Монголд сангийн хатуу сайд хэрэгтэй байна

Засгийн газар ажил хийнэ гэж горьдож буй ганцхан жил л байна

Жил бүрийн намрын сүүлийн сар. Эдийн засгийн бодлого идэвхждэг үе. Хүйтний ам наашилж буй ч төсөв, мөнгөний бодлого цаг үеийн хамгийн халуун сэдэв болж, том тоо тойрсон мэдээ, нийтлэлүүд хэвлэлийн хуудсаар хөвөрсөөр. Энэ үеэр иргэн таны санаа тавих учиртай мөнгө, сангийн бодлого, хэтэвч хөндсөн эдийн засгийн зарим шийдвэр нүцгэн тоо, албан хариултын цаана бүдгэрч байгаа юм биш биз. Ул суурьтай хариулт нэхэж буй эдгээр сэдвээр Монголын улс төр, эдийн засгийн бодлогын гол төлөөлөгчдийн нэг, эдийн засагч, “Амаржаргал” сангийн тэргүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Түүний байр суурь, манлайлал улс төр, эдийн засгийн салбарт олон жилийн турш ямагт сонирхолтой бөгөөд тулгуур байсаар ирсэн юм.

-Эргэн татаж, өргөн барьсан 2018 оны төсвийн төсөл дэх таны байр суурийг сонирхъё. Шинэ Засгийн газар илүү сайжруулахын тулд буцаан татсан нь дамжиггүй?

-Өмнөх Засгийн газрын боловсруулсан төсөлд алдаа, дутагдал байснаас эргүүлэн татлаа, шинэчилсэн төсөл нь мундаг болно гэж найдаж байлаа. Бас сүүлийн үеийн Сангийн сайд нар дотроос Ч.Хүрэлбаатар эрэмбэ, туршлагаараа хавьгүй илүү. Тиймээс түүнийг нэлээн чамбай төсөл оруулж ирэх болов уу гэж итгэж байв. Гэвч их санасан газар хэдэн шөнө хоосон хононо гэдэг билээ. Үүнтэй ижил явдал боллоо. 2018 оны төсвийн төслийн ерөнхий үзүүлэлт, динамик энэ жилийнхээс нэг их өөрчлөгдсөнгүй. Алдагдлыг нь жаахан бууруулж, орлого, зарлагаа нэмснийг эс тооцвол яг л бахь байдгаараа.

Эдийн засгийг суурь бүтцийн өөрчлөлтөд хөтөлсөн зоримог шинэчлэл харагдсангүй. Том бодлогоор аваад үзвэл шинжлэх ухаан, технологийн өөрчлөлт Монголыг тойрохгүй нь тодорхой. Үүнд бэлэн байхын тулд боловсролын салбараа, хүнээ анхаарахаас өөр гарцгүй. Энэ чухал бодлого төсвийн төслийн хаана нь суув. Бас бүсчилсэн хөгжилд тулгарч буй хүндрэл, нийгмийн ялгарал гээд хөгжлийн тулгуур зорилтоо төсөвт суулгасангүй. Дээрээс нь төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараахаар болсонд сэтгэл дундуур байна. Ний нуугүй хэлэхэд, урам хугарч байна. Эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөхцөл байдалд шахагдаад ийм шийдэлд хүрсэн болов уу гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд энэ бол цэвэр популист арга хэмжээ. Бүр нарийн яривал Монголын төр албан хаагчдаа 300 мянган төгрөгөөр хахуульдах гэж оролдож буй үйлдэл.

ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Төсөв, мөнгөний хатуу бодлого эргээд нийгмийн тогтвортой байдлыг хөнддөг. Цаашид хэрхэн тогтвортой хадгалах вэ?

-Ард иргэддээ итгэх ёстой. Нэгэнт итгэж байгаа бол бодит байдлыг иргэддээ нээлттэй танилцуулж, шийдлийг нь хамтдаа эрэлхийлэх хэрэгтэй.

-ОУВС-гийн хөтөлбөрүүд гал унтраах буюу эдийн засгийг тогтворжуулахад илүү чиглэдэг. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харсан ч тэр жилийн өмнөхөөс өөрчлөгджээ. ОУВС гэх түнштэй байснаар бид гадаадаас хямд бонд босгож, улс орнуудаас санхүүжилт татаж байна. Одоо тогтворжилтыг урт хугацаанд хадгалах нь харин монголчуудын үүрэг болж байна. Энэ тухайд?

