Ийм харалган бодлогоос их зүйл горьдох хэрэггүй

 

Өнөөдөр сонины 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №095 /6088/ дугаарт ярилцлага өгснөө та бүхэнд хүргүүлж байна.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Таны харж байгаагаар эдийн засаг ямар бүтэц, загвартай болчихоод хямраад байна вэ?

-Өнөөгийн үүссэн нөхцөлийг би цөөн зүйлээр томьёолдог. Нэгдүгээрт, уул уурхайн эдийн засагтай болчихлоо. Уул уурхайн эдийн засаг өвөрмөц онцлогтой. Зөв бодлого хэрэгжүүлбэл улс орныхоо эдийн засгийг тэлээд, төрөлжүүлээд, орчин цагийн хэлбэрт оруулчихдаг. Буруудвал “Буруу замаар будаа тээнэ” гэдэг шиг л болгодог эд. Улс орнууд буруу замаар явснаа “Голланд өвчин” туссан, “Баялгийн хараал”-д нэрвэгдсэн гэж нэрлээд байгаа хэрэг. Буруу замаар явж буй нь нийгэм, эдийн засагт бутрал, хагарал бий болж байгаагаар илэрдэг. Элдэв үймээн самуун тасрахаа болино. Авлига дээд цэгтээ хүрнэ. Эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Байгаль орчин доройтоно. Ёс суртахууны ялзрал хүртэл манай нийгэмд газар авч эхэллээ. Өр өсөж байгааг бүр ч ярилтгүй. Эдийн засгийн хоцрогдол, өрөөсгөл бүтэц улам нэмэгдэж байна. Эцэстээ нийгмийн ялгарал газар авлаа. Аливаа баялаг, өмч, түүн дотроо байгалийн баялаг тодорхойлолтоороо улс төрийн тэмцлийн орон зай болдог. Монголын нийгэмд өрнөж буй үйл явцыг том зургаар нь харвал байгалийн баялгийн менежментийг хэн хийх вэ, хянах вэ гэдгийн төлөө л тэмцэлдээд байна. Нам болж үзэлцлээ. Хэтэвч нэгтэй бүлэглэлүүд болж үзэлцэж байна. Энэ л үйл явцаас түрүүнд хэлсэн бүх алдаа үүссэн. Асуудлыг ийм өнцгөөс харах хэрэгтэй. Хоёрдугаарт, угтаа уул уурхай эдийн засгийг сэргээгээд, босгоод, Монголын ирээдүйг баталгаажуулах хүчин зүйл мөн үү, биш үү гэдгийг бодолцох ёстой.

-Уул уурхай бидний ирээдүйн баталгаа болж чадах уу?

-Би хувьдаа тэгэх боломж бий гэж үздэг. Юу дутаад байна гэхээр энэ талаар нэгдсэн ойлголт алга. Уул уурхайн сайн, муу тал нь аль вэ, хэзээ улстөржүүлэх ёстой, хэдийд нь болохгүй вэ гэдэг талаар шийдвэр гаргадаг “гол тоглогч” нар нэгдсэн ойлголттой болоод, хэрэгсэл болгоод ашиглавал нийгэмд үр өгөөжөө өгнө. Ингэж чадахгүй бол “Голланд өвчин” тусаж, “Баялгийн харуул”-д нэрвэгдэнэ. Гуравдугаарт нь бас нэг хүчин зүйл бий. Уул уурхай гадаадын хөрөнгө оруулалт шаарддаг. Эхний ээлжинд жижиг компаниуд хөрөнгө оруулаад, төслөө зарж, томцуул нь орж ирж байна. Манай улс ч үндэстэн дамнасан корпорацуудыг оруулж ирээд, эдийн засгийн орон зайгаа тэлэх сонирхолтой байгаа нь зөв. Энэ бол гарцаагүй баримтлах ёстой бодлого. Гэхдээ нэг сонин зүйл бий. Юу вэ гэхээр гадаадын том компаниуд Монголын улс төрийн амьдралд хүссэн, хүсээгүй оролцоод эхэлчихэж байгаа юм. Орж ирэхээсээ өмнө энийгээ янзал, тэрийгээ өөрчил гэсэн шаардлага тавьдаг. Засгийн газраараа дамжуулаад, өрөөл бусдаар хэлүүлээд янз бүрийн шахалт үзүүлж байгаад Монголын эдийн засгийг өөрсдөдөө тааламжтай хэлбэрт оруулдаг. Тэгээд орж ирэхээрээ зохицуулалт шаардана. Усаа төд, газраа төдөн жил ашиглуул гэж шаарддаг. Тэдний энэ үйл ажиллагаа нь манай улс төр, бизнесийн элитүүдийг хуваачихдаг байхгүй юү. “Хуваа, задал, бутарга, тэгээд захир” гэсэн эртний Ромын зарчмаар ажиллаж байна гэсэн үг. Гадаадын том корпорацуудын иймэрхүү нөлөө Монголд бий. Бид тэндээс илүү ухаантай, арга замаа мэддэг байж, залж чиглүүлэх учиртай. Дараагийн бас нэг том асуудал бол парламентийн ардчилалтай нөхцөлд улс төрөө тогтвортой байлгах арга зам юм. Амлалтаа биелүүлэх гэсэн ганц арга зам бий. Тодруулбал, сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлж байж улс төр тогтвортой байна. Уул уурхайд тулгуурласан улс төр бол тодорхойлолтоороо тогтворгүй. Яагаад гэвэл, уул уурхайн түүхий эдийн үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үнэ дагуулж өгсөн амлалт биелэхгүй байх магадлалтай. Иймээс л улс төрийн тогтвортой байдал бүрдэхгүй байна. Яаж үүнээс ангижрах вэ гэдэгт тархи толгойгоо гашилгах хэрэгтэй. Бодлого боловсруулах хүмүүс цалин аваад Төрийн ордонд дүүрэн байна. Бүх яам, агентлаг, аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд үүнийг бодож байх ёстой. Гэтэл тэд үүнийгээ мэдэж, мэдэрч, олж харж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Уул уурхайд тулгуурласан том эдийн засгийг удирдан залахад гео эдийн засаг, санхүү, социологийн гэх мэт маш өндөр мэдлэгтэй мэргэжилтэн хэрэгтэй. Санхүүгийн нөөц хэрэгтэй. Энэ хоёрыг шийдсэн тохиолдолд улс орныг цааш нь аятайхан аваад явчихна. Шийдэж чадахгүй бол горьдох хэрэггүй.

