлтүүлэн гийгүүлсээр байна. Сэтгүүл зүйд юу өгч, юу үлдээж, юу нь үргэлжилж байгаагийнх нь төлөө Ц.Балдор­жид талархал илэрхийлэн, мэхийн хүндэлж, дээдлэн дурсах учиртай. Юуны түрүүнд Ц.Бал­дорж Монгол оронд ардчилсан, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн үрийг суулгаж, эх орноо хэвлэлийн эрх чөлөөний хаант улс бол­гох их үйл хэргийг зөн билгээрээ үүсгэн эх­лүүлж, атрын шанг нь татаж, тулган дахь галыг нь асаан бадраасан шинэчлэгч, ирээдүйг дөт­лөн ойртуулсан авьяас билэгтэн байсныг нь жил болгоны энэ өдөр дээдлэн дурсаж байх үүрэгтэй, бид.

Ц.Балдорж агуулга гүн, арга барил онцлог, асуудал нь шинэлэг сайхан бичдэг, сайн бичдэг, сайн сэтгэдэг сэтгүүлч байлаа. Сайхан бичих гэдэг нь нэгэн зэрэг сайхнаар сэтгэж, сайх­наар мэдэрч, сайхнаар илэрхийлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшихэд оршино. Ц.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч. Түүний тэнгэрлэг авьяас, өндөр боловсрол нь их мөрний усыг тэтгэгч ширгэшгүй ундаргат булаг адил бүтээл туур­вилыг нь тэтгэн амилуулдаг байсан юм. Одоо ч гэсэн тэрбээр үзэг нэгт залгамж үеэ сайн бичих, сайхан бичих, шинийг сэдэх, шилдгийг туурвих оргил өөд зам гарган, хөтөч мэт дагуулсаар байна. Авьяастныг араас нь түлхэх юм уу, гараас нь хөтөлж чангаах хэрэггүй, тэд өөрсдөө замаа гарган, бусдыг дагуулан, өмнө нь явцгаадаг юм.

Сэтгүүлчид үндэстнийхээ хэл соёлын дарх­лааг хадгалан хамгаалахад тэргүүн эгнээнд ухаан бодлоо хөвчлөн, хурц зэвсгээ агсан, хил манасан хилчин адил нүд цавчилгүй зогсож байх оюуны салбарын дайчид билээ. Төрөлх хэлнийхээ жинхэнэ мэдлэггүй хэн ч гэсэн хэзээ ч жинхэнэ сэтгүүлч байж чадахгүй. Тө­рөлх хэлээ хүндэтгэдэггүй хүн төрөлх ард түм­нээ хүндэтгэдэггүй. Агуулга ядмагхан хэвш­мэл хэдхэн үгэнд эргэлдсэн, утгын болон хэл зүйн алдаа нь хэрээс хэтэрсэн, үлбэгэр болхи бичвэр уншигч, сонсогч, үзэгчдийн дургүйг хүргэж, шүүмжлэлийн бай болно уу гэхээс, тэдэнд таашаал хүртээж, анхаарлыг нь татаж, ой тойнд нь шингэхгүй нь тодорхой. Сэт­гүүлчид аялгуут сайхан монгол хэлнийхээ нэн баялаг үгийн сангийн далайгаас үнэт шүр сувд шүүрдэх адил сонгон хэрэглэж, төрөлх хэл­нийхээ мартагдсаныг сэргээж, бүдгэрснийг нь тодруулж, улам улмаар баяжуулж, хэл соёлоо хамгаалан хойч үедээ буухиалан дамжуулах мэргэжлийн хийгээд иргэний үүргээ төгс сайн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хэл соёл бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монгол түмний дангааршин хадгалах дээд үнэт зүйл мөнөөс мөн.

Сэтгүүл зүй шударга ёсыг сахин хамгаала­хад хана хэрэм мэт бат зогсож, шударга ёсны аврал, шударга бусын айдас, шударга бусын золиос болон доромжлогдон гадуурхагсдын өмгөөлөгч, шударга бусыг үйлдэн давран сагагч­дын даруулга байх ёстой. Шударга ёс цэцэглэж байгаа орчинд л хүмүүс шударга ёсыг сахидаг.

