Миний санал болгож буй 10 ном


Нууц товчоо

Монгол хүн бүрийн унших ёстой ном яах аргагүй Монголын Нууц Товчоо билээ. Өдгөө хүртэл Монгол бичгээр бичигдсэн хувилбар олдоогүй байгаа энэ номыг орчин цагийн хэллэгт хөрвүүлэн, уран сайхны зохиолын хэлбэрт оруулах ажлыг академич Ц.Дамдинсүрэн гуай хийсэн билээ. Монгол хүн бүрийн унших ёстой, хадгалах ёстой энэхүү номыг би өөрийн жагсаалтын тэргүүнд нэрлэлээ.

Хөх судар – В.Инжинаш 

“Их Юань улсын мандсан төрийн Хөх судар” буюу Хөх судар түүхэн роман. Уг бүтээлийг түүний эцэг Ванчинбал бичиж эхлүүлсэн гэдэг бөгөөд эхний 8 бүлгийг бичиж хүү Инжинаш нь үргэлжлүүлэн бичиж дуусгажээ. Судалгаагаар уг бүтээл нь 120 бүлэгтэй байсан гэх бөгөөд одоогоор бидний гар дээр 69 бүлэг нь үлджээ. Их монгол улсын байгуулагдах үеийн түүх, тухайн үеийн амьдрал, хүн ардын сэтгэлийг онцгой гарган ирсэн энэхүү бүтээлийг Монгол хүн дор хаяж нэг удаа уншсан байх ёстой зохиол болов уу.

Тэнгэрлэг комеди (туульс) – Данте Алигьери

Италийн нэрт яруу найрагч Данте Алигьеригийн суут бүтээл “Тэнгэрлэг туульс”. Ван ностранд уг зохиолыг “Тэнгэрлэг туульсыг Италийн уран зохиолын түүхэн дэхь хамгийн аугаа бүтээл гэсэн байдаг, гэхдээ энэ бүтээл нь дан ганц Италийн төдийгүй дэлхийн утга зохиолын салбар дахь сод бүтээл юм” гэж дүгнэжээ. Уул нь анх дан Комеди (туульс) нэрээр гарсан ч хожим Тэнгэрлэг гэх нэрийг нэмж хэвлэснээс хойш өдийг хүртэл уг зохиолыг ийн нэрийдэх болжээ. Зохиолын 3 хэсгийн өгүүлэмж, агуулсан санаанууд хүний ертөнцийн бүхэл үйл хэргийг шингээх бөгөөд тухай үеийн Италь орон Европ тивийн хүмүүсийн амьдрал, нийгэм улс төрийн амьдралыг дэлгэрэнгүй өгүүлсэн төдийгүй түүний мөн чанарыг ухан тухайн үеийн шинжлэх ухаан, филисофийн асуудлуудыг ч багтааж чаджээ.

Дон Кихот – Мигель Сервантес

Уг бүтээлийг Испанийн утга зохиолын алтан үеийн хамгийн онцлох зохиол гэж нэрлэх бөгөөд Дэлхийг өөрчлөх мөрөөдөл бүхий залуу насанд заавал унших ёстой болов уу. Зохиолын зарим нэг хэсэг нь нуршуу ядаргаатай санагдаж болох юм. Хэрэв уншихад хэт нуршуу санагдвал уг зохиолын товчилсон хэлбэрүүд олон хэвлэгдсэн эдгээр хувилбаруудаас сонголтоо хийсэн ч нэг их буруудахгүй болов уу.

Фауст – Гёте

Юун түрүүнд онцлох ёстой зүйл бол Фауст бол Германы ард түмний домгийн гол баатар юм. Дараах зүйл бол Гётегийн Фауст бол жүжгийн зохиол юм. Анх английн жүжгийн зохиолч Кристофер Марлоу уг домгийг 1592 онд Анлги хэл дээр хөрвүүлэн хэвлүүлэн алдартай болгосон. Харин Германы утга зохиолын нэрт түүрвигч Гёте 1808 онд хэвлүүлсэн хувилбар Фаустын хамгийн шилдэг хувилбар гэж дүгнэгддэг Германы театрын түүхэн дэхь хамгийн олон үзэгчтэй хамгийн олон тоглогдсон уг жүжиг (зохиол) өөрийн сүнсээ чөтгөрт худалдаж буй Фаустын тухай өгүүлнэ. Уг дүрүүдээр хүний ерөнхий мөн чанарыг ухан гаргаж ирсэн сэтгэгдэл төрдөг. Монголын, манай үеийн уншигчид Гётегийн Фаустаас үндэслэгдэн бичигдсэн Булгаковын Мастер Маргарита зохиолыг тун сайн мэдэх байх.

