Итгэлцэл эдийн засгийн категори

Итгэл итгэлцлийн харилцаа анхааралд өртдөг боллоо.

Эдийн засгийн неоклассик сургаалд байгаагүй энэхүү ойлголтыг институциональ эдийн засгийн чиглэлд идэвхтэй ашиглаж, өнөөгийн төвөгтөө зарим асуудлын учир начрыг тайлах гэж оролдож байна.

Итгэлцлийн харилцаа нь төрөл бүрийн булхай, завшаанч байдлаас урьдчилан сэргийлэх, хоршил нэгдэлчлэлийн төлөв шинжийг тодорхойлох, трансакцийн зардлыг буруулах гм олон хүндрэлийг шийдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой юм. Энэ утгаараа эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл болсон гэж үзэж болно. Ялангуяа, системийн харилцаа нь бүхэлдээ нуран унаж, шинээр бүрэлдэн зохион байгуулагдах зовлонт энэ үед итгэлцлийн харилцаа онцгой үүрэг гүйцэтгэх тухай судлаачид бичиж байна.

Итгэлцэл түүний тодорхой илрэл, хэлбэрийг судлах нь чухал боловч амаргүй юм. Учир нь уг ойлголт нь олон талт, дан ганц эдийн засгийн шинжлэх ухаан барахгүй. Итгэлцлийн асуудлыг философи, улс төр судлал, социологи, үйл хөдлөл гм шинжлэх ухаанд эртнээс, илүү гүнзгий хэлэлцэгдэж байсан хэдий ч эдийн засгийн шинжлэх ухааныг хамруулсан нэгтгэсэн дорвитой судалгаа одоо ч алга байна. Магадгүй хамгийн ярвигтай асуудал нь итгэлцлийн харилцааг хэмжих хэмжүүр нь ойлгомжгүй учраас хэрэглэгчдийн, үйлдвэрлэгчдийн итгэлийн индекс гм маш энгийн санал асуулгын дүнгээр дүгнэх гэж оролдож байна.

Итгэлцлийн харилцааны төрөл ангилал бас хүндрэлтэй асуудал. Ялангуяа инститүци тэр тусмаа төр засагт итгэх итгэлийг судлах тодорхойлох амаргүй. Гэхдээ манайх шиг байсхийгээд Засгийн газраа унагаадаг, түүхий эд, гадаадын хөрөнгө оруулалтаас хараат улсад хэрэгцээтэй асуудал.

Инститүци буюу Шүүх, прокурор, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Монголбанк, агентлаг, аймаг сум нийслэл дүүрэг гэх мэтэд итгэх гэдэг хүн хүндээ итгэхээс тэс өөр юм. Инститүци гэдэгт дээр дурдсан зохион байгуулалтын хэлбэр бүтцээс гадна төрийн хууль тогтоол, журам заавар, тушаал тэрч байтугай уламжлалт хэм хэмжээ гм бас багтаж байгаа учраас толгой эргэх энүүхэнд.

Бие биенээ мэдэхгүй танихгүй хүмүүс нүүр тулан харилцан итгэлцэх тухайд бол ойлгомжтой. Эл итгэлцлийн агуулга нь тодорхой нөхцөл байдалд нэг субъект нь таны хүсэн хүлээж байгааг хийнэ, түүний үйл хөдлөл нь урьдчилан таамаглаж болох, хүлээн зөвшөөрөгдсөн үйлдэл гэж ойлгогдож байдаг. Хэрвээ та итгэж байгаа бол нөгөө субъект танд таатай биш юм аа гэхэд ядаж таныг гадуурхсан үйлдэл хийхгүй гэж хүлээж байгаа. Энэ үйлдэл нь хэн нэгний хяналт шахалтгүй хийгдэнэ. Энэ утгаараа итгэлцэл гэдэг нь чигч шулуун шударга, тохь намбатай үйлдлийн презумпци гэлтэй. Та эмзэг, хэцүү, ядарсан нөхцөлд байхад нөгөө этгээд таны энэ сул тал байдлыг өөртөө давуу байдал болгон ашиглахгүй, хүн ёсоор хандана гэж итгэлцлийг ойлгож байгаа юм.

