УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа төсвийн тодотголтой холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт: “Цаашдаа Засгийн газар цалинг нэмэхдээ олон нийтэд зарлахгүйгээр хийж байя гэсэн зарчим баримталж байна” гэжээ. Сюрприз. Нэг мэдэхэд цалин нэмэгдсэн баярт мэдээ угтах нь л дээ. Хамаагүй цочир баярлуулж болдоггүй л гэдэг юм билээ. (http://politics.news.mn/content/9963.shtml)
Цалин нэмэх нь инфляцийг хөөрөгдөнө гэсэн ойлголт байдаг л даа. Үүнийг “cost-push” инфляци гэдэг. Цалингийн өсөлт зардалд шингээд бараа үйлчилгээний өртөг үнэ өснө, улмаар инфляци нэмэгдэнэ гэж үздэг. Гэхдээ эл утгаар сайд яриагүй бололтой.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай ярьж байсан бол өөр хэрэг. Тэгсэн ч гэсэн жишээ нь, төсвийн ажилтны (хэрвээ тэр цалингаасаа өөр орлогогүй бол ?!?) өрхийн орлого сүүлийн гурван жилд бараг нэмэгдээгүй, хуримтлагдсан инфляцийг давхар тооцвол харин ч бодит орлого нь буурсан. Ер нь ДНБ-нийг бүрдүүлэгч хөдөлмөрийн эзлэх хувийн жин ямар динамиктай байгааг судлаад үзмээр байгаа юм.
Ер нь инфляци гэдэг маань хийсвэр ойлголт. Тодорхой бараа үйлчилгээний үнэ бүрийн жигнэсэн, дундчилсан нийлбэр юм. Гэхдээ инфляци хэдэн оронтой байхыг тодорхойлдог фундаменталь хүчин зүйлс бий л дээ. Инфляцийн учир шалгааныг мөнгөний нийлүүлэлтээр илэрхийлэгдсэн эрэлтээр бас нийлүүлэлт талаас тайлбарладаг.
Жишээ нь, талхны үнэ нэмэгдлээ гэж үзье. Тэгвэл худалдан авах талхны тоо цөөрнө. Хэрвээ хэрэглээгээ хэвээр үлдээнэ гэвэл бусад бараа үйлчилгээнийг хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй болно. Тэхлээр тухайн өрхийн хэрэглээний бүтцээс маш их зүйл хамаарна. Баян чинээлэг айлын өрхийн төсөвт хүнсний зүйлийн хувийн жин бага харин ядмаг өрхийн төсөвт дийлэнхи хувийг эзлэдэг. Тиймээс инфляци чухам хэнд яаж нөлөөлөх тооцохын тулд хүн амын давхрага бүрт харгалзуулах ёстой юм.
Харин өрхийн орлого нэмэгдэх хирээр хэрэглээний бүтцийн өөрчлөлт гарна. Эл өөрчлөлт нь дэвшилт өөрчлөлт юм.
Гэхдээ мөнгө нь байхад нийлүүлэлт байхгүй, бидний үеийнхэн сайн мэдэх хомсдолын эдийн засаг гэж бий. Эрэлт нь байгаад байдаг бараа үйлчилгээ нь байхгүй. Сайдын цалин нэмэхийг ил зарлахаас айгаад байгаа учир шалтгаан энд байгаа юм шүү дээ. Эдийн засгийн хоцрогдсон бүтэц, уламжлагдсан хомсдолын тогтолцоонд асуудал байгаа. Эрэлт нь байхад нийлүүлэлтийг шуурхай хангаж чадахгүй байгаа эдийн засгийн бүтцийг л өөрчлөх хэрэгтэй. 20 жил өөрчлөөд өөрчлөөд хомсдолын эдийн засгийн тогтолцоо бүтцээс бид салж чадаагүй байгаа юм. Хомсдолын эдийн засаг: авилга, улс төржилт, хүнд суртал гм өнөөгийн бүтэл муутай олон зүйлийн тайлбар эндээс олдоно.
Тиймээс инфляцийн хүлээлтээс Сангийн сайд айж байгаа нь зөв. Цалин өснө гээд үнэ өсгөх, үнэ өснө гээд цалин нэмэх гэсэн эцэс төгсгөлгүй урвал. Миний ажиглаж байгаагаар инфляцийн хүлээлт нэгэнт л бүрдсэн бол үнэ заавал өсдөг болжээ. Монголбанкинд итгэхгүй байна гэсэн үг л дээ. Цалин нэмэгдэх нь үнийн өсөлтийг өдөөхгүй гэсэн баталгааг Монголбанк, Засгийн Газар өдий болтол гаргаж чадаагүй учраас Сангийн сайд нууцаар “олон нийтэд зарлахгүйгээр хийж байя гэсэн зарчим баримт”-лах юм байна. Энэ бол Монголбанк, Сангийн яам “импотент” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг л дээ.