Элит сургуулиуд

Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас:

Дэлхийн шилдэг 200 их сургуулийн дотор АНУ (92) Британи(17) Канад(15) толгой цохиж байгаа хэдий ч тухайн улсын нийт сургуульд топд шалгарсан эзлэж буй хувийг харьцуулахад Гонгконгийн 4 их сургууль 18.2 швед 8.7 британи 6 хувь эзлэж байна.

Шилдэг 500 их сургуульд мөн л АНУ Британи тэргүүлэж байгаа ч улсаар нь ангилахаар Гонгконгийн ихсургууль(6 сургууль буюу 27.3 хувь) тэргүүлэн ардаас шведын(9сургууль буюу 19.9 хувь) оржээ. Шилдэг 1000 ихсургуульд АНУын 274 Британийн 79  багтаж байгаа ч улсаар жагсаахаар Британи (27.7)тэргүүлэн Гонгконг(27.3), Швед(23.9) удаалсан байна. 

Өөрөөр хэлбэл Гонгконгийн элсэгч дэлхийн 200 шилдэг сургуульд элсэх магадлал 18.2 хувь, шилдэг 500 элсэх магадлал 27.3 хувь байна.  Шведийн төгсөгч дэлхийн шилдэг 200 элсэх магадлал 8.7, 500 элсэх магадлал бараг 20 хувь, шилдэг 1000 элсэх магадлал 23.9 хувь байна.

Энэ үзүүлэлт нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийн динамиктай уялдсан нь илт юм. 

Хятадын 43 их сургууль топ 1000 багтсан хэдий улсдаа эзлэх хувь дөнгөж 2 хувь. 

дэлгэрэнгүйг эндээс сонирхоорой: https://www.weforum.org/agenda/2017/05/which-countries-provide-their-citizens-with-the-best-higher-education/

Үндэсний баялаг гэж юу вэ?

Конрад Аденауэр сан болон Улаанбаатар иргэний форум ТББ хамтран та бүхэндээ Үндэсний баялаг онлайн нэвтрүүлгийг хүргэж байна.

Хэлсэн Үг

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид
нэр дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд нэрээ
дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг


Улаанбаатар 2017-05-02

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,
Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавараар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх болсоноо албан ёсоор зарлаж байна.

Би Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Монгол Улсын Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан нь АН – аас надад хүлээлэгсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч АН-ын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.

Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.

Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.

Журмын нөхөд өө,
Монголд үүссэн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай хэдий ч нэг зүйлийг онцломоор байна. Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр эцсийн эцэс муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

– Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.

– Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.

– Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.

– Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.

– Эдийн засгийн боломжоо алдаж, Гадаад хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын давцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.

– Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.

– Монгол Улс эрх ямба, эд мөнгөний шуналд автсан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт орох аюул нүүрлэж байна.

Энэ бүхэн монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх шийдлийн үндэс болж байгаа юм.

Монгол улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь бидэнд эцэг өвгөдийн минь өвөлж үлдээсэн бусдын хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн минь байна.

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.

Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн монгол ухаан үгүйлэгдэж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших эрх авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.

Чиг хандлага, хүлээгдэж буй өөрчлөлт

Монгол орон улс төр, эдийн засгийн бүхий л талаараа шинэ бодит байдалтай тулгарч байна.

Арваад жилийн өмнөөс дэлхий дахинд эргэлтийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь өнөөдөр аль ч тивийн том жижиггүйулс орнуудад шууд мэдрэгдэх боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд тогтсон геополитикийн тэнцвэрийг1989-1990 оны социалист систем, ЗХУ-ын задрал “сүйрэл” эвдсэн. Энэхүү задралыг өдөөсөн “өөрчлөн байгууллалтын” он цагаас тоолбол даруй 30 гаруй жил өнгөрчээ. Энэ эрин үеийг “глобалчлал” буюу ганц туйлт ертөнцийн үе гэж нийтлэгээр нэрлэж заншсан.

Эдүгээ глобалчлалын хямрал ил тод харагдаж байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, түүнээс хойш сэхээгүй дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал  уг хямралын шинж тэмдэг болсоор байна. Глобалчлалын үед хэт давамгайлах болсон санхүүгийн капиталын  даврал “хөөсрөл” хэт ашгийг бий болгож, баян хоосны ялгааг гааруулахаас гадна үзэл суртал, намын ялгаагүй “олигархи элит ангийг” төрүүлсэн. Бодит эдийн засгийг хэд дахин  нугалсан, баялгаар баталгаажаагүй “санхүүгийн бүтээгдэхүүнийг” асар ихээр “үйлдвэрлэсэн”  нь нэгэн үедээ инновац мэт байсан ч яваандаа зах зээл, ардчилалд үзүүлэх сөрөг үр дагавар нь түлхүү мэдэгдэх болсон.

Read more

Ийм харалган бодлогоос их зүйл горьдох хэрэггүй

 

Өнөөдөр сонины 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №095 /6088/ дугаарт ярилцлага өгснөө та бүхэнд хүргүүлж байна.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Таны харж байгаагаар эдийн засаг ямар бүтэц, загвартай болчихоод хямраад байна вэ?

