Хэлсэн үг

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид
нэр дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд нэрээ
дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг

Улаанбаатар 2017-05-02

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,

Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавараар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх болсоноо албан ёсоор зарлаж байна.

Би Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Монгол Улсын Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан нь АН – аас надад хүлээлэгсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч АН-ын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.

Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.

Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.

Журмын нөхөд өө,

Монголд үүссэн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай хэдий ч нэг зүйлийг онцломоор байна. Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр эцсийн эцэс муу муухай бүхний үүр уурхай болж байна.

Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

  • Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.
  • Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.
  • Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.
  • Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.
  • Эдийн засгийн боломжоо алдаж, Гадаад хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын давцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.
  • Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.
  • Монгол Улс эрх ямба, эд мөнгөний шуналд автсан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт орох аюул нүүрлэж байна.

Энэ бүхэн монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх шийдлийн үндэс болж байгаа юм.

Монгол улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь бидэнд эцэг өвгөдийн минь өвөлж үлдээсэн бусдын хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн минь байна.

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.

Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн монгол ухаан үгүйлэгдэж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших эрх авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.

Чиг хандлага, хүлээгдэж буй өөрчлөлт

Монгол орон улс төр, эдийн засгийн бүхий л талаараа шинэ бодит байдалтай тулгарч байна.

Арваад жилийн өмнөөс дэлхий дахинд эргэлтийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь өнөөдөр аль ч тивийн том жижиггүйулс орнуудад шууд мэдрэгдэх боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд тогтсон геополитикийн тэнцвэрийг1989-1990 оны социалист систем, ЗХУ-ын задрал “сүйрэл” эвдсэн. Энэхүү задралыг өдөөсөн “өөрчлөн байгууллалтын” он цагаас тоолбол даруй 30 гаруй жил өнгөрчээ. Энэ эрин үеийг “глобалчлал” буюу ганц туйлт ертөнцийн үе гэж нийтлэгээр нэрлэж заншсан.

Эдүгээ глобалчлалын хямрал ил тод харагдаж байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, түүнээс хойш сэхээгүй дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал  уг хямралын шинж тэмдэг болсоор байна. Глобалчлалын үед хэт давамгайлах болсон санхүүгийн капиталын  даврал “хөөсрөл” хэт ашгийг бий болгож, баян хоосны ялгааг гааруулахаас гадна үзэл суртал, намын ялгаагүй “олигархи элит ангийг” төрүүлсэн. Бодит эдийн засгийг хэд дахин  нугалсан, баялгаар баталгаажаагүй “санхүүгийн бүтээгдэхүүнийг” асар ихээр “үйлдвэрлэсэн”  нь нэгэн үедээ инновац мэт байсан ч яваандаа зах зээл, ардчилалд үзүүлэх сөрөг үр дагавар нь түлхүү мэдэгдэх болсон.

Цааш нь уншихЧиг хандлага, хүлээгдэж буй өөрчлөлт

Сонгуулийн хуулийн талаар

2016 оны 3-р сарын 2-ны өдөр ТВ5 телевизд Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцооны талаар өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Тавантолгойг дараагийн УИХ-д шилжүүлж болно

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай Тавантолгой төсөл, мөн намын гишүүддээ хандаж бичсэн захидлынх нь талаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын боловсруулсан Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж 40 гишүүн гарын үсэг зурсны нэг нь та. Дэмжсэн үндэслэл нь яг юу вэ. Төсөлд туссан заалтуудыг харахаар амаргүй нөхцөл шаардаж байгаа. Жишээ нь, төмөр замын суурь бүтцийн 51 хүртэл хувь, Тавантолгой ордын 51 хүртэл хувиа төр эзэмшье гэх. Эдийн засаг хямарчихсан үед төр эзэмшил хувьдаа хөрөнгө гаргах боломж байхгүй. Үүний оронд гэрээ байгуулах компани нь хөрөнгөө 100 хувь гаргаад төр татвараа аваад явах нь зөв хувилбар биш үү?
-Өөрийн чинь хэлээд байгаа Тавантолгойн ордоо 100 хувь хөрөнгө оруулагчид өгчихье, улс хэдэн төрлийн татвар байдаг юм түүнийгээ авъя гэдэг санаа бол нэг хувилбар нь. Байж болох хувилбар. Гэхдээ сүүлийн хэдэн жил өрнөсөн үйл явдлыг харахаар Тавантолгой ордыг нэг компани хөдөлгөж явуулах боломжгүй байгаа. Гайхамшигтай шийдэл олсон ч явуулж чадахгүй. Бусад нь хүлээн зөвшөөрөхгүй. Яасан гэж нэг компани онцгой эрх эдэлдэг юм, бусад нь заавал оролцох ёстой гэсэн байр сууринаас хандаж гацааж ирсэн. Ийм тохиолдолд шийдэл хэрэгтэй. Тэгэхээр дундын хувилбар л олох ёстой юм шиг байгаа юм. Тэр нь төрийн төлөөлөл байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь ард иргэдэд ногдож байгаа 1072 ширхэг хувьцааг төлөөлж оролцох юм гэсэн энэ хувилбар зөв юм болов уу. Би энийг төгс төгөлдөр хувилбар гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ л дундын хувилбар олохыг оролдсон учраас дэмжсэн. Олон нийт санаа оноогоо дэвшүүлээд явж байна, зөв шийдэл гарна л гэж бодож байна.

Цагийн юмыг цагт нь хийж чадаагүй, үнэ хүргэж чадаагүйн зовлонг бид одоо үүрч байна. Гэхдээ энэ бас хамаг юм зогсоод, Монголын нүүрс ямар ч ирээдүйгүй, ач холбогдолгүй болж хоосон хоцорлоо гэж сандрах хэрэггүй. Нүүрсээ дахин боловсруулах, баяжуулах, бусад нүүрстэй хольж нефть химийн үйлдвэр байгуулах. Орчин үеийн техник технологид тулгуурласан шингэн түлш гаргаж ирэх юм бол хүрэн нүүрс гэдэг юм уу, металлургын төмөрлөгийн коксжсон нүүрс гэснээс илүү чанартай нүүрс дараагийн шатандаа гараад ирэх бололцоо бий. Тэрийг ч бас бид давхар бодох ёстой.
Ерөнхий баримталж байгаа зарчим маань бол уул уурхай Монгол Улсыг хөгжүүлэх ёстой, Монголд хөгжил дэвшил авчрах учиртай. Тэрнээс Монголыг хагаралдуулах, бутаргах, улс хооронд асуудал үүсгэж болохгүй. Хэрвээ эрх барьж байгаа хүмүүс өнөөдөр шийдэл олж чадахгүй байгаа бол дараагийн долоо хоног руу, дараагийн сар руу, дараагийн жил рүү, дараагийн парламент руу шилжүүлж болох шүү дээ.

-УИХ тодорхой шийдвэр гаргаж чадахгүй явснаас Тавантолгойн нүүрс өнөөдөр үнэгүйдчихлээ. Хугацаа алдах нь илүү хохиролтой тусахгүй юу?

-Мэдээж цаг тухайд нь шийдвэрээ гаргасан бол ашигтай байсан. Ялангуяа нүүрсний супер циклийн үед нэг тонн нь 200 ам.доллар хүрч байсан тэр үед ашиглалтад оруулсан бол ашигтай л тусах байсан. Өнөөдөр зах зээлийнх нь үнэ ханш уначихлаа.

Цааш нь уншихТавантолгойг дараагийн УИХ-д шилжүүлж болно