Махны үнэ

Гахайн мах үйлдвэрлэгч – хэрэглэгч хамгийн том гүрэн нь Хятад билээ. Дэлхийн гахайн махны үйлдвэрлэл хэрэглээний тал нь Хятадад ногдож байдаг. Өнгөрсөн 8 сард гахайн өвчин дэлгэрч устгал хийсэн бөгөөд оны эцэст гахайн махны үйлдвэрлэл бараг 50 хувь буурна гэж шинжээчид тооцжээ. Хятадад гахайн махны үнэ 30 хувь өссөнд гайхалгүй. Тэд стратегийн нөөцөөсөө 10 мянган тонныг гаргаж зах зээлийн тэнцвэрийг хангана гэсэн мэдээ явж байгаа. Хятад хүн жилдээ 30 гаруй кг гахайн мах хэрэглэдэг гэсэн статистик бий. Нийт хүн амд хамруулбал том тоо гарч ирнэ. 

Гахайн махны нийт хэрэглээнд импорт дөнгөж 3 хувь байсан бол эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ оны эхний хагаст АНУгаас 100 мянган тн мах импортолсон (62 хувийн тарифтай) энэ нь нийт импортын тал нь юм. Бразил зэрэг латин америкийн орнуудаасаа импортоо нэмэгдүүлээд эхэлсэн. 

Хүнсний хараат байдлаас болгоомжлон 2006 онд хөдөө аж ахуйг хөрөнгө оруулалтаар дэмжих 5 жилийн төлөвлөгөө батлан Украинд хүртэл тариалангийн талбай авах зэрэг ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2006 онд газар тариалангийн чиглэлээр гадаадад хийсэн хөрөнгө оруулалт нь 200 сая ам.доллар байсан бол 2010 онд 500 сая, 2016 онд 3.3 тэрбум  болсон гэж хятадын албан ёсны мэдээнд байгаа. АНУ-тай хийж буй худалдааны дайн ч таагүй нөлөөлж байгаа бөгөөд 2017 онд 19.5 тэрбумын АНУ-гийн экспорт жилийн дараа 9.2 тэрбум болтол буурсан байна. Жилийн дотор 53 хувиар буурсан. 

Манайд ч махны үнэ магнаг болж  энэ оны наймдугаар сарын инфляцын өсөлтөд дангаараа 32 хувийг махны үнэ бүрдүүлсэн. Сүүлийн хоёр улирал дараалан махны үнэ тэнгэрт хадаж,  монгол хүн махаа идэж чадахгүйд хүрч байна.

Шалтгаан нь хятадууд монгол хүнээр халхавчлан, бөөнөөр “үнэ цохин” авч байгаа, “үгүй үгүй гэсээр байгаад амьдаар нь мал гаргаж эхэлсэнтэй” холбон тайлбарлаж байгаа бөгөөд мах, гурилын үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд толгойгоороо хариуцах нэгэн шийдэл гарч ирсэн. Мөн “Тагнуул шалгана” гэсэн нэгэн шийдэл олсон бөгөөд эдгээр нь ажилладаг бол тун сайхан. Хүрэлсүх л шийдэл олсон гэж бодоод байгаа болохоос байдал улам л дордох нь тодорхой. 

Махны үнийн өсөлтөөс үүдэн “малчид хожих, хотынхон хохирдог” ойлголт санаатай төрүүлэн дахиад л монголчуудыг хагалан бутаргахыг өнөөгийн засгийн газар (санаатай, санаагүй) хэрэгжүүлээд байна. 

Дотоодын хүнсний хэрэглээ, нийлүүлэлтийн талаар эдийн засгийн зөв шийдвэр үгүйлэгдэж байгаа бөгөөд яамд, сайд дарга нар нь сэтгэл гаргаад, өөрийн хэтэвч, авах авилгаа биш олноо бодоод хөдөлбөл шийдэл бишгүй байгаа. Дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангаад бусдыг боддог жишээг япон солонгос, урд хойд хөршөөсөө суралцаж болно. 

Хүнсний нийлүүлэлтийн сүлжээг орчин үеийн шаардлага нийцүүлэн өөрчлөх, нийгмийн халамж хамгаалалтын тогтолцоог хүнсний хангамжтай уях, зохицуулах, жигдрүүлэх, нийгмийн оролцоог хангах, нийлүүлэлтийг хянан зохицуулахдаа сошиал медиа ашиглах гэх мэтчилэн зөндөө боломж байгаа. Ерөнхий сайд хоосон хийрхэлгүй, тодорхой асуудлыг дэс дараатай шийдээд явбал нааштай үр дүн гарна даа. 

Leave a Comment