Ийм харалган бодлогоос их зүйл горьдох хэрэггүй

 

Өнөөдөр сонины 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №095 /6088/ дугаарт ярилцлага өгснөө та бүхэнд хүргүүлж байна.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Таны харж байгаагаар эдийн засаг ямар бүтэц, загвартай болчихоод хямраад байна вэ?

-Өнөөгийн үүссэн нөхцөлийг би цөөн зүйлээр томьёолдог. Нэгдүгээрт, уул уурхайн эдийн засагтай болчихлоо. Уул уурхайн эдийн засаг өвөрмөц онцлогтой. Зөв бодлого хэрэгжүүлбэл улс орныхоо эдийн засгийг тэлээд, төрөлжүүлээд, орчин цагийн хэлбэрт оруулчихдаг. Буруудвал “Буруу замаар будаа тээнэ” гэдэг шиг л болгодог эд. Улс орнууд буруу замаар явснаа “Голланд өвчин” туссан, “Баялгийн хараал”-д нэрвэгдсэн гэж нэрлээд байгаа хэрэг. Буруу замаар явж буй нь нийгэм, эдийн засагт бутрал, хагарал бий болж байгаагаар илэрдэг. Элдэв үймээн самуун тасрахаа болино. Авлига дээд цэгтээ хүрнэ. Эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Байгаль орчин доройтоно. Ёс суртахууны ялзрал хүртэл манай нийгэмд газар авч эхэллээ. Өр өсөж байгааг бүр ч ярилтгүй. Эдийн засгийн хоцрогдол, өрөөсгөл бүтэц улам нэмэгдэж байна. Эцэстээ нийгмийн ялгарал газар авлаа. Аливаа баялаг, өмч, түүн дотроо байгалийн баялаг тодорхойлолтоороо улс төрийн тэмцлийн орон зай болдог. Монголын нийгэмд өрнөж буй үйл явцыг том зургаар нь харвал байгалийн баялгийн менежментийг хэн хийх вэ, хянах вэ гэдгийн төлөө л тэмцэлдээд байна. Нам болж үзэлцлээ. Хэтэвч нэгтэй бүлэглэлүүд болж үзэлцэж байна. Энэ л үйл явцаас түрүүнд хэлсэн бүх алдаа үүссэн. Асуудлыг ийм өнцгөөс харах хэрэгтэй. Хоёрдугаарт, угтаа уул уурхай эдийн засгийг сэргээгээд, босгоод, Монголын ирээдүйг баталгаажуулах хүчин зүйл мөн үү, биш үү гэдгийг бодолцох ёстой.

-Уул уурхай бидний ирээдүйн баталгаа болж чадах уу?

-Би хувьдаа тэгэх боломж бий гэж үздэг. Юу дутаад байна гэхээр энэ талаар нэгдсэн ойлголт алга. Уул уурхайн сайн, муу тал нь аль вэ, хэзээ улстөржүүлэх ёстой, хэдийд нь болохгүй вэ гэдэг талаар шийдвэр гаргадаг “гол тоглогч” нар нэгдсэн ойлголттой болоод, хэрэгсэл болгоод ашиглавал нийгэмд үр өгөөжөө өгнө. Ингэж чадахгүй бол “Голланд өвчин” тусаж, “Баялгийн харуул”-д нэрвэгдэнэ. Гуравдугаарт нь бас нэг хүчин зүйл бий. Уул уурхай гадаадын хөрөнгө оруулалт шаарддаг. Эхний ээлжинд жижиг компаниуд хөрөнгө оруулаад, төслөө зарж, томцуул нь орж ирж байна. Манай улс ч үндэстэн дамнасан корпорацуудыг оруулж ирээд, эдийн засгийн орон зайгаа тэлэх сонирхолтой байгаа нь зөв. Энэ бол гарцаагүй баримтлах ёстой бодлого. Гэхдээ нэг сонин зүйл бий. Юу вэ гэхээр гадаадын том компаниуд Монголын улс төрийн амьдралд хүссэн, хүсээгүй оролцоод эхэлчихэж байгаа юм. Орж ирэхээсээ өмнө энийгээ янзал, тэрийгээ өөрчил гэсэн шаардлага тавьдаг. Засгийн газраараа дамжуулаад, өрөөл бусдаар хэлүүлээд янз бүрийн шахалт үзүүлж байгаад Монголын эдийн засгийг өөрсдөдөө тааламжтай хэлбэрт оруулдаг. Тэгээд орж ирэхээрээ зохицуулалт шаардана. Усаа төд, газраа төдөн жил ашиглуул гэж шаарддаг. Тэдний энэ үйл ажиллагаа нь манай улс төр, бизнесийн элитүүдийг хуваачихдаг байхгүй юү. “Хуваа, задал, бутарга, тэгээд захир” гэсэн эртний Ромын зарчмаар ажиллаж байна гэсэн үг. Гадаадын том корпорацуудын иймэрхүү нөлөө Монголд бий. Бид тэндээс илүү ухаантай, арга замаа мэддэг байж, залж чиглүүлэх учиртай. Дараагийн бас нэг том асуудал бол парламентийн ардчилалтай нөхцөлд улс төрөө тогтвортой байлгах арга зам юм. Амлалтаа биелүүлэх гэсэн ганц арга зам бий. Тодруулбал, сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлж байж улс төр тогтвортой байна. Уул уурхайд тулгуурласан улс төр бол тодорхойлолтоороо тогтворгүй. Яагаад гэвэл, уул уурхайн түүхий эдийн үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үнэ дагуулж өгсөн амлалт биелэхгүй байх магадлалтай. Иймээс л улс төрийн тогтвортой байдал бүрдэхгүй байна. Яаж үүнээс ангижрах вэ гэдэгт тархи толгойгоо гашилгах хэрэгтэй. Бодлого боловсруулах хүмүүс цалин аваад Төрийн ордонд дүүрэн байна. Бүх яам, агентлаг, аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд үүнийг бодож байх ёстой. Гэтэл тэд үүнийгээ мэдэж, мэдэрч, олж харж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Уул уурхайд тулгуурласан том эдийн засгийг удирдан залахад гео эдийн засаг, санхүү, социологийн гэх мэт маш өндөр мэдлэгтэй мэргэжилтэн хэрэгтэй. Санхүүгийн нөөц хэрэгтэй. Энэ хоёрыг шийдсэн тохиолдолд улс орныг цааш нь аятайхан аваад явчихна. Шийдэж чадахгүй бол горьдох хэрэггүй.