-ОУВС-гийн хөтөлбөрүүд богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулдаг. Тиймээс эдийн засгийг тодорхой хэмжээнд тогтворжуулж, дэлхийн зах зээлд эерэг дохио өгсөн нь макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд илрээд эхэлсэн. Энэ эерэг дохиог чулуу болгох хэрэгтэй. Харин муу мэдээ нь гэрээ, хэлэлцээр байгуулчихаад түүнээсээ ухардаг муу зан бидэнд бий. Нэгэнт тохирчихсон бол олон улсын гэрээ хэлэлцээрээ зөрчиж, хэлснээсээ буцах нь Монголыг сайхан харагдуулахгүй нь лавтай.

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт зургаадах удаагаа хамрагдаж байна. Хоёр талын түүх сөхвөл Монгол Улс тус сантай хамтран хэрэгжүүлсэн бараг бүх хөтөлбөрөө дуусгалгүй, дундаас нь орхиж байсан юм билээ. Энэ удаагийн хөтөлбөрт ийм эрсдэл бий юү?

-Анх тохирсноо яг таг дагах ёстой. Улс төрийн орилоон, дуулиан шуугианаас болоод ухарч буцаж болохгүй. Олон улсын байгууллагуудад Монгол Улсын нэр хүнд яаж унаж буйг тооцохгүй байна. Яагаад хөтөлбөрийг гүйцээдэггүйн учрыг тайлбарлахад хэцүү. Монгол хүний зальжин зан гээд хэлчихвэл буруудчих байх л даа. Ер нь юмаа мэдэхгүй байгаагийн илрэл. Юмаа мэдэхгүй байгаа учраас эхлээд тохирчихдог. Хэсэг хугацааны дараа тохирсноосоо буцдаг. Ажлаа мэдэхгүй, зохион байгуулж, төлөвлөж чадахгүй байна гэсэн үг. Бүр нарийн ярибал, зөв хүнийг зөв цагт нь зөв албанд нь томилдоггүй. Сайн дурын уран сайханчдад чухал алба даалгахаар эцэст нь ийм үр дүнд хүргэж байна. Хэрэв зөв хүнийг ашиглавал техникийн шинж чанартай асуудлуудыг тэр хүмүүс шийдээд явчихна.

Сайн дурын уран сайханчдад чухал алба даалгахаар эцэст нь ийм үр дүнд хүргэж байна.

Гэрээ, хэлэлцээр байгуулчихаад түүнээсээ буцдаг муу зан бидэнд бий.

-Төсвийн орлогын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Үүнд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй нэг зүйл бий. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогыг тун багаар төсөөлж байсан. Тиймээс түүхий эдийн ханш төсөөлж байснаас хамаагүй өндөр өсөхөөр төсвийн орлого өссөн мэт харагдаж байгаа. Нөгөө талд төсвийн санхүүжилтийг санаатайгаар зогсоосон. Төсвийн орлого төсөөлснөөс давж, зардлыг бууруулсан гэсэн үг. Ингээд орлого, зарлагын зөрүүнээс төсөв эерэг харагдаад байгаа юм. Ерөнхий динамикийг харахад төсвийн нөхцөл байдал харьцангуй эерэг байгаа.

Гэхдээ энэ нь урт хугацааны бодлогын үр дагавар уу эсвэл түр зуурынх гэдгийг ялгаж салгаж ойлгох нь чухал. Танай сониноор дамжуулж хэлэхэд, Монголд Сангийн хатуу сайд хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, үгүй гэж хэлж чаддаг Сангийн сайд. Тодруулбал, өнөө, маргаашаа бодсон, сэтгэлийн хөдөлгөөнд автсан шийдвэрүүдийг дагахгүй гэдгээ зоригтой хэлж чаддаг сайд л чухал байна. Мэдээж, Сангийн сайдыг олон хүн шахаж, шантаажилж байгаа. Манай тойрог дээр ийм мөнгө тусгаад өг, энэ компани миний сонгуулийн кампанит ажилд оролцсон учраас тэр төслийг өг гээд л. Бас нэг сайд хүрч ирээд хоёулаа адилхан Засгийн газрын гишүүн байж, надад туслаач гэнэ. Хүний хэлсэн үг биелүүлдэггүй яачихсан нөхөр вэ гээд Ерөнхий сайд нь загнана. Гэсэн ч энэ бүх шахалт, шантаажийн эсрэг үгүй гэж хэлж чадах нь чухал байна. Бусдыг дагаад намирдаггүй. Та нарын өнөө, маргаашаа бодсон, хүний ам тагласан арга хэмжээнд оролцохгүй гэж хэлж чаддаг. Шахалт үзүүлж, тал талаас нь дайраад байвал тэгвэл энэ албан тушаалаа ав, өөрсдийнхөө аманд багтдаг сайдыг авчир гэж хэлж чаддаг хүн л Монголын сангийн бодлогыг зөв зүгт удирдаж чадна.

