Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд тодорхойгүй зүйл их байна.
![]() |
Та Ардчилсан намын байр суурийг дэмжиж байна уу?
Улс төрийн гол хоёр хүчин энэ талаар зарчмын тохиролцоонд хүрч, түүнийгээ албан ёсоор зарласанд би их олзуурхаж байгаа. Тэд Монголын улс төрд шинэ өнгө аяс гаргаж ирлээ. Миний хувьд, өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна. Агуулгыг нь шийдчихэж болно. Нэгэнт зарчмын тохиролцоог нь хийчихсэн юм чинь ажлын хэсэг техникийн тал дээр идэвхтэй ажиллаж, аль нь болж, аль нь болохгүй байгааг мэргэжлийн түвшинд томъёолох боломжтой. |
Сөрөг хүчнийхэн “УИХ-ын эрх мэдлийг багасгаж, Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлэх гэсэн төсөл болжээ. Тэрхүү 51:49 хувь гэх томъёоллынх нь цаана асар их ашиг сонирхол нуугдаж байна. Нэг ёсондоо авлигын “хүүдий”-г бэлтгэсэн” гэж дүгнэж буй. Харин та?
Үнэн. Тийм зүйл бий. Нэг тийм “бөөрөнхий” томъёолчихсон заалтууд байна лээ. Би дотроо ингэж дүгнэж байна. Нэг их зөв зүйтэй шийдвэр гаргачихъя, зөв зүйтэй ажил хийчихье гэсэн санаа өргөн барьсан хуулийн төслөөс харагдахгүй байгаа юм. Гэхдээ буруу юм хийчих вий, буруу зүйлд орчих вий гэж сэрэмжилсэн өнгө аяс тодорхой харагдаж байна. Ийм утгаар нь ч гэсэн би дэмжиж байгаа. Зөв зүйтэй зүйл хийж чаддагүй юм гэхэд ядаж буруу зүйл хийлгэхгүй байх эрх зүйн орчныг нь тодорхойлж өгөх үүднээс төслийг боловсруулжээ. Мэргэжлийн хүмүүс, ажлын хэсгийнхэн болохгүй байгааг нь нийлж суугаад засах хэрэгтэй. Ямар ч байсан улс төрийн шийдэл, эр зориг, эрмэлзэл аль, аль талд нь байгаа гэдэг нь нотлогдчихлоо.
ЭХ СУРВАЛЖ: “Ардын эрх” сонин, 2008.03.27-ны өдөр, 4 дэх тал
