УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр Баабарын “Жамух”-ыг уншаад юу бодож байгаагаа сонирхуулснаар бидний яриа эхлэв. Товчхондоо бол Баабарын зөв ч, “Жамух” болж хувирсан нөхдүүдийн буруу биш гэж тэр дүгнэжээ.Харин Р.Амаржаргал шиг ухаалаг, эвсэг, үзэл бодол нь дэвшилттэй ч түүгээрээ дарцаг хийж дэрвэдэггүй хэсгийнхнийг бас л Баабар “найс гай” нар гэж нэг удаа хэлсэн санагдана. Яагаад гэвэл...
-Хүмүүс тийм байх ёстой гээд ойлгочихсон, тэрэндээ эргэлзэхээ ч больчихсон зүйл дээр ганцаараа өөр үлдэхээр “хөгшин зөрүүд” нөхөр л харагдах гээд байна шүү дээ. Тухайлбал, Монголд сүүлийн хорин жилд хамгийн төгөлдөржсөн зүйл авлигын тогтолцоо. Хүлээн зөвшөөрөгдөөд нийгмийн үнэлэмжийн төвшинд тогтчихсон зүйл учраас дараагийн үе нь угаасаа ийм л байх ёстой гээд бодоод явчихаж байна. Гэтэл бидний үеийнхэнд тийм үнэлэмж байгаагүй, хэдийгээр ар, өврийн хаалга гэж байсан ч гэлээ. Өнөөдөр нийгмийн зохион байгуулалт, зохицуулалт болоод тогтчихсон авлигыг үгүй хийнэ гээд ганц нэг нөхөр тэмцэхээр ёстой л Дон Кихот болж харагдана. Салхин тээрэмтэй тэмцдэг шиг л…Дээр нь муухай ааштайгаараа хэлүүлнэ. Ингээд бодохоор тэр зүйлстэй тэмцэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу? Арваад жилийн өмнө дөө, би Чойжамц хамбатай ярилцаж байсан юм. “Монголд олон шашин нэвтэрч байна. Тэд хүмүүст ойлгомжтой хэлбэрээр ажиллаж, мультифильм үзүүлээд л, ном хэвлэж тараагаад л байна. Та нар ингэж болдоггүй юм уу” гэж асуусан чинь манай эр ингэж хэлсэн л дээ. “Үгүй ээ, Амараа. Бурхан багшийн хэлсэн үг байдаг юм. Хүмүүст савны хэмжээнд нь тааруулж харьц гэсэн үг байдаг юм” гэж. Нээрээ л савны нь хэмжээнд тааруулж ярих ёстой ч заримдаа эргэлздэг. Үгүй, яагаад би ярилцаж байгаа хүнийхээ савны хэмжээнд тааруулах ёстой юм бэ, харин тэр хүнийг өөрийнхөө савны хэмжээнд татаж ярих ёстой юм биш үү гэж боддог. Энэ зарчмаа хэрэгжүүлэх гээд хичээгээд л байгаа ухаантай. Энд тэнд лекц унших, уулзалт хийхдээ доошоо буухгүй гээд үзээд л байдаг. Гэтэл хорин жил өнгөрөхөд одоо би өөрөө тэнэг харагдаж эхэлж байна. Тэгсний оронд гоё яриад л, зарим нэг улстөрч шиг юмыг харж байгаад шууд л нэг бол хар, нөгөө бол цагаан гээд хэлчихдэг баймаар санагдах юм. Тэр нь хүнд их амархан хүрч байгааг яана. Өөр юм бодох шаардлагагүй, шууд хар, цагаан гээд харчихна. Хүмүүсийн хамаг толгойн өвчнийг нь аваад хаячихаж байна. Гэтэл мань мэт шиг амьтан хажуугаас нь ороод “Хар ч биш, цагаан ч биш саарал. Тэр завсар, улаан байгаа, ногоон байгаа, шар байгаа, тэд давхцахаар дахиад өөр өнгө гарч ирнэ…” гээд л түмэн юм яриад байх ядаргаатай санагдана биз. Энэ олон өнгийг харж байж юмыг бүхлээр нь ойлгоно, тэгж байж амьдралын зүй тогтол, үнэн байдлыг олж харна гэж хэлэхээр дахиад л “тэнэг” болчихоод байх юм. Ийм нэг тэнэг дурак сууж л байдаг юм гэж харагдахаар олиг байна уу. Тэгэхээр яах ч ёстой юм бэ.
-Цаг үе бүрт өөрийн үнэлэмж байх шиг байдаг. Тэр бүрийг тусгаж авч та өөрөө өөрчлөгдөх, эсвэл өөрийнх дээр бат зогсох хоёр замын тухай л яриа байгаа юм биш үү?
Continue reading →