ПОПУЛИСТ ШИЙДВЭРТ МӨНГӨ ЗАРЦУУЛЖ БАЙНА

-Монголыг чиглэх мөнгөний урсгал ойрын жилүүдэд эерэг байгаа. Донор хөрөнгө оруулагчид ч санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж байна. Энэ санхүүжилтийг хэрхэн оновчтой зарцуулах вэ?

-Нэгдүгээрт, зарцуулалт талд улс төрийн мөчлөгөөс хамаарч популист шийдвэрт зарцуулаад байна. Хоёрдугаарт, стратегийн шинж чанартай бодлогогүйгээс үр ашиггүй төсөлд мөнгө олгох нь элбэг. Энд нэг хүн гарч ирээд зам тавья, тэнд дотуур байр засъя гэхээр төсвөөс мөнгө өгчихнө. Хөгжлийн ерөнхий стратеги байхгүйгээс ийм байдалд хүрчихээд байгаа. Монголын эдийн засгийн ерөнхий стратеги энэ, үүний дагуу тэр салбар, энэ бүс нутгийг илүү дэмжих ёстой гэдгээ тодорхойлж, түүний рүүгээ хүч, хөрөнгөө төвлөрүүлбэл үр дүнд хүрнэ. Цэгцтэй бодлого байхгүй, тэр бодлогоо тогтмол харж чаддаг хүн байхгүй байгаа учраас овон довон яваад байна. Нөгөө талд, эдийн засгийн эрэлт талыг мөнгөний бодлогоор зохицуулж болно. Монголбанк ч үүнд тодорхой арга хэмжээ авч, бүтцээ өөрчилж байна. Харин нийлүүлэлт тал нь улсын төсвөөр дамжиж хэрэгждэг.

Тохирсноосоо буцаж буй нь юмаа мэдэхгүй байгаагийн илрэл

Гэтэл нийлүүлэлт талын үр дүн хурдан гардаггүй. Зайлшгүй хугацаа шаарддаг. Тиймээс богино хугацаанд юу хийж болох уу, урт хугацаанд хэрхэх үү гэдгээ ялгаж салгах ёстой. Төсвийн зарцуулалт одоо ч замбараагүй хэвээр. Улсын төсөвт суулгасан ТЭЗҮ-ийг хэн, яаж боловсруулж байна вэ. Мэдээж, холбогдох яам, тамгын газрууд хийж байгаа ч дийлэнх нь цээжин баримжаагаар л тоо тавьж буй. Нарийн тооцоо байхгүй учраас мөнгө зувчуулах, хулгайлах, авлига авах үүсвэр бүрдэж байна. Төрийн албан хаагчдыг л аваад үзье. Монгол Улс төрийн 190 мянган албан хаагчтай. Үүний 30 мянга нь цэвэр шахааны хүмүүс. Эрх мэдэл, албан тушаалтан эсвэл улс төрийн учир шалтгааны улмаас төрийн албанд орчихсон. Ямар ч бүтээмжгүй атлаа цалин, урамшуулал аваад л сууж байдаг. Бас болоогүй авлига авч, гарын үсгээ зураад л.

ДОТООДОД БОНД ГАРГАЖ ТААРНА

-Сангийн сайд ирэх онд дотоодод бонд гаргаж, банкны салбарын активыг хувийн хэвшилтэй булаацалдахгүй гэж мэдэгдсэн. Улирлын шинж чанартай эдийн засагт ийм боломж бий юү?

-Монголын эдийн засаг өөрөө улирлын шинж чанартай. Улсын төсөв бүрддэг үйл явц нь улирлаас ихээхэн хамаардаг тул богино хугацааны бонд зайлшгүй гаргаж таарна. Бонд гаргаж болно. Гагцхүү босгосон санхүүжилтээ үр ашигтай зарцуулах нь чухал.

-Эр зориг, манлайлал Монголын улс төрд ус, агаар мэт үгүйлэгдсээр буйтай та санал нийлэх үү?

-Гол нь юугаар манлайлах нь чухал. Популист үйлдэл эсвэл 60 тэрбум төгрөг босгох, авлига авах, бэлэн мөнгө тараах гээд саар үр дагавартай манлайлал Монголд хэрэггүй. Харин дэг журам, сахилга, зохион байгуулалт, зарчмын манлайллыг хоёр гараа өргөөд дэмжинэ.

-Засгийн газрын тогтвортой байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд, тогтвортой байгаасай л гэж хүсэж байна. Засгийн газар солигдоход төрийн бодлогын залгамж халаа өөрчлөгдөхгүй гэдэг бол худлаа. Төрийн алба нь зүгширчихсэн Швед, Норвеги, Дани зэрэг улсад Засгийн газар нь солигдсон ч төрийн бодлого нь доргидоггүй. 31 настай залуу төрийн эрхэнд гарлаа гээд төрийн бодлогын залгамж халаа үргэлжилж байдаг. Харин манайд төрийн хар хүн ховор байгаа нөхцөлд энэ тогтворгүй байдал чинь монгол төрийг бужигнуулаад дуусч байна.

Төрийн албыг бэхжүүлэх, төрийн хар хүнийг бэлтгэх чухал байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн, “Амаржаргал” сан хамтран энэ чиглэлийн хөтөлбөр зохион байгуулах гэж байгаа. Төрийн бодлогын менежментээр мэргэшүүлэх Бизнесийн удирдлагын магистрын нэг жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн албыг чанаржуулах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зорилготой уг хөтөлбөрийг миний бие гардан явуулна. Хөтөлбөрийн бүртгэлийг энэ сарын 14 хүртэл хүлээн авч, танхимын сургалт нь энэ сарын 15-наас эхэлнэ. Монголын төрд үгүйлэгдэж буй төрийн хүний итгэл үнэмшил, ёс суртахууны зөв хандлага, үнэлэмжтэй боловсон хүчин бэлтгэхэд тус болно гэж найдаж байна.

-Энэ Засгийн газарт ажил хийх бараг хоёрхон жил үлдлээ. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эхлүүлж амжих болов уу?

-Хоёр жил гэдэг бол харьцангуй ойлголт. Яг ажил хийнэ гэж горьдож буй ганцхан жил л байна. Тэр нь 2018 он. 2017 оныг тавиад туулчихлаа. Бүтцийн өөрчлөлт рүү хөтөлдөг дорвитой бүтээн байгуулалт, өөрчлөлт хийж чадсангүй. Урсгал талын үйл явдал өрнөөд л дуусаж байна. Ирэх онд юм хийвэл хийнэ. Эс бөгөөс энэ дөрвөн жил үр дүнгүй өнгөрнө. 2019 онд найдах юм байхгүй. Яагаад гэвэл амь амиа боддог цаг. Засгийн газрын сайд нар бүгд амь амиа бодоод, өөрсдийн бизнесээ хөөцөлдөөд, явчихна.

Өнгөрсөн сард болсон Хятадын Коммунист намын 19 дугаар их хурлыг нэлээн ажиглалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний илтгэлийг ч үзлээ. Үнэндээ атаархал төрж байна. Яаж ингэж бодлогоо цэгцтэй удирдаж чадаж байна вэ. 2021 онд Хятадын Коммунист намын 100 жилийн ой тохионо. Монгол Ардын хувьсгалт намтай нас чацуу энэ нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 50 сая хүнийг ядуурлаас аварлаа. Ирэх дөрвөн жилд дахин 30-аад сая хүнийг ядуурлаас гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр 2021 он гэхэд ядуурлыг бүр мөсөн шийдэхээр зорьж байна. Үүний тулд эдийн засгийн ямар арга хэмжээ авах, хэрхэн хэрэгжүүлэх, боловсон хүчний ямар бодлого баримтлах гээд цогцоор нь шийдэж байна. Бас энэ зорилтод нь улс төрийн намуудынх нь үүрэг, оролцоо ямар байх.

Цаашлаад энэ зорилтод нь авлига, хээл хахууль ямар гай тарж болох, үүнийг шийдвэрлэхийн тулд юу хийх гээд маш цэгцтэй бодлого баримталж байна. Мэдээж, урд хөршид хувьсгалт маягийн нам эрх барьж байгаа учраас биднээс өөр байж болно. Манайх бол парламентын тогтолцоотой улс. Парламентын нам байх ёстой. Гэтэл парламентын нам гэдэг маань чухам ямар нам байх ёстой. Ямар үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг ухаарахгүй байна. Өнөөдөр бид нар парламентын намыг компанийн, халаасны нам болгож, эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлддэг хэрэгсэл болгож хувиргалаа. Улс төрийн тогтолцоонд байх ёстой цоо шинэ намын дүр төрхийг гаргаж ирж чадахгүй л байна. Хэн хэн нь, аль аль талдаа үүнд анхаарах ёстой.

ЗГМ

 

Leave a Comment