-Манай улсын эрхийг барьж буй аль ч нам уул уурхайн мөнгөний эрэлтэд хөтлөгддөг дүр зураг харагддаг. Уг нь уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөгийг сөрсөн бодлого баримтлах хэрэгтэй биз дээ.

-Ерөөсөө л тэр. Үнэ өндөр байгаа үед хуримтлал үүсгээд, унасан тохиолдолд нөгөөхөө гаргаж, эдийн засгийн бусад салбарт зарах ёстой. Уг нь ийм бодлого баримтлах хэрэгтэй гэж сурах бичигт байдаг. Юм уншдаг хүмүүс үүнийг гадарлах ёстой юм. Сүүлийн 27 жилийн түүхийг харж байхад үргэлж мөчлөг дагасан бодлого хэрэгжүүллээ. Улс төр нь мөчлөгөө дагаад байгаа учраас тогтвортой байдал бий болгохгүй байна гэсэн дүгнэлт гардаг. Хоосон ч биш ээ, жишээ нь би УИХ-ын гишүүн байхдаа хоёр гурван зүйл хийх гэж оролдсон. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг батлууллаа. Үүнд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Тухайн үед хүмүүс учир начрыг нь сайн ойлгоогүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ өсвөл баялгийн сандаа хадгалъя, унавал авч хэрэглэе гэсэн эрх зүйн зохицуулалтыг нь хийсэн хэрэг. Энэ бол бодлогын маш том арга хэмжээ. Гэхдээ үүний ач холбогдлыг ойлгож байгаа төр засгийн зүтгэлтнүүд хэд байгааг би хэлж мэдэхгүй нь. Хоёрдугаарт нь, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хийсэн. Хаана очсон ч урт хугацааны бодлого алга гэдэг. Тэгээд яах ёстой вэ гэхээр “Хууль батлаад өг” гэж шаарддаг юм. Би “Та нар өөрсдийнхөө гар хөлийг хүлэх шаардлагаа байхгүй” гээд хойрго хандаж байсан. Хаа сайгүй шаардаад байхаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг боловсруулж, батлуулсан. Одоо яам, агентлаг төсвөө, мөнгөний бодлогоо батлахдаа, салбарын болон бүс нутгийн хөгжлийг тодорхойлохдоо уг баримт бичгийг удирдлага болгох ёстой. Яам ямар баримт бичгийг хэзээ гаргах, хэрхэн УИХ-д өргөн барих тэр хуульд тусгасан. УИХ түүнийг нь авч хэлэлцээд ямар шийдвэр гаргах вэ, гаргасан хөгжлийн бодлогын зорилт нь хэдий хугацаатай байх ёстой гээд бүх зүйлийг зангидсан хууль. Телевизээр ярьдаггүй, иргэдийн анхаарлыг татдаггүй хууль л даа. Гэхдээ эдийн засгийг залах, чиглүүлэх ерөнхий зохицуулалт талаас нь харвал чухал хууль. Мөрдөөсэй гэж хүсэж байна.

-Мөрддөггүй юм шиг санагдаад байна.

-Мөрдөх хэрэгтэй. Мөрдөхгүй бол “найзуудаа яваарай” гэж хэл. Би УИХ-ын гишүүн байхдаа хуулиа мөрдөхгүй бол ажлаа өгцгөө гэсэн байр суурь илэрхийлдэг байсан.

-Ниймгийн бутрал, хагарал үүслээ гэж байна. Үүнийг тийм ч олон хүн ярихгүй байгаа. Танд үнэхээр бодитоор мэдрэгдэж байна уу?