Ц.Балдорж сэтгүүл зүйг шударга ёс цэцэглэ­сэн ариун тансаг орчин байлгахын төлөө тэм­цэгч байсан юм. Шударга хүн шударга бусыг хэзээ ч үйлдэхгүй. Хэнд ч харагдахгүй, хэнд ч сонсогдохгүй, хэнд ч мэдэгдэхгүй шударга бус үйлдэл хийх боломж олдсон ч тийм үйлдэл хийдэггүй хүн чин шударга. Шударга бусын золиос болон хохирсон хүмүүсийн аврал эрэн хөнддөг авран хамгаалагчид нь сэтгүүлчид би­лээ. Шударга бусыг бие махбодиороо амссан хөөрхий хүний зовлонг яг өөрийнх шиг мэдрэн хүлээн авч, ган үзгээ шүүрэн, галтай цогтой үгээ бэлдэн тулаанд ордог сэтгүүлч шударга бусыг үйлдэхгүй, шударга ёсны манаанд бат зогсох болно. Шударга байх мэргэжлийн ёс зүйн үүргээ шударга бусын сүүдэрт нуусан, үнэнийг өгүү­лэх ёс суртахууны тангаргаа худлын намагт живүүлсэн хүн сэтгүүл зүйн ариун эгнээнд байх учиргүй. Өвдсөн хүнд эм, цангасан хүнд ус авчирч өгөх нь буянтай үйлс мөн. Сэтгүүлчид нийгмийн ёс суртахууны доройтлыг эмчлэх, шударга ёсны цангааг тайлах ариун үйл хэрэгт үйлчлэх ач буянт хувь тавилангаа бүрэн дүүрэн эдлээсэй билээ.

Шударга ёс худалдагдахаараа хумхын тоос адил арилан замхардаг. Сэтгүүлчид амьдрах, бас бичих боломжтой байхын тулд мөнгө олох ёстой боловч шударга ёсыг худалдан байж мөнгө олох нь тэдний мэргэжлийн ёс зүйд гал, ус мэт харш. Дээдэлдэг үнэт зүйлээ өөрийн гараар устгаж болно гэж үү. Сэтгүүлчид мөнгө амласан атгаг бодолт, буруу үйлдэлт хүмүүсийн гутлын өсгийд наалдсан шавар шавхай мэт болж доош орон, өөрийн хийгээд мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэлж, нэр төрөө гутаах ёсгүй.

Үгээр хүнийг үхүүлж болно, сэхээж чадна, үгээр хөгжлийг хурдасгаж болно, үгээр хөгжлийг сааруулж чадна, барьж байгаа үзэг нь ч бичиж байгаа үг нь ч ирлэсэн илднээс илүү хурц зэвсэг мөн гэдгийг Ц.Балдорж алхам тутамдаа санаж, хамтран зүтгэгчдэдээ сануулж ухааруулдаг байсан юм. Ц.Балдорж юу бичихээ, яаж бичихээ, юуны тулд бичихээ сайн мэддэг, бичсэн зүйлээ үнэний шүүлтүүрээр оруулж, шударга ёсны шүүлтүүрээр шүүж, хэрэгтэй, хэрэггүй, тустай, тусгүйг нь нягталж дэнслэн байж олны хүртээл болгодог байсныг түүний үлдээсэн өвөөс нь түвэггүй харж, суралцах үүд хаалга бүхэнд нээлттэй байна.

