Хэлсэн үг

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид
нэр дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд нэрээ
дэвшүүлсэн Ринчиннямын АМАРЖАРГАЛ-ын хэлсэн үг

Улаанбаатар 2017-05-02

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,

Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавараар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх болсоноо албан ёсоор зарлаж байна.

Би Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Монгол Улсын Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан нь АН – аас надад хүлээлэгсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч АН-ын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.

Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.

Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.

Журмын нөхөд өө,

Монголд үүссэн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай хэдий ч нэг зүйлийг онцломоор байна. Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр эцсийн эцэс муу муухай бүхний үүр уурхай болж байна.

Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

  • Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.
  • Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.
  • Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.
  • Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.
  • Эдийн засгийн боломжоо алдаж, Гадаад хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын давцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.
  • Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.
  • Монгол Улс эрх ямба, эд мөнгөний шуналд автсан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт орох аюул нүүрлэж байна.

Энэ бүхэн монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвших эрхийн төлөө намын дотоод сонгуульд өрсөлдөх шийдлийн үндэс болж байгаа юм.

Монгол улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь бидэнд эцэг өвгөдийн минь өвөлж үлдээсэн бусдын хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн минь байна.

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.

Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн монгол ухаан үгүйлэгдэж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших эрх авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

1998 оны 6-р сарын 29-нд буюу одоогоос 19 жилийн өмнө ийм зүйл яригдаж байжээ. Хүндхэн он жилүүд байжээ. Гэхдээ одоо ч гэсэн зарим санаа нь ач холбогдолоо алдаагүй л байна.

“ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Р.АМАРЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ

Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд тодорхой. Эдгээрийг ГХЯ, түүний системийн байгууллагуудад ажиллаж буй бид бүгдийн ажлын зорилго, удирдамж, үүрэг гэж ойлгож байна. Иймээс Монголын нэр хүнд, Монголд итгэх итгэл, Монголыг сонирхох сонирхол, гадаад бодлогын зорилтын хэрэгжилт нь бидний үйл ажиллагаа, хариуцлага, идэвх зүтгэл, санаачилга, чадавхи, мэдлэгээс шууд хамаарна.

Манай гадаад харилцаа идэвхтэй өрнөж, гадаад бодлогын шинэтгэл гүнзгийрч, яамны үйл ажиллагаа зохих түвшинд явж ирсэн. Үүнд яамны төв аппарат, дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа нийт ажилтны идэвх зүтгэл шингэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч бид шилжилт, дэвшил, эрчимтэй өөрчлөлтийн эрин үед амьдарч байгаа билээ. 21-р зуунд шилжин орох мөч хаяанд тулан ирээд байна. Улс орон бүр шинэ орчин, шинэ нөхцөлд зохицохыг эрмэлзэж байна.

Цааш нь унших

Эдийн засагч байна гэдэг бол…

Санхүү эдийн засгийн их сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг

IMG_0498

Сайн байцгаана уу?

Нэгдүгээрт

Та бүхэнд үнэхээр баяр хүргэмээр байна. Их сургуулийн оюутан болно гэдэг бол өөр зүйл юм. Сургууль маань өнгөрсөн хавар ИХ сургууль гэсэн тодотголтой болсон. Их сургууль гэсэн статустай явж байгаа анхных нь хичээлийн жилд, энэ түүхэн үйл явдалд оролцож байгаа хамгийн анхных нь оюутан шүү бид чинь. Ийм түүхэн үйл явдлыг эхлүүлж байгааг тохиолдуулан сургуулийн удирдлага, сургуулийн удирдах зөвлөл хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэе!

Эдийн засагч байна гэдэг бол их чухал. Гэхдээ чухам юу юм вэ гэдгийг хүмүүс мэддэггүй юм. Юуны тухай ч яриад байгаа юм? Яах гэж ч яриад байгаа юм? Осолдолгүй нэг орлого, зарлага гэж байдаг, тэр хоёрын баримжааг нь хараад байж байвал эдийн засагч гэж бодоод байх шиг. Үнэндээ үгүй л дээ, эдийн засагч байна гэдэг бол миний ойлгож байгаагаар юуны өмнө эх орон, ард түмэн, нийгмээ гэсэн том сэтгэл байх ёстой. Яавал энэ улс орны амьдралыг аятайхан авч явах вэ? Яавал энэ нийгмийг зөв голдирогод нь оруулж, зөв чиглүүлж явах вэ? Яавал ард иргэдийн амьдрал ахуй дээшлээд байх вэ? Яавал нийгэмд тэр шударга ёс гэдэг нь байх вэ? Энэ бүх юм бол үндсэндээ эдийн засаг гэдэг ойлголтын үндсэн ухагдахуун юм. Бид нар бол макро эдийн засаг, микро эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт гэсэн ийм томьёонуудыг л эдийн засаг гэж ойлгодог. Үгүй ээ, нэр төр гэдэг бол эдийн засгийн ойлголт, үнэнч байна гэдэг бол эдийн засгийн ойлголт, шударга байна гэдэг нь бас эдийн засгийн ойлголт юм. Энэ бүх юмыг бид нар эдийн засгийн хэл рүү хөрвүүлж ойлгож, уншиж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн шинж юм шүү!