Өвгөн тэнгис хоёр – Эрнест Хемингуэй

1954 онд Өвгөн тэнгис 2 туужаараа, Эрнест Хемингуэй утга зохиолын салбарын Оскарын шагналыг хүртэж байсан билээ. Тэрээр Америкийн утга зохиолын салбарыг дэлхийд таниулсан хамгийн нэрт төлөөлөгчдийн нэг байсан бөгөөд, зохиол бүтээлүүд нь голцуу дайн, хайр дурлал, ганцаардлын сэдэвтэй байдаг.

Дайн ба энх – Лев толстой

Номын зузаан, нимгэн ач холбогдол өгдөг уншигчид бол ёстой зузаан ном гэж Дайн ба энх юм. Ер нь энэ номыг хэдэн өгүүлбэрт багтаан тайлбарлана гэдэг нь ч өөрөө хэцүү ажил. Уншмааргүй бол ядаж киног нь үзэх хэрэгтэй. Гэхдээ кино нь ч бас л янзын урт “эд” найруулагч Сергей Бондарчук “Дайн ба Энх” гэх энэ зохиолыг дүрслэн үзүүлэхэд 427 минут зарцуулсан юм.

Хар хун – Нассим Талеб

Жагсаалтад багтсан хамгийн залуу ном бол Хар хун. Нассим Талеб гэх энэхүү Ливан эр, судлаачийн ажил, бүтээлүүдээ бичиж эхлэхээс өмнө. Хөрөнгө оруулалтын менежер, арилжаа, эрсдэлийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд 1987 оны “Хар Даваа гараг”, 2000 оны Насдакын уналт зэрэг том хямралуудын үеэр амжилттай ажиллан санхүүгийн салбарт өөрийгөө таниулж чаджээ. Олон дараалсан санхүүгийн зах зээлийн хямралуудын дараа тэрбээр судалгаа, нийтлэлийн ажил хийх болж 2001 онд анхны номоо гаргажээ. Миний онцолсон Хар Хун бол тун онцгой бүтээл юм. Санааг нь энгийнээр тайлбарлавал, хүмүүс анх австрали тивийг нээхээс өмнө хунг зөвхөн цагаан өнгөтэй гэж төсөөлдөг байсан, харин Австрали тивийг нээж хар хун харсны дороо олон жил туйлын үнэн гэж итгэж байсан үзэл үгүй болсон. Хүмүүс бүх зүйлийг тогтсон нэг жишиг, нэг онолд баригдан хэрэгжүүлдэг уламжлалт байдал нь шинэ тогтолцоонд нуран унах аюултай байдлыг дүгнэн одоо оршин тогтнож буй тогтолцоог тун чадварлагаар шүүмжилсэн юм. Бүхий л салбарын хүмүүс энэ номыг заавал уншаарай гэж зөвлөе.

Санхүүч – Теодер Драйзер

Хүсэл тэмүүлэл гурвалын анхных буюу 1912 онд хэвлэгдсэн Санхүүч роман. Уг романыг зохиолч бичихдээ монополиудын хаанчлалын үеийн Америк дахь бодит үйл явдал, хүмүүс дээр суурилан уран сайхны хэлбэрт оруулсан зохиолыг илүү сонирхолтой, үнэмшилтэй болгоход нөлөөлсөн болов уу. Нөгөөтээгүүр зохиолч Теодер Драйзер нь Америкийн Социалист намын гишүүн байсан нь түүний бүтээлүүд хүйтэн дайны үед Зөвлөлтийн орнуудад алдарших гол шалтгаан байсан биз ээ.

