Хүлэмжний таримал ургамал шиг намуудын тоог алдсан
-Засгийн газрын огцрох асуудал бараг сүүлчийн шат руугаа орлоо. Та бол МУ-ын Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн улс төрийн байдлын талаар өөрийн гэсэн ажиглалт, дүгнэлттэй сууж байгаа байх ?
-Би бол нэг их гайхаад бас сандраад байх юм алга гэж харж байна. Болох ёстой юм л болж байна гэж ойлгож байгаа. Ямар утгаар болох ёстой юм болж байна гэж хэлж байгааг минь мэдээж тодруулж асуух байх л даа. Тэгэхээр 1990 онд бид өөрчлөлтийг эхлүүлээд, 1993 онд шинэ Үндсэн хуулиа батлаад, тэрүүгээрээ сонголтоо хийчихсэн юм. Үндсэндээ хоёр л том сонголт хийсэн. Нэг нь бол Монгол улс ардчилсан төрийн тогтолцоотой байя. Олон нам дээр тулгуурласан, улс төрийн намуудын үзэл баримтлалуудын өрсөлдөөн дээр суурилсан ийм л ардчилсан тогтолцоотой орон байя. Энийгээ дагаад явдаг тэр бүх элементүүд нь байх ёстой гэж үзсэн. Чөлөөт сонгууль нь байх ёстой. Чөлөөт хэвлэл нь байх ёстой гэх мэтээр бусад бүх үндэс мөчрүүд нь дагаад гараад ирж байгаа юм. Хоёр дахь үндсэн зарчмын сонголт нь юу байсан юм бэ гэхээр эдийн засгийн харилцаагаа зах зээлийн зарчим дээр тулгуурлаж хөгжүүлье гэсэн. Ийм л хоёр том сонголт хийсэн юм шүү дээ. Энэ сонголтоо хийсэн цагаас хойш монгол орон арван хэдэн жилийг туулчихлаа. Нэг талаасаа урт хугацаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ түүхэн үүднээс нь аваад үзэх юм бол энэ бол богинохон л хугацаа. Энэ хугацаанд бидний хийж бүтээсэн зүйл бол үнэхээр их. Маш их шүү. Энэн дотор нь нэг чухал юм байгаа. Тэр нь ардчилсан төрийн тогтолцооны хамгийн гол утга учир гудамжинд маргахаа болъё л гэдэг асуудал шүү дээ. Гудамжинд маргадаг, хэрэлддэг, зодолддог тэр бүх юмаа парламент дотроо оруулаад ирье. Энэ дотроо маргаж байг. Энэ дотроо хэрэлдэж байг. Энэ дотроо шийдвэрээ гаргаж байг. Тэр нь эцсийн шийдвэр болно. Энэ шийдвэрээ цөмөөрөө дагадаг байя гэсэн л зарчим. Засгийн газар нь муу ажиллаж байна уу, эсвэл УИХ-ын гишүүдэд асуудал байна уу гэдэг нь парламентын өөрийнх нь л хүрээнд явагдаж байгаа асуудал. Нэгэнт парламентын хүрээнд явагдаж байгаа асуудлууд учраас энэ нь үндсэн хуулийн хүрээнд явагдаж байгаа процесс гэж ойлгож байгаа. Бүх юм Үндсэн хуулийнхаа дагуу явагдаж байгаа бол ард түмний хүсэл зоригийн илэрхийллийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байнаа л гэж ингэж томоор харж, дүгнэж болох юм шиг байгаа юм. Би энэ өнцгөөс нь илүү харж бодож байгаа.

-Үндсэн хуулин дээр тулгуурлаж цогцлоосон үнэт зүйлсийн тухай та ярьлаа. Өнөөдрийн байдлаар хэсэг нөхөд нь энэ хууль бол халдашгүй ээ, энэнд хэзээ ч битгий гар хүр. Эд гар хүрэх гээд байна шүү гээд хашгираад байдаг. Нөгөө хэсэг нь манай Үндсэн хуулинд засвар хийх цаг нь болчихсоон гэж үздэг.Бидний эцэг хуулиа гэж дээдэлдэг энэ Үндсэн хууль маань үнэхээр төгс төгөлдөр үү?