Цааш нь уншихИйм харалган бодлогоос их зүйл горьдох хэрэггүй

Авлига Mонголд

Авлигын талаарх иргэдийн хандлагыг эргэцүүлэхэд сонирхолтой зүйл ажиглагдана.

1990-ээд оны үед Монголын нийгэм шинэ тогтолцооруу шилжих гэж завгүй байлаа. Бөөн бөөн боломжууд гарч, шинээр бүрэлдэж буй зах зээлийн эдийн засаг үр ашиггүй төрийн өмчөөс хувийн хэвшлийн тогтолцооруу шилжихийг шаардаж байв.

Шилжилтийн энэхүү үйл явцыг хэрэгжүүлэхдээ коммунист гэгдэж байсан орон бүр нийгмийн бүх салаа мөчир, түвшиндээ алдаж эргэж буцаж байсан даг. Авлигын хэргүүдийн талаар хэвлэл мэдээллээр удаа дараа гарч байсан ч иргэд нэг их ойшоохгүй, тайвнаар хүлээн авч байсан. Нэг хэсэг нь амьжиргаагаа залгуулахын төлөө зүтгэж байсан бол нөгөө нь шинээр үүссэн боломжуудыг ашиглах гээд завгүй байв. 1990-ээд онд нийгмийн сэтгэл зүйг зовоож байсан асуудлыг харвал голдуу амьжиргааны түвшин доройтсон, боловсрол муудсан, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг байлаа.

Цааш нь уншихАвлига Mонголд

Төсвийн бодлогоор бодит эдийн засгийг хөл дээр нь босгох цогц арга хэмжээ хэрэгтэй.

Ринчиннямын Амаржаргал /МҮХАҮТ-ын эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх/

Твиттер, бусад сошиал медиагаа нээгээд хамгийн эхэнд юу хардаг вэ? Тэр нь юу тренд (өөрөө өөртөө чиг баримжаа, хандлага, нэг хэсэгтэй л олны амны “зугаа” болох сэдэв гэж орчуулаад байгаа юм) болж байгааг анзаардаг биз. 2017 оны талаар нэг юм бичээд өгөөч гэхлээр ямар үзмэрч биш юу бичдэг юм гэж бодож байсан хэдий ч амласан болохоор гарцаагүй л нэг зүйл бичих ёстой боллоо. Тэхээр 2017 онд чухам юу тренд болохыг тоочвол бараг болох юм байна гэж үзсэн учраас зарим нэгэн таамгаасаа хуваалцмаар санагдав.

Юм ном ёсоор өрнөвөл улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэх учиртай. Энэ утгаар шийдвэрлэх жил ч гэж хэлмээр. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монополит капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.

Нөхцөл байдал амаргүй байх учраас шинээр сэтгэж, зоригтойхон, ажиллахгүй бол болохгүй. Ёстой нөгөө стандарт бус шийдэл сэтгэлгээ хэрэгтэй болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бус нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ сэтгэлгээ шаардах юм. Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн жилүүдэд амслаа.

Энд дурдсан бүгдийг задлаад эхэлбэл хэдэн боть судалгааны ажил бичих хэрэгтэй болно биз. Тиймээс гарч байгаа онд бидний амьдрал ахуйг тодорхойлох хүчин зүйлээс онцлон дөрвөн санаа хэлье.

Цааш нь уншихТөсвийн бодлогоор бодит эдийн засгийг хөл дээр нь босгох цогц арга хэмжээ хэрэгтэй.

Моодноос гараагүй

Өөрөө ил цагаан амбийцалахгүй хэрнээ улс төрд сураг чимээ алдрахгүй, нүүр нь харагдахгүй ч нэр ньдуулдаад байдаг эрхмүүд байдаг. Ийм хүмүүсийг нөлөө нөөлөг их гэх үү, эсвэл олж авсан орон зай нь том гэж тодорхойлмоор ч юм уу. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал. Тэр ихэнхдээ анир чимээгүй талдаа. Харин хааяа том дуугардаг. АН-ыг эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жил албан тушаал, ашиг сонирхолзэргээс холуур тойрно. Уг нь тэр АН-д байтугай хэрэгтэй “зайран” мөнөөс мөн. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан зангараг, туршлага эзэмшсэн эдийн засагч мэргэжлийнхээ эн чадлаар магнайд нь биш юмаа гэхэд цээжинд давхих “морьд”-ын нэг. Гэхдээ нам нь энэ бүхнийг нь үнэгүйдүүлчихсэн болохоор тэр үү, 2013 онд УИХ-ыг гишүүнээсээ татгалзах хүсэлтээ намын дарга З.Энхболдод өгч байсан удаатай. Ил хэлж байгаа учир шалтгаан өөр ч цаана нь гоморхол гомдол байсан байх.

Цааш нь уншихМоодноос гараагүй

Эдийн засгийг тогтворжуулан улмаар тогтвортой хөгжүүлэх асуудалд: цөөн санаа

Ойрын зорилт

Эдийн засгийн үндсэн тэнцвэрийг бүрдүүлэн, тогтвортой өсөлтийг хангах.

  1. Макро тогтвортой байдал эдийн засгийн өсөлтийн хөрс болно.
    1. валютын ханш, хэрэглээний зах зээлийг тэнцвэржүүлэн зохистой хүлээлт үүсгэх
      1. капитал зугтахаас сэргийлсэн цогц арга хэмжээ нэн даруй авах
      2. гадаад худалдааг төгрөгөөр хийх бололцоо бүрдүүлэх: своп
    2. дотоод зах зээлээ хамгаалах зохих хэмжээний протекционизм хэрэгжүүлэх,
    3. хөдөлмөрийн зах зээлээ ориентир болгон шийдвэр гаргах
      1. Хэрэглээний болон ипотекийн зээлийн хүүг бууруулах: алслагдсан орон нутагт ипотекийн зээлийг хүүхдийн тоотой уялдуулах
      2. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тууштай нэмэх: ажиллах хүчнийг чанарт анхаарал хандуулах
      3. хүнсний ногоо тарихад газар олгох
    4. мөнгөний болон сангийн бодлогын уялдааг хангах механизм бүрдүүлэх: магадгүй макро болон хөгжлийн асуудал хариуцсан тэргүүн шадар сайдтай болох
    5. дампуурлын тухай хуулийг бүрэн ашиглах,
    6. Төсвөөс санхүүждэг паразит шинжтэй аж ахуйн нэгжийн бизнесийг халах: ялангуяа нийгмийн халамжийн салбарт.

2. Хөгжлийг түрэх институт үүсгэх бэхжүүлэх

  • өмчийн эрхийг хамгаалах, хэлцлийг хүчээр хангах маш тодорхой эрх зүйн орчин нэн яаралтай бүрдүүлэх: ажил хийлгээд мөнгийг нь өгдөггүй байж огт таарахгүй
  • татварын багц хуулийг батлан мөрдөх
    • ЭША, судалгааг татвараас чөлөөлөх
  • төслийн санхүүжилтийг өргөн нэвтрүүлэх: салбарын бодлого нь урт хугацааны хөнгөлттөй зээл, төслөөр дамжин хэрэгжих
  • санхүүгийн зах зээлийг либералчлах, татварын онцгой нөхцөл бүрдүүлэх: merger, acquisition дэмжих
  • Нийгэмд эв эе толерант уур амьсгал бүрдүүлэх
  • төр засаг хариуцлагаа, үйл ажиллагааны алдаа дутагдлаа хувийн сектор бусдад тохохоос шийдвэртэй татгалзах, бүрэн халах: ямар нэгэн шатандаа аль нэгэн дарга шийдвэр гаргасан л байгаа
  • хөдөлмөрийн харилцааг шинэ шатанд гаргах: үр ашиг шударга зарчимч байдал: ер нь бол хулгаач нар төрийн ордон, яам тамгийн газар биш шоронд суух ёстой.
  • оюун өмчийн чиглэлд сэнхрүүлэх гэгээрүүлэх чиглэлийн ажлыг системтэй явуулах
  • сайд дарга нарыг томилохдоо: салбарын онцлог гэж байдаг гэдгийг анхаарах жишээ нь, бөөний худалдаа жижиглэнгээс өөр, малын туувар үр тариа тарихаас өөр гэх мэтчилэн анхаарах

Ер нь бол Эдийн засаг нам дамжсан олигарх, номенклатурын хяналтад бүрэн шилжсэн дээ. Нийгмийн үнэлэмж эрс доройтож бараг ёроолдоо хүрсэн дээ.