-Өнөөгийн үүссэн нөхцөлийг би цөөн зүйлээр томьёолдог. Нэгдүгээрт, уул уурхайн эдийн засагтай болчихлоо. Уул уурхайн эдийн засаг өвөрмөц онцлогтой. Зөв бодлого хэрэгжүүлбэл улс орныхоо эдийн засгийг тэлээд, төрөлжүүлээд, орчин цагийн хэлбэрт оруулчихдаг. Буруудвал “Буруу замаар будаа тээнэ” гэдэг шиг л болгодог эд. Улс орнууд буруу замаар явснаа “Голланд өвчин” туссан, “Баялгийн хараал”-д нэрвэгдсэн гэж нэрлээд байгаа хэрэг. Буруу замаар явж буй нь нийгэм, эдийн засагт бутрал, хагарал бий болж байгаагаар илэрдэг. Элдэв үймээн самуун тасрахаа болино. Авлига дээд цэгтээ хүрнэ. Эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Байгаль орчин доройтоно. Ёс суртахууны ялзрал хүртэл манай нийгэмд газар авч эхэллээ. Өр өсөж байгааг бүр ч ярилтгүй. Эдийн засгийн хоцрогдол, өрөөсгөл бүтэц улам нэмэгдэж байна. Эцэстээ нийгмийн ялгарал газар авлаа. Аливаа баялаг, өмч, түүн дотроо байгалийн баялаг тодорхойлолтоороо улс төрийн тэмцлийн орон зай болдог. Монголын нийгэмд өрнөж буй үйл явцыг том зургаар нь харвал байгалийн баялгийн менежментийг хэн хийх вэ, хянах вэ гэдгийн төлөө л тэмцэлдээд байна. Нам болж үзэлцлээ. Хэтэвч нэгтэй бүлэглэлүүд болж үзэлцэж байна. Энэ л үйл явцаас түрүүнд хэлсэн бүх алдаа үүссэн. Асуудлыг ийм өнцгөөс харах хэрэгтэй. Хоёрдугаарт, угтаа уул уурхай эдийн засгийг сэргээгээд, босгоод, Монголын ирээдүйг баталгаажуулах хүчин зүйл мөн үү, биш үү гэдгийг бодолцох ёстой.

-Уул уурхай бидний ирээдүйн баталгаа болж чадах уу?

-Би хувьдаа тэгэх боломж бий гэж үздэг. Юу дутаад байна гэхээр энэ талаар нэгдсэн ойлголт алга. Уул уурхайн сайн, муу тал нь аль вэ, хэзээ улстөржүүлэх ёстой, хэдийд нь болохгүй вэ гэдэг талаар шийдвэр гаргадаг “гол тоглогч” нар нэгдсэн ойлголттой болоод, хэрэгсэл болгоод ашиглавал нийгэмд үр өгөөжөө өгнө. Ингэж чадахгүй бол “Голланд өвчин” тусаж, “Баялгийн харуул”-д нэрвэгдэнэ. Гуравдугаарт нь бас нэг хүчин зүйл бий. Уул уурхай гадаадын хөрөнгө оруулалт шаарддаг. Эхний ээлжинд жижиг компаниуд хөрөнгө оруулаад, төслөө зарж, томцуул нь орж ирж байна. Манай улс ч үндэстэн дамнасан корпорацуудыг оруулж ирээд, эдийн засгийн орон зайгаа тэлэх сонирхолтой байгаа нь зөв. Энэ бол гарцаагүй баримтлах ёстой бодлого. Гэхдээ нэг сонин зүйл бий. Юу вэ гэхээр гадаадын том компаниуд Монголын улс төрийн амьдралд хүссэн, хүсээгүй оролцоод эхэлчихэж байгаа юм. Орж ирэхээсээ өмнө энийгээ янзал, тэрийгээ өөрчил гэсэн шаардлага тавьдаг. Засгийн газраараа дамжуулаад, өрөөл бусдаар хэлүүлээд янз бүрийн шахалт үзүүлж байгаад Монголын эдийн засгийг өөрсдөдөө тааламжтай хэлбэрт оруулдаг. Тэгээд орж ирэхээрээ зохицуулалт шаардана. Усаа төд, газраа төдөн жил ашиглуул гэж шаарддаг. Тэдний энэ үйл ажиллагаа нь манай улс төр, бизнесийн элитүүдийг хуваачихдаг байхгүй юү. “Хуваа, задал, бутарга, тэгээд захир” гэсэн эртний Ромын зарчмаар ажиллаж байна гэсэн үг. Гадаадын том корпорацуудын иймэрхүү нөлөө Монголд бий. Бид тэндээс илүү ухаантай, арга замаа мэддэг байж, залж чиглүүлэх учиртай. Дараагийн бас нэг том асуудал бол парламентийн ардчилалтай нөхцөлд улс төрөө тогтвортой байлгах арга зам юм. Амлалтаа биелүүлэх гэсэн ганц арга зам бий. Тодруулбал, сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлж байж улс төр тогтвортой байна. Уул уурхайд тулгуурласан улс төр бол тодорхойлолтоороо тогтворгүй. Яагаад гэвэл, уул уурхайн түүхий эдийн үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үнэ дагуулж өгсөн амлалт биелэхгүй байх магадлалтай. Иймээс л улс төрийн тогтвортой байдал бүрдэхгүй байна. Яаж үүнээс ангижрах вэ гэдэгт тархи толгойгоо гашилгах хэрэгтэй. Бодлого боловсруулах хүмүүс цалин аваад Төрийн ордонд дүүрэн байна. Бүх яам, агентлаг, аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд үүнийг бодож байх ёстой. Гэтэл тэд үүнийгээ мэдэж, мэдэрч, олж харж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Уул уурхайд тулгуурласан том эдийн засгийг удирдан залахад гео эдийн засаг, санхүү, социологийн гэх мэт маш өндөр мэдлэгтэй мэргэжилтэн хэрэгтэй. Санхүүгийн нөөц хэрэгтэй. Энэ хоёрыг шийдсэн тохиолдолд улс орныг цааш нь аятайхан аваад явчихна. Шийдэж чадахгүй бол горьдох хэрэггүй.

Read more