Хоёрдугаарт

Эдийн засагч болно гэдэг бол өөрийн гэсэн лаборатори, өөрийн гэсэн судалгааны арга зүйтэй болно гэсэн үг юм. Том тоо ч байж болно, жижиг тоо ч байж болно, их өгөгдөхүүн ч байж болно, бага өгөгдөхүүн ч байж болно. Гэхдээ ямар нэг өгөгдөхүүнийг аваад түүнийг эргүүлж тойруулаад, наана цаанаас нь ухаж, төнхөж байгаад ямар нэг юм олж харж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн нэг гол шинж чанар юм. 1991 онд бид нар дөнгөж шинэчлэн зохион байгуулагдаад Эдийн засгийн коллежийн захирлаар намайг томилсон юм. Тэгээд бид нар анхны элсэлтээ авч байхад элсэж байсан хүүхдүүдийн бараг 70-80% нь охидууд байсан. Тэгээд би аргаа ядаад “болилдоо та нар, эрчүүд нь хааччихсан юм бэ?” гэж асууж байлаа. Сүүлдээ би бүр сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн ядаж 40% нь эрэгтэй хүүхдүүд болго гэж хүчээр захирлын тушаал гаргасан, тэгээд нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь шалгалт өгөөд л уначихна. Бодлогын чанартай оруулж байж л эрэгтэй хүүхдүүдийн тоог овоо болгосон юм. Энэ жилийн элсэлтийг харсан бас дахиад 70, 80–аад хувь нь охидууд байна. Би охидуудыг муу гэж байгаа юм биш, та нар үнэхээр мундаг оноогоороо зодоод ороод ирдэг. Эрчүүд нь хаана байна? Хаагуур юу хийгээд яваад байна? гэсэн асуултууд гарч ирж байна.

Би яагаад энийг яриад байна вэ гэхээр судалгааны арга зүй гэж зүйл бий. Хүн зүгээр өөрийн гэсэн лабораторитой байх ёстой. Манай Санхүү эдийн засгийн их сургуулийн 1924-2016 он хүртэлх элсэлтийн динамикийг боловсруулаад үз, их том ухаантай загвар боловсруулдаггүй юмаа гэхэд эрэгтэй эмэгтэйгээр нь, нас хүйсээр нь, байршлаар нь аваад үзчих тэгээд тэрийгээ хамгийн энгийн загварт оруулаад сурчих. Хэрвээ тэгээд харах юм бол Монгол улсын эдийн засгийн түүх харагдана. Орчин цагийн Монгол улсын эдийн засаг ямархуу янзтай байсан, ямар онуудад хүнд байсан, ямар онуудад өсөж дэвжиж байсан, юу нь болж байсан, юу нь болохгүй байна гэдгийг энэ зүй тогтлоор гаргаад ирнэ. Ийм учраас эдийн засагч болно гэдэг бол улс орныхоо түүхийг үзэх асуудал, өөрийн гэсэн лабораторитой болох асуудал шүү гэдгийг би дахин хэлье.

Гуравдугаарт

Хамгийн гол хэлэх гэсэн зүйл бол оюутнууд та нар сурах аргад суралцах ёстой. Сурах аргад сурч чадсан хүн л цаашаагаа явна. Тэр хүн Монгол улсын Төрийг удирдана, Монгол улсын эдийн засгийг удирдана, Монгол улсын эдийн засгийг атгана. Сурах аргад сурч чадаагүй бол  дөрвөн жил энд тонгочоод тонгочоод юу ч олохгүй, юунд ч хүрэхгүй. Хайран дөрвөн жил, хайран мөнгө л болно. Тийм учраас энэ 9-р сар дуусах хүртэл хийх үндсэн ажил чинь сурах аргад суралцах юм. Яаж ном унших, яаж лекц сонсох, яаж лекцийн тэмдэглэл хөтлөх, яаж тэр цахим ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ олж авдаг юм энэ үндсэн аргыг сураад авчхаарай. Энийг сурчих юм бол та нар дөрвөн жил дажгүй явчихна. Харин энийг эзэмшээгүй бол тэгээд хэцүү дээ.

За амжилт хүсье!

Жэк Ма илтгэл

2016 оны 7 дугаар сарын 27-ний өдөр Alibaba.com-г үүсгэн байгуулагч Жэк Магийн лекцийг хөтлөн явууллаа. Тэрээр залуучууд, бизнесменүүдэд сургамжтай сайхан илтгэлийг тавилаа. Зохион байгуулагч Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Их Аварга Асашёорюү Д.Дагвадоржид талархал илэрхийлье.

Эх сурвалж:

http://news.gogo.mn/r/189625

Фото сурвалжлага:

https://www.facebook.com/amarjargalorg/photos/?tab=album&album_id=860690214064372

Цааш нь унших

“Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж хэлсэн үг

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж үг хэллээ.

Цааш нь унших