Инститүцид итгэх нь шууд хүнээр дамжихгүй дам харилцаа учраас бас онцлогтой. Инститүцийн эрх зүйн чадамжид итгэх, жишээ нь хууль, заавар журамд итгэх нь ихэнх тохиолдолд төлөөлөн буй субъектэд итгэх асуудал болж хувирдаг. Энд хоёр зүйлийг анхаарах ёстой юм. Нэгд, инститүци нь хүн хоорондын итгэлцлийн харилцаа, түүний агуулга, шинж чанарыг нөхцөлдүүлдэг хэдий ч хоёрт, өөрөө хүний үйл ажиллагааны бүтээгдэхүүн юм. Инститүци нь хүний төлөө үйлчлэх зорилготой үүсгэгдсэн хэдий ч заримдаа хүний дээр гарч, хүнээ нийгэмээ сүйтгэх мангас болдогийг бид бэлхнээ гэрчлэх байх. Хүнээс инститүцид итгэх итгэлээс гадна инститүци инститүцдээ итгэх итгэлцлийн харилцааны асуудал бас үүсдэг. Инститүци гэдэг юманд дам итгэхээс гадна түүнийг төлөөлж буй, түүний нүүр царай болсон тодорхой хүнд итгэх, үл итгэх асуудал бас байгаа учраас өндөг тахианы анхдагч нь аль вэ гэдэг дилемма бас үүсдэг.

Хувь хүн инститүцид хир итгэхээс албан ёсоор тогтоосон хэв журам заавар хууль тогтоомжийг даган мөрдөх хүсэл тэмүүлэл бас хамаарна. Хэрэвзээ институт нь үр ашиг, өгөөжтэй өөрөөр хэлбэл өөрийн үндсэн үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа болон шударга, зарчимтай бол итгэх, хүндлэх, дагаж мөрдөх сонирхол, шаардлага төвөггүй үүснэ. Товчдоо дээрээ суудлаа олсон бол, төр засаг нь шударга, үр ашигтай бол итгэлцэл үүснэ. Эдийн засгийн өсөлт, шударга хуваарилалтыг хангаж буй төрд итгэх итгэл өндөр. Эл зорилгыг шийдэж, хэрэглэж чадаж буй хүн албан тушаалтанд итгэх итгэл бүрдэнэ. Харин төрийн албыг төрлийн алба, намын хороо, 60 тэрбумын, арилжаа наймааны хэрэгсэл, гэмт этгээд, шоронгоос зугтагсадын үүр болгож, иргэдийн аж амьдралыг улам бүр дордуулаж байгаа бол төрд итгэх итгэл алдарч шудрага ёс гм хүлээх горьдлого тасран амь амиа бодоорой гэсэн сэтгэлгээ газар авч, ширэнгэн ойн хууль үйлчлэн, хуримтлагдсан ёс суртахууны нийгмийн капитал тун амархан ширгэдэг юм байна. Тиймээс төр засгийн бүх шатны инститүцийн иргэн хүнд наалдацтай ялангуяа эдийн засгийн үйл ажиллагааны үр өгөөж, шудрага, зарчимтай байх чанар нь бие биенээ нөхцөлдүүлсэн төдийгүй итгэлийг бүрдүүлэх зайлшгүй нөхцөлүүд юм. Төрд итгэх итгэл үгүй, хүн хүндээ итгэл үгүй болсон нийгэм өөдлөхгүй нь ойлгомжтой. Нийгмийн ёс зүйг эерэг болгох чиглэлд өсвөр үеийнхний гэр бүлийн хүмүүжил, бүх шатны боловсролын салбар онцгой үүрэг гүйцэтгэх ёстойг тэмдэглүүштэй.

Сант маралын 2015, 16, 17 оны эхэнд хийсэн судалгаанд улс төрийн намд итгэх итгэл хамгийн доогуур буюу бараг 70 хувь нь итгэдэггүй гэж хариулсан байна. Ерөнхийлөгч, УИХ итгэх итгэл ч доогуур буюу 60 хувь нь итгэлгүй гэсэн бол харин төрийн захиргааны байгууллагад 50 гаруй хувь нь итгэдэг гэжээ. Аль ч талаас нь үзсэн эдгээр үзүүлэлт чамлалттай бөгөөд эрхбиш нэгийг бодогдуулах байх аа.

Р.Амаржаргал

Leave a Comment