Тунгалаг Тамир – Ч.Лодойдамба

Нэрийг нь уншмагц л “Энэ хүний нэрийг Эрдэнэ гэнэ” гэх хоолой шууд санаанд чинь бууж байна уу? Магадгүй энэ ганцаараа Тунгалаг Тамирын зууны шилдэг роман гэх өргөмжлөлийг батлах байх. Анх уг роман нь Хувьсгалын өмнөх болон дараах үеийн монгол орон Феодолуудын дарангуй байдлыг хурцаар шүүмжилсэн, энгийн ард түмний амьдралд гарж буй үсрэлтүүдийг магтан дуулал мэт байсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам уг бүтээлийн үнэ цэнэ дотоод агуулга цаг үеэ даган хувьсаж шинэлэг агууламжаар баяжиж байгаа нь тун гайхалтай. Уг зохиолын тухай сонсоогүй уншаагүй хүмүүс тун ховор байх, хэрэв та тэдний нэг бол даруухан уншаарай.
http://www.ub.life/p/7807 

Эдийн засагч байна гэдэг бол…

Санхүү эдийн засгийн их сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг

IMG_0498

Сайн байцгаана уу?

Нэгдүгээрт

Та бүхэнд үнэхээр баяр хүргэмээр байна. Их сургуулийн оюутан болно гэдэг бол өөр зүйл юм. Сургууль маань өнгөрсөн хавар ИХ сургууль гэсэн тодотголтой болсон. Их сургууль гэсэн статустай явж байгаа анхных нь хичээлийн жилд, энэ түүхэн үйл явдалд оролцож байгаа хамгийн анхных нь оюутан шүү бид чинь. Ийм түүхэн үйл явдлыг эхлүүлж байгааг тохиолдуулан сургуулийн удирдлага, сургуулийн удирдах зөвлөл хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэе!

Эдийн засагч байна гэдэг бол их чухал. Гэхдээ чухам юу юм вэ гэдгийг хүмүүс мэддэггүй юм. Юуны тухай ч яриад байгаа юм? Яах гэж ч яриад байгаа юм? Осолдолгүй нэг орлого, зарлага гэж байдаг, тэр хоёрын баримжааг нь хараад байж байвал эдийн засагч гэж бодоод байх шиг. Үнэндээ үгүй л дээ, эдийн засагч байна гэдэг бол миний ойлгож байгаагаар юуны өмнө эх орон, ард түмэн, нийгмээ гэсэн том сэтгэл байх ёстой. Яавал энэ улс орны амьдралыг аятайхан авч явах вэ? Яавал энэ нийгмийг зөв голдирогод нь оруулж, зөв чиглүүлж явах вэ? Яавал ард иргэдийн амьдрал ахуй дээшлээд байх вэ? Яавал нийгэмд тэр шударга ёс гэдэг нь байх вэ? Энэ бүх юм бол үндсэндээ эдийн засаг гэдэг ойлголтын үндсэн ухагдахуун юм. Бид нар бол макро эдийн засаг, микро эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт гэсэн ийм томьёонуудыг л эдийн засаг гэж ойлгодог. Үгүй ээ, нэр төр гэдэг бол эдийн засгийн ойлголт, үнэнч байна гэдэг бол эдийн засгийн ойлголт, шударга байна гэдэг нь бас эдийн засгийн ойлголт юм. Энэ бүх юмыг бид нар эдийн засгийн хэл рүү хөрвүүлж ойлгож, уншиж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн шинж юм шүү!

Хоёрдугаарт

Эдийн засагч болно гэдэг бол өөрийн гэсэн лаборатори, өөрийн гэсэн судалгааны арга зүйтэй болно гэсэн үг юм. Том тоо ч байж болно, жижиг тоо ч байж болно, их өгөгдөхүүн ч байж болно, бага өгөгдөхүүн ч байж болно. Гэхдээ ямар нэг өгөгдөхүүнийг аваад түүнийг эргүүлж тойруулаад, наана цаанаас нь ухаж, төнхөж байгаад ямар нэг юм олж харж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн нэг гол шинж чанар юм. 1991 онд бид нар дөнгөж шинэчлэн зохион байгуулагдаад Эдийн засгийн коллежийн захирлаар намайг томилсон юм. Тэгээд бид нар анхны элсэлтээ авч байхад элсэж байсан хүүхдүүдийн бараг 70-80% нь охидууд байсан. Тэгээд би аргаа ядаад “болилдоо та нар, эрчүүд нь хааччихсан юм бэ?” гэж асууж байлаа. Сүүлдээ би бүр сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн ядаж 40% нь эрэгтэй хүүхдүүд болго гэж хүчээр захирлын тушаал гаргасан, тэгээд нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь шалгалт өгөөд л уначихна. Бодлогын чанартай оруулж байж л эрэгтэй хүүхдүүдийн тоог овоо болгосон юм. Энэ жилийн элсэлтийг харсан бас дахиад 70, 80–аад хувь нь охидууд байна. Би охидуудыг муу гэж байгаа юм биш, та нар үнэхээр мундаг оноогоороо зодоод ороод ирдэг. Эрчүүд нь хаана байна? Хаагуур юу хийгээд яваад байна? гэсэн асуултууд гарч ирж байна.