-Гадаадын том компаниудын эдийн засаг дахь оролцоо, өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд Монголын улс төр, эдийн засгийн элит хэсгийг сөрөлдүүлэн, тэднийг жаахан мөнгө, хөрөнгөөр тойглож байгаа нь илт байна. Дурандах ч юм уу, томруулдаг шилээр харах хэрэг алга. Улс төрийн намаар дамжуулж хэрэгжүүлдэг өнгө аястай байсан. Одоо нам дамжсан бүлэглэлүүд бий болоод, хэтэвч нэгтэй багаар дамжуулдаг боллоо.

-Бизнесийн бүлэглэлүүд уул уурхайд хяналтаа тогтоочихвол олон нийтийн эрх ашиг хаачих вэ. Олон нийтийн эрх ашгийн төлөө дуугарах дуу хоолой сонсогдохгүй байна.

-Харин тийм. Олон нийтийн эрх ашиг 30 дугаарт л тавигдаж байх шиг. Түүнээс биш, нэг, хоёрдугаарт тавихгүй байна. Эх оронч царайлж, аман дээрээ ард түмнийхээ төлөө гэж ярьж байгаа ч тэд үнэн хэрэгтээ шал өөр зорилготой. Олон нийт рүү сайхан нүүр гаргаж ярьчихаад, цаашаа хараад би энэ баялгаас яаж ахиухан хувь хүртэх вэ гэж үзэлцээд байна. Уул уурхайн салбар эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ, хөгжлийг хангах хэрэгсэл мөн үү, монголчуудыг нэгтэж, цул болгож чадах уу гэдгийг асуух цаг болсон. Чадна гэж бодож байгаа бол яаж хэрэгжүүлэхээ тодорхойлох, механизмаа боловсруулах ирэх хэрэгтэй.

-Эрх баригчид, улс төрийн намууд нэгдсэн бодлоготой болохын төлөө яагаад хөдлөхгүй байна вэ?

-Дарангуйлагч нийгэмд байсан бол амархан. Нэг хүн гарч ирээд үг хэлнэ, түүгээр нь хийнэ. Тэр хүн зөв зүйл ярьсан бол гайхамшигтай үндэсний хэмжээний удирдагч гээд баярлана. Тэр хүн нь худалдагдчихсан бол адгийн нөхөр гээд харааж зүхнэ. Манайх ардчилсан орон. Тэгэхээр л парламентийн ардчилал гэсэн ойлголт гарч ирээд байгаа юм. Төрөө тогтвортой байлгахын тулд парламентийн ардчиллын тогтолцоогоо уул уурхайгаас холдуулах нь хамгийн тулгасан асуудал. Дээрээс нь субьектив хүчин зүйл ч бий. Эцсийн эцэст ард түмнийн хийсэн сонголтын үр дүн шүү дээ. Сонгосон хүмүүс нь л төрийн эрхийг барьж байгаа.

-Улс төрөө уул уурхайгаас яаж холдуулах вэ. Танд ямар нэг санал байна уу?

-Монголчууд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйлдээ олохгүй” гээд их тодорхой хэлчихсэн. Дээрээ суудлаа олох ёстой. Суух ёстой хүмүүс нь суудалдаа сууж, өмнөх ажлаа хийх ёстой. Бие биенийхээ ажлыг булааж авч, өмнүүр нь орж болохгүй. Маш энгийн гаргалгаатай зүйл шүү. Дээрээс нь хариуцлагын тогтолцоогоо тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн хариуцлагагүй байдлаас хамаараад өнөөдрийн хямрал үүссэн. Хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Ард иргэд ч түр зуурын өнгө мөнгөнд хууртахгүй, уран цэцэн ярианд хөтлөгдөхгүй, хуурамч эх орончдыг дагаж намирдаггүй байх хэрэгтэй.

-Улс төрийн нэгдсэн бодлогогүйн илэрхийлэл болсон саяхны нэг жишээг эш татъя. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг танай намынхан эрх барьж байх үедээ хувийн хэвшлийнхэн эзэмшихийг зөвшөөрсөн. Гэтэл МАН-ынхан төрд эргүүлэн авч байна. Энэ шийдвэр олон нийтийн дунд хувийн хэвшилд өгөх нь зөв, буруу гэсэн мэтгэлцээн өрнүүллээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг их сүрхий ард түмэнд өгнө гэсэн хүсэл зориг нь юу л бол. Би түүнд нь эргэлзэж байгаа. Төрийн мэдэлд авсныхаа дараа хийж байгаа эхний үйлдлүүдийг хар. Бүтэц зохион байгуулалтын өөрчилж, олон дэд захирал, өчнөөн зөвлөхийн орон тоо бий болголоо. Зөвлөх бүрт нь 10 сая төгрөгийн цалин өгч байгаа нь шал ондоо ашиг сонирхолтой байсны илэрхийлэл. Дахиад 2000-3000 хүн “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд орох өргөдөл гаргасан сураг сонсогдсон. Нэгдүгээрт, цэвэр намын эрх ашгийн үүднээс, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх зорилготой хийсэн ажил гэсэн хардлага төрж байна. Хоёрдугаарт, төрийн мэдэлд авсан процедурыг нь зайