Тавантолгойг дараагийн УИХ-д шилжүүлж болно

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай Тавантолгой төсөл, мөн намын гишүүддээ хандаж бичсэн захидлынх нь талаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын боловсруулсан Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж 40 гишүүн гарын үсэг зурсны нэг нь та. Дэмжсэн үндэслэл нь яг юу вэ. Төсөлд туссан заалтуудыг харахаар амаргүй нөхцөл шаардаж байгаа. Жишээ нь, төмөр замын суурь бүтцийн 51 хүртэл хувь, Тавантолгой ордын 51 хүртэл хувиа төр эзэмшье гэх. Эдийн засаг хямарчихсан үед төр эзэмшил хувьдаа хөрөнгө гаргах боломж байхгүй. Үүний оронд гэрээ байгуулах компани нь хөрөнгөө 100 хувь гаргаад төр татвараа аваад явах нь зөв хувилбар биш үү?
-Өөрийн чинь хэлээд байгаа Тавантолгойн ордоо 100 хувь хөрөнгө оруулагчид өгчихье, улс хэдэн төрлийн татвар байдаг юм түүнийгээ авъя гэдэг санаа бол нэг хувилбар нь. Байж болох хувилбар. Гэхдээ сүүлийн хэдэн жил өрнөсөн үйл явдлыг харахаар Тавантолгой ордыг нэг компани хөдөлгөж явуулах боломжгүй байгаа. Гайхамшигтай шийдэл олсон ч явуулж чадахгүй. Бусад нь хүлээн зөвшөөрөхгүй. Яасан гэж нэг компани онцгой эрх эдэлдэг юм, бусад нь заавал оролцох ёстой гэсэн байр сууринаас хандаж гацааж ирсэн. Ийм тохиолдолд шийдэл хэрэгтэй. Тэгэхээр дундын хувилбар л олох ёстой юм шиг байгаа юм. Тэр нь төрийн төлөөлөл байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь ард иргэдэд ногдож байгаа 1072 ширхэг хувьцааг төлөөлж оролцох юм гэсэн энэ хувилбар зөв юм болов уу. Би энийг төгс төгөлдөр хувилбар гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ л дундын хувилбар олохыг оролдсон учраас дэмжсэн. Олон нийт санаа оноогоо дэвшүүлээд явж байна, зөв шийдэл гарна л гэж бодож байна.

Цагийн юмыг цагт нь хийж чадаагүй, үнэ хүргэж чадаагүйн зовлонг бид одоо үүрч байна. Гэхдээ энэ бас хамаг юм зогсоод, Монголын нүүрс ямар ч ирээдүйгүй, ач холбогдолгүй болж хоосон хоцорлоо гэж сандрах хэрэггүй. Нүүрсээ дахин боловсруулах, баяжуулах, бусад нүүрстэй хольж нефть химийн үйлдвэр байгуулах. Орчин үеийн техник технологид тулгуурласан шингэн түлш гаргаж ирэх юм бол хүрэн нүүрс гэдэг юм уу, металлургын төмөрлөгийн коксжсон нүүрс гэснээс илүү чанартай нүүрс дараагийн шатандаа гараад ирэх бололцоо бий. Тэрийг ч бас бид давхар бодох ёстой.
Ерөнхий баримталж байгаа зарчим маань бол уул уурхай Монгол Улсыг хөгжүүлэх ёстой, Монголд хөгжил дэвшил авчрах учиртай. Тэрнээс Монголыг хагаралдуулах, бутаргах, улс хооронд асуудал үүсгэж болохгүй. Хэрвээ эрх барьж байгаа хүмүүс өнөөдөр шийдэл олж чадахгүй байгаа бол дараагийн долоо хоног руу, дараагийн сар руу, дараагийн жил рүү, дараагийн парламент руу шилжүүлж болох шүү дээ.

-УИХ тодорхой шийдвэр гаргаж чадахгүй явснаас Тавантолгойн нүүрс өнөөдөр үнэгүйдчихлээ. Хугацаа алдах нь илүү хохиролтой тусахгүй юу?