Залгамж үетэйгээ зэрэгцэн явахын тулд сэтгүүлчид өөрийнхөө цаг үеэс түрүүлж сэтгэн, эрин үеэсээ түрүүлэн алхаж, олон түмнийг араасаа дагуулах нийгмийн түүчээ юм. Бид мэдлэг боловсрол, сэтгэлгээ, арга барил, ур чадвараараа эрин үеэсээ түрүүлж чадаж байгаа билүү гэдгээ үе үе бодож эргэцүүлж байх нь сэтгүүлчид өөрсдөдөө тавих өндөр шаардлага, байнга өсөж хөгжихийн нэг эх булаг мөн билээ. Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагнал сэтгүүлчдийн мэр­гэжлийн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээг өргөжүүлэн тэлж, өдөөн идэвхжүүлж, сэтгүүл зүйн хөгжлийг нэгэн жилийн хугацаанд толь­дон харж, үнэлэн дүгнэж болохуйц ил тод, бодит хэмжүүр болж байгаад сэтгэл дүүрэн талархалтай байдаг юм.

2017-09-12

НИЙГМИЙН БАЯЛГИЙГ ТЭГШ ХУВААРИЛЖ ЧАДААГҮЙ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай “Онцлох ярилцлага” буланд ярилцлаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын түвшинд босоо удирдлагын тогтолцоог маш хүчтэй бэхжүүлэх шаардлагатай болохыг онцоллоо.

646A6165

-Ярилцлагаа дүгнэлт, ажиглалтаар эхэлье. Сүүлийн 25 жилийн ололт, уналтыг дэнсэлбэл сайн, саарын аль нь илүү байна вэ?
– Мэдээж, сайн нь илүү байсан. Ер нь өнгөрсөн хугацаанд яаж өөрчлөгдсөн нь нүдэн дээр ил байгаа. Ялангуяа тоон дүнгээр нь харвал үнэхээр бахдам үр дүн үзүүлсэн. Эдийн засгийн чанарыг илгэдэг нэг хүнд ногдох ДНБ бас үндэсний орлогын нэг хүнд ногдох хэмжээ зэрэг үзүүлэлт сүүлийн 25, наашлаад 10 жилд тогтмол өссөн. 10, 20, 60, 80 хувь биш. Дандаа нэг дахин, хоёр дахин бүр дөрөв нугалсан. Ингэхээр энэ бол гайхалтай үзүүлэлтүүд. Ер нь тоон дүнгээр, Монгол шиг эдийн засаг нь ийм богино хугацаанд хэд дахин өссөн улс дэлхийд тун ховор. Цаашлаад энэ өсөлт нь зөвхөн тоон дүн болоод зогсохгүй эдийн засгийн бүтцийг өөрчиллөө. Миний ярих дуртай нэг жишээ бий. Өмнө нь хөдөө аж ахуйн салбар манай эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг байлаа. Монголыг хөдөө аж ахуйн орон хэмээн нэрлэдэг байсан. Дараа нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт тавьсан. Төр, засгийн бодлого ч энэ зүг чиглэж байлаа. Гэтэл Монголыг тодорхойлж байсан хөдөө аж ахуйн эдийн засагт эхэлж буй жин өдгөө 12-13 хувь болж буурч байна. Мэдээж, абсолют дүнгээрээ, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн хугацаанд өссөн л дөө. Харин харьцангуй дүнгээр энэ салбарын эдийн засагт эзлэх жин татарсан. Гэхдээ энэ шилжилт нь дэлхийн чин хандлага, зүй тогтол гарцаагүй мөн. Харин сэтгэл түгшээж буй нь тоон дүн ийн өндөр өсчихөөд байхад яагаад бид ийм урвагар байна вэ? Бүгдээрээ л нэг тийм дүнсгэр, урвагар, юм юманд сэтгэл дундуур байна. үүний шалтгаан нь юу вэ? Миний бодлоор, нэгдүгээрт, бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд өнөөгийнхөөс илүү хөгжил дэвшлийг хүлээж байжээ. Өөрөөр хэлбэл, бидний хүлээлт хэт өндөр байж. Хоёрдугаарт, энэ хүлээлтийн гол элемент болох нийгмийн баялгийг тэгш хуваарилж чадаагүй. Энэ нь нийгмийг бухимдуулж байна уу гэсэн бодол төрдөг.