Би яагаад энийг яриад байна вэ гэхээр судалгааны арга зүй гэж зүйл бий. Хүн зүгээр өөрийн гэсэн лабораторитой байх ёстой. Манай Санхүү эдийн засгийн их сургуулийн 1924-2016 он хүртэлх элсэлтийн динамикийг боловсруулаад үз, их том ухаантай загвар боловсруулдаггүй юмаа гэхэд эрэгтэй эмэгтэйгээр нь, нас хүйсээр нь, байршлаар нь аваад үзчих тэгээд тэрийгээ хамгийн энгийн загварт оруулаад сурчих. Хэрвээ тэгээд харах юм бол Монгол улсын эдийн засгийн түүх харагдана. Орчин цагийн Монгол улсын эдийн засаг ямархуу янзтай байсан, ямар онуудад хүнд байсан, ямар онуудад өсөж дэвжиж байсан, юу нь болж байсан, юу нь болохгүй байна гэдгийг энэ зүй тогтлоор гаргаад ирнэ. Ийм учраас эдийн засагч болно гэдэг бол улс орныхоо түүхийг үзэх асуудал, өөрийн гэсэн лабораторитой болох асуудал шүү гэдгийг би дахин хэлье.

Гуравдугаарт

Хамгийн гол хэлэх гэсэн зүйл бол оюутнууд та нар сурах аргад суралцах ёстой. Сурах аргад сурч чадсан хүн л цаашаагаа явна. Тэр хүн Монгол улсын Төрийг удирдана, Монгол улсын эдийн засгийг удирдана, Монгол улсын эдийн засгийг атгана. Сурах аргад сурч чадаагүй бол  дөрвөн жил энд тонгочоод тонгочоод юу ч олохгүй, юунд ч хүрэхгүй. Хайран дөрвөн жил, хайран мөнгө л болно. Тийм учраас энэ 9-р сар дуусах хүртэл хийх үндсэн ажил чинь сурах аргад суралцах юм. Яаж ном унших, яаж лекц сонсох, яаж лекцийн тэмдэглэл хөтлөх, яаж тэр цахим ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ олж авдаг юм энэ үндсэн аргыг сураад авчхаарай. Энийг сурчих юм бол та нар дөрвөн жил дажгүй явчихна. Харин энийг эзэмшээгүй бол тэгээд хэцүү дээ.

За амжилт хүсье!

Эдийн засгийн хөдөлгүүр

Эдийн засгийн хөдөлгүүр хэрхэн ажилладаг вэ?

Эдийн засгийн бүтэц, зохион байгуулалт эсвэл хөдөлгүүр хэрхэн ажилладаг мөн ямар энгийн байдаг талаар Рэй Далой сонирхолтой байдлаар үзүүлсэн видеог хуваалцаж байна.

Түүний хэлж буйгаар эдийн засгийн хөдөлгүүр маш энгийн ажилладаг. Гэхдээ ихэнх хүмүүс үүнийг ойлгодоггүй. Эсвэл ийм энгийн ажилладаг гэдэгтэй санал нэгддэггүй.Үүнийг ойлгоогүйн улмаас ямарч хэрэгцээгүй эдийн засгийн хохиролд хүрэх тохиолдол гардаг.

Би энгийн бөгөөд практикт нэвтэрсэн эдийн засгийн загвараа хүмүүстэй хуваалцах нь чухал гэж ухамсарласан. Хэдийгээр энэ нь уламжлалт бус ч гэлээ намайг эдийн засгийн хямралаас гадна үлдэхэд сэрэмжлүүлсэн. Мөн надад 30 гаруй жилийн туршид хэрэг болсон юм хэмээн тайлбар дээрээ бичсэн байна.

Та бүхэнд ч мөн хэрэг болно гэдэгт найдаж байна.