-Мэдээж цаг тухайд нь шийдвэрээ гаргасан бол ашигтай байсан. Ялангуяа нүүрсний супер циклийн үед нэг тонн нь 200 ам.доллар хүрч байсан тэр үед ашиглалтад оруулсан бол ашигтай л тусах байсан. Өнөөдөр зах зээлийнх нь үнэ ханш уначихлаа.

Цааш нь унших

Ардчилсан намын гишүүдэд хүргүүлэх ил захидал

2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын чиг баримжаа бүхий таван нам нэгдэж, Монголын Ардчилсан нам хэмээх үндэсний хэмжээний улс төрийн хүчнийг үүсгэн байгуулсан юм. Түүхт энэ өдрийн мэндийг намын нийт гишүүд, дэмжигчдэдээ хүргэж мэндчилье.

Өнгөрсөн 15 жилийн түүхэнд ололт, амжилт олон байгаа нь маргаангүй. Ялангуяа дунд, анхан шатанд чармайн зүтгэсэн гишүүд маань  хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр энэ өдөртэй  учран уулзаж байгаа нь олзуурхууштай. Гэсэн хэдий ч Ардчилсан нам маань өнөөдөр дээрээсээ эхлээд бүхэлдээ ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэх чадваргүй болтлоо сульдсан нь бас үнэн юм. АН амьгүй мэт болсон нь намын гишүүд, дэмжигчид одоогийн төр засгийн, улс төрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаас харагдана. Саяхан нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар АН тодорчээ. Намын нэрийн өмнөөс дарга нарын яриад байгаа зүйлд жирийн гишүүд, дэмжигчид нөлөөлөх санал шүүмжлэлээ илэрхийлэх боломж алга.

Ардчиллын төлөөх намуудын нэгдлийн Их хурал дээр “АН цаашдын үйл хэрэг, үзэл баримтлалдаа хувь хүний сонирхлыг татах, хоосон амлахгүйгээр амьдралд нийцсэн бодлого хэрэгжүүлэх, давуу талаа зөв сурталчлах, эрх зүйт нийгэм байгуулах, үндэсний аюулгүй байдал, байгаль орчны асуудалд онцгойлон анхаарах ёстой” гэж тухайн үедээ хамгийн том нь болох МҮАН-ын даргын хувьд миний хэлсэн үг, зорилго бүр сураг алдарчээ. Бид өөр, буруу замаар явчихлаа.

Тийм учраас миний бие энэ өдөр иргэд, олон нийт, АН-ын гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцах, мөн шийдэл гарц хайх ёстой гэж үзэн байр сууриа ийнхүү бичиж байна.

Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л үгээр хариулж болно. “Шуудайд хийсэн үхрийн эвэр” адил байгаа. Ер нь улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлөөс хоцрогдож, нийгмээ хойш нь татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зүхэж байна. Намын загвар хуучирч, хатуу гишүүнчлэлгүй, гишүүнгүй нам байгуулах, намуудыг татан буулгах тухай ч нийтээр ярьдаг боллоо. Ерөнхийлөгчийн зүгээс арай  дэвшилтэд санаа бүхий Улс төрийн намуудын хуулийн төсөл санаачилсан ч дэмжлэг олох янзгүй.  Тэр ч байтугай намууд маань хүчний байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокуророор улс төрийн шинжтэй шийдвэр гаргуулах замаар монгол төрийн институцүүдийг улс төржүүлж, иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, талцуулж байгаа нь туйлын харамсалтай.

Мэдлэг, боловсролтой залуусаа тордож, хөгжиж дэвших боломжийг тас хааж, АН хэдхэн хүний ХХК адил, ваакуумд орлоо. Намынхаа хаалга, цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэр нүүрээр Монгол төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй зорилго бүхий бүхэл бүтэн нэг үеийг бий болгочихоод байна. Ардчилсан нам “ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн улстөрчид, тэдний фэн, аялдан дагагчдын (фракцын) пирамид бүтцийг хэрэгжүүлж байна. Хүчтэй фракц байгуулж намаа нэгтгэх гэсэн оролдлого явцгүй гэдгийг бид өнөөдөр харлаа, биеэрээ мэдэрлээ.

Иймд, алдаагаа засахын тулд цаашид яах вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн хариу шийдэл гаргана биз.  Миний хувьд дээр дурдсан зүйлүүдийг үндэслэн Ардчилсан намын, мөн Монголын улс төрийн төвшинд хэд хэдэн шийдлийг санал болгож байна.

  1. АН нь төрийн эрхийг авахын төлөөх бүлэглэл бус, иргэдийн өргөн оролцоог төрд хангадаг ГҮҮР байх уян хатан загварыг сонгох цаг болсон.
  2. Гишүүдээ нэгэн зорилгод зангидах үзэл санаа, үнэт зүйлсээ өргөн хүрээнд хэлэлцүүлж, дахин тодорхойлох замаар АН-ын улс төрийн үзэл баримтлалыг шинэчлэх нь зүйтэй юм. Намын дүрэм, зорилт, зорилгоо бүгдийг шинэчилж, Намын Их хурлыг жил бүр хийдэг болох. Их хурлаар намын даргын асуудлыг заавал хэлэлцдэг, сонгодог болох. Ажлаа сайн хийж олны итгэл хүлээвэл дахиад сонгогдоод яв. Зоригтой өөрчлөлт хийе. Нийгмийг чиглүүлье гэж байгаа бол өөрсдөө эхлээд шинэчлэгдье.
  3. Ардчилсан намын нэрийн өмнөөс алба хашиж байгаа хэрнээ олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаж буй, өөрөө муу имижтэй хүмүүс сайн дураараа намаас татгалзах хэрэгтэй байна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэсний дараа намдаа дахин элсэх боломж нь нээлттэй. Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн нягтарсан нэг цөм болох ёстой. Нам дотор буй эрээвэр хураавар, дайвар хүмүүсийг шахан гаргах замаар намдаа “их цэвэрлэгээ” хийх цаг болсон.
  4. Ардчилсан нам үлгэр жишээ байх ёстой. Ардчилсан намаас ардчилал өөрөө хэрхэн “амьдарч”, хэрэгжиж, хүчтэй байдгийг иргэд олж хардаг газар байх ёстой. Үүний эхлэл нь Ардчилсан намын санхүүжилтийг ил тод, олон нийтэд нээлттэй болгох ажлыг цаг алдалгүй эхлэх явдал юм.
  5. Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа улс төрийн намуудыг татан буулгах, шинээр эмхлэн байгуулж бүртгэн Монголын улс төрд цоо шинэ хуваарилалтыг хийх нь зөв бололтой. Нэгэнт ийм өөрчлөлт хийвэл залуучуудад орон зай нээгдэх юм. Үүнийг АН эхлүүлж, манлайлъя.

Журмын нөхөд өө, Ардчилсан нам өөрөө ардчиллын этальон, амьд загвар болж чадсан цагт олон түмнийг дагуулна. Эс бол нийгмээсээ хоцрогдож хямралаас салахгүй, эсвэл тарна. Шинэ цагийн эрэлт хэрэгцээг хангасан үзэл санаа, түүнийгээ хэрэгжүүлж чадаж байж  бусдыг дагуулна. Зөвхөн сонгуульд сайн оролцоно, МАН-аас хэдэн санал илүү авах зорилт бол тун богино хараа. Өмнө нь Ардчилсан намын дотоод дүрэм, бүтцийг шинэчлэх оролдлого цөөнгүй удаа гарсан ч тэдгээр нь косметик төдий “шинэчлэлт, өөрчлөлт” болж хувирсан.  Одоогийн Ардчилсан намын суурь зарчим, тогтолцоо, зорилго, шийдвэр гаргах процесс нь намын гишүүд хийгээд иргэд олон нийтийн хүсэл эрмэлзлээс алсарсан учир компьютерын үйлдлийн системийг форматлаж /format/reset/ цоо шинийг суулгадаг шиг “Ардчилсан Нам 2.0” үйлдлийн системийг нэн яаралтай суулгах шаардлагатай байна. Иргэд 25 жилийн өмнөх гавьяаг мөнхөд хараад суухгүй. Одоо Монгол Улс өөр шинэ улс төр,  шинэ намыг шаардаж байна. Хэрвээ бид намаа шинэ түвшинд гаргаж чадахгүй бол улсаа ч бас чадахгүй. АН-ын төлөө Монгол Улс биш, Монгол Улсынхаа том эрх ашгийн төлөө АН оршин байгаа юм гэдгээ ойлгоцгооё.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон:

МҮАН дарга асан Р.Амаржаргал

2015-12-06

Ямар сайндаа л З.Энхболд дарга “хохь чинь” гэж хэлж байх вэ дээ

www.itoim.mn сайтад ярилцлага өглөө.

-Ирэх жилийн төсвийн төсөл, энэ жилийн төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Хэр сайн төсөл оруулж ирсэн гэж дүгнэж байна вэ?

-2012 онд төсөв хэлэлцэж байхад, би төсөв гэж юу юм, хэрхэн унших, яаж анализ хийх ёстой вэ гэдгийг ширхэг ширхэг нь задлаад аргачлалыг нь зааж өгсөн. Угаасаа сонгуулийн жилийн төсөв улстөржсөн байдаг. Орж ирсэн төсвийн төслийг харахад ямар нэгэн бодлого бариагүй, тооцоолсон зүйл огт харагдахгүй байгаа юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр төсвийн талаар байр сууриа илэрхийлж, зах зухаас нь ярьсан. Нэгдүгээрт, 3000 төрийн албан хаагчийг ажлаас нь халах төсөв оруулж ирсэн. 3000 төрийн албан хаагчийг ажлаас нь халдаг юм байж. Ингээд ямар асуудал шийдэх гээд байгаа юм. Төрийн аппарат их том болчихжээ. Үүнийг хасах ёстой гэсэн юм яриад байна. Энэ нь өөрөө аргумент болж чадах уу. Анх төрийн албыг хэн данхар болгосон юм бэ. Өөрөө гай тарьчхаад, бусдын алдааг засч байгаа мэт дүр эсгэх хэрэггүй . Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал өөрийнх нь хийсэн ажлын гай шүү дээ . Хоёрдугаарт төр, засаг гэсэн ойлголт дээр бид ямар шалгуур тавих ёстой вэ. Эд бол төрд том, жижиг гэсэн шалгуур тавьж байна. Үүнийгээ мундаг ухаантай бодит байдлыг илэрхийлж байна гэж ойлгоод байна. Шалгуураа буруу тогтоочихсон учраас гаргаж байгаа дүгнэлт, гаргалаа нь бүгд буруу болоод байгааг хэлсэн. Хэрвээ төрд том, жижиг гэдэг шалгуур байдаг бол өргөн, нарийн гэсэн шалгуур бас оруулж ирье. Тэгээд хэмжээд үзье. Өндөр төр сайн, намхан төр муу юм байна гээд хэмжээд явна гэсэн үг үү. Тэгэхээр төрд тийм шалгуур байж болохгүй. Төр, гүйцэтгэх засаглал нь үр ашгийн л тухай асуудал. Төр, түүний нэг элемент болж байгаа гүйцэтгэх засаглал ялгаа байхгүй ард иргэдийн ажил амьдралыг боломжийн сайхан байлгах л гол үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргээ биелүүлэх чадамжтай юм уу, үгүй юу гэдэг шалгуурыг гаргаж ирэх ёстой. Түүнээс биш, төрийн аппарат 30 мянган хүнтэй байна уу, 300 мянган хүнтэй байна уу огт падгүй. Иргэн Дорж, Дуламаагийн эрэлт хэрэгцээ, амьдрал ахуйг нь хангаж байгаа эсэх нь л гол шалгуур байх ёстой. Гэтэл том, жижгээр шалгуур тавиад хасна, танана гэж ярьж байгаа нь, төсөвт хандаж байгаа хандлага нь буруу болчихоод байна. Энэ нь өнөөдөр төр залж байгаа хүмүүс шал буруу категориудыг ашиглаж, гаргалгаа гаргах гэж оролдож байна. Нэгэнт суурь нь буруу болоод явчихаар үүнийг яаж шүүмжилж, юу ч ярих юм. Гуравдугаарт далайд дусал нэмэр, эдийн засаг хэмнэлттэй байх ёстой гэсэн ойлголт байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нөгөө талаар эдийн засагт бас нэг ойлголт байдаг нь үр ашгийн тухай юм. Энэ нь ямар асуудлыг хэрхэн шийдэж байна вэ гэдгээ бодох ёстой. Өөрөөр хэлбэл, 3000 хүний асуудлыг улсын төсөвт аваад үзвэл 0.00001 ч хүрэхгүй. Ийм л хэмнэлтийн талаар ярьж байна. Энэ нь хэмнэлт юм шиг хэр нь нөгөө талдаа эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулах үйлдэл. Ер нь хэнийг халах вэ. Хэрвээ 3000 хүнийг халбал хамгийн чадалтай, гайгүй ажлаа мэддэг, төрийн алба залгуулж чаддагийг нь л хална. Харин даргын цүнх барьж, ам хамрыг нь арчиж гүйсэн нөхөд халагдахгүй. Ийм жаахан хэмжээний хэмнэлт гаргаж төрийн албаа сулруулдаг нь ямар учиртай юм бэ. Орлого, зарлага хоёр нь сүрхий баланслахгүй. Харин ч төрийн албыг бужигнуулаад хаячихна. Дээр нь бүтцийн өөрчлөлт хийнэ гэвэл самраад хаячихна гэж бодож байна. Мөн халагдаж байгаа хүмүүс толгой дараалан ипотекийн зээлд хамрагдсан. Зээлтэй хүмүүс ажилгүй болчихоор зээлээ төлж чадахгүй байдалд хүрнэ. Энэ нь барилгын салбар, арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ. Манай санхүүгийн зах зээл ямар байгаа билээ. Ингээд гинжин холбоогоор бүх салбараа бүр хүнд байдалд оруулах зүйл хийж байна. Төсөв гэдэг зүйлийг бодож, боловсруулж оруулж ирдэг юм. Түүнээс рекламны улс төрийн ашиг хонжоо олох, ухаантай царайлах, мундаг шинэчлэгч болох гэж, бусдад таалагдах гэсэн зүйл огт биш. Бидний цаашдаа ямар байхыг тодорхойлох чухал асуудал. Иймэрхүү маягаар оруулж ирсэн, үндсэн ойлголт ухагдахуунаасаа гажаад явчихсан, тэдний төсвийн төсөл гэж нэрлээд байгааг шүүмжлээд байх юм надад үнэхээр байхгүй болчихоод байна.

Цааш нь унших

Манайд удирдагч алга. Хэнийг удирдагч гэх юм бэ

АН-ын ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, “УИХ-ын гишүүнээс минь хүртэл чөлөөлж өг” хэмээн “аархаж” явсан Монголын урдаа барьдаг эдийн засагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Ардчилалд шилжээд арав хүрэхгүй жилийн нүүрийг үзэж, Монголын эдийн засаг энхэл донхолтой асан үед гүйцэтгэх засаглалын тэргүүний ажлыг торох юмгүй хийж явсан тэрээр одоо ч АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед тухайн үеийн банк санхүүгийн шинэтгэл, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийгдсэн гэж судлаачид дүгнэдэг юм билээ.

Бид тулга тойрсон яриа өрнүүлэлгүйгээр /чуулган байнгын хороогоор хэлэлцэж буй асуудал, намуудын төлөвшил, Сонгуулийн хууль гэх мэт/ тогтолцооны гажгийг хэрхэн засч залруулах талаар ярилцсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цаашид ямар бодлого баримталж, хэрхэн хөгжих вэ, эдийн засгийн бодлогоо яаж тодорхойлох юм, улстөрчдийн төлөвшил, бид яагаад дэлхийн улсуудын хөгжлөөс хоцроод байна вэ гэх зэрэг асуудлаар системтэй ярилцахыг зорилоо.

Цааш нь унших

Засгийн газар огцрох ёстой

-Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ их ярвигтай асуудал. Монголын нийгмийг хоёр хуваачихлаа шүү дээ. Зарим нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж байхад нөгөө хэсэг нь явуулах нь зүйтэй гэж байна. Би Монгол Улсыг хувааж талцуулсан ямар ч асуудлыг дэмждэггүй. Талцуулаад, хэрэлдүүлээд, наана цаана нь оруулж байвал шийдэл биш, асуудал болж буйн илрэл. Төр засгийн тэргүүнд сууж байгаа хүмүүс шийдэл олж, түүнийх нь дагуу улс нийгэм нь явах учиртай. Гэтэл шийдэл болж байгаа юм алга. Харин ч асуудал нэмж байгаа нь харамсалтай. Би сүүлийн 20 гаруй жилд батлагдсан Өршөөлийн хуулиудын ихэнхд нь гар бие оролцсон. Энэ удаагийн Өршөөлийн хууль шиг ийм замбараагүй, дуулиан шуугиантай хууль гарч байсныг санахгүй байна. Урд нь асуудлыг маш чанд үзэж харж, судлаад шийдвэрээ гаргачихаад, УИХ-д оруулж албажуулдаг байсан. Тиймээс хэл ам багатай, бүтэц зохион байгуулалтын хувьд ч маш хурдан шуурхай хийж хэрэгжүүлж болдог байсан. Харин өнөөдөр оруулж ирсэн зүйлийг хар. Нэг л их хууль баталлаа гэдэг. Үүн дээр хориг тавьчихсан, хоригийг нь хэзээ хэлэлцэх гэж байгаа юм бүү мэд.
-Хүлээлт үүсгэчихлээ?
-Өнөөдөр энэ хууль явж байгаа юм уу, үгүй юу. Нийгэмд асар их хүлээлт байна. Үнэхээр төрийн өршөөл хүртэх ёстой нэг хэсэг байж болно шүү дээ. Тэр хүмүүс горьдлого тавиад л сууж байгаа. Гэтэл хууль нь хэрэгжих үү, үгүй юу бүү мэд. Нэг хэсэг нь төрийн өршөөлөөс бүр хол байх ёстой юм. Огт хамрагдах ёсгүй. Гэтэл тэр хүмүүс нь завших гээд сууж байдаг. Үүнийг туйлын зохион байгуулалтгүй, туйлын хариуцлагагүй, туйлын замбараагүй хэрэгжүүлсэн. Энэ бол манай өнөөгийн төрийн байж байгаа нүүр царай. Бид иймэрхүү л нүүр царайтай байгаа юм. Аливаа асуудал нийгмийг бужигнуулах учиргүй, нийгмийг нягтруулж байх ёстой. Та нар ажигласан бол 2012 оны сонгуулиас хойш УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд дандаа нийгмийг бужигнуулж байна. Шоргоолжны үүрийг эвдэж байгаатай адил юм хийгээд байна шүү дээ. Цэвэрлэж цэгцлэх, янзлах юм байдаг л байх. Гэхдээ дандаа дутуу дулимаг бодсон, хагас дутуу үсчиж харайсан, өнгө мөнгө дагуулсан болоод байна. Тэр утгаараа Өршөөлийн хууль бас л ийм дүр төрхтэй болчихлоо. Энэ бүгдэд би үнэхээр сэтгэл дундуур яваа. Би цаад агуулга руу нь орохгүй, зөвхөн хэлбэр, зохион байгуулалт талаас нь харахад иймэрхүү байна. Цаашаа орвол зөндөө юм бий байх. Миний мэдэрч байгаагаар энэ асуудал УИХ дээр нэлээн ярвигтай, төвөгтэй болох юм шиг байна.

Цааш нь унших