Цааш нь унших

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр

Image

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрт (2016-2017) өргөдөл хүлээж авна

2016 – 2017 оны хичээлийн жилд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрийг (CSSA) зарлаж байна.
Хөтөлбөрийн зорилго
Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр нь (CSSA) докторантурын оюутнууд болон их дээд сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог ашиглахад нь туслах, дэмжих зорилготой олон улсын академик солилцооны хөтөлбөр юм. Уг тэтгэлэг нь судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, санал солилцоог эрэлхийлсэн, олон улсын харилцаа, сүлжээг сайжруулахуйц шинэлэг инноватив төслүүдийг дэмжинэ.
Хөтөлбөрт хэн хамрагдах вэ? 
• Хөтөлбөрт заасан чиглэлээр Монголд болон гадаад улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж буй докторантурын оюутнууд;
• Монголын их дээд сургуульд бүтэн цагаар багшилж буй багш нар (магистрын зэрэгтэй байх)
Ямар үйл ажиллагааг дэмжих вэ?
Хээрийн судалгаа (баримт сэлт цуглуулах); судалгаа хийх зорилгоор номын сан, архив эсвэл их дээд сургууль руу айлчлах; хичээлийн хөтөлбөр боловсруулах; гадаадын сэтгүүлд хэвлүүлэх (peer-reviewed publication) олон улсын хамтын бүтээл зэрэг богино хугацааны олон улсын академик төслийг дэмжинэ.

Хөтөлбөрт оролцогчид нь их дээд сургуульд харъяалагдаж, тэтгэлэг авах санал нь судалгааны ажил болон багшийн үүрэг хариуцлагатай нь шууд холбогдож байх шаардлагатай.

Ихэнхи төсөл 2-9 сарын хугацаатай үргэлжилнэ. Докторын оюутныг дэмжих санхүүжилтийн хүсэлт 10,000 ам. доллараас хэтрэхгүй байх ба харин багш нарт 15,000 ам. доллар хүртлэх санхүүжилт үзүүлнэ.

Ямар чиглэлийг дэмжих вэ? 
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бүхий л салбараас өргөдөл гаргах боломжтой бөгөөд ялангуяа хууль, шударга ёс, засаглал; тогтвортой хөгжил ба байгалийн нөөц баялагийн менежмент; эдийн засгийн эрх болон ядуусыг чадавхжуулах; нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажил болон олон нийтийн хамтын ажиллагаа хөгжүүлэх; хэвлэл мэдээллийн шинэ хууль, бодлого; тэгш хамруулах боловсрол; зөрчилдөөний дараах судалгаа; болон хүний эрх зэрэг чиглэлийг илүүд дэмжих юм.

Дэмжигдэхгүй чиглэлд Бизнесийн удирдлага, Менежментийн сургалт, Компьютерийн ухаан, Санхүү/банк, Маркетинг, Инженерчлэл, Байгалийн ухаан (физик, биологи, хими зэрэг), Математик, Анагаахын шинжлэх ухаан эсвэл гадаад хэл болон хэл судлалы орно.

Хэрхэн өргөдөл мэдүүлэх вэ? 
Энэхүү тэтгэлэгийг нь оролцогчдын мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний туршлага болон тухайн төсөл нь Монголын нээлттэй нийгмийн хөгжилтэй хэрхэн холбогдож байгаа дээр үндэслэн олгоно.
Өргөдлийн материал хүлээн авах эцсийн хугацаа
Өргөдлийн материал болон бусад нэмэлт материалыг 2016 оны 2 дугаар сарын 15 хүртэл хүлээн авна. Энэ өдрөөс хойш явуулсан материалыг хүлээн авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв эсвэл https://goo.gl/W9yzmu холбоосоор орж авна уу.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48
Утас: 319016, Факс: 326941
E-mail: sayamaa@earcmn.org
Цахим хуудас: http://www.earcmn.org
https://www.opensocietyfoundations.org/grants/civil-society-scholar-awards-20151125

Ерөнхий сайдад асуулга тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлаар асуулга тавилаа.

[gview file=”http://blog.amarjargal.org/wp-content/uploads/2015/09/Асуулга-2015.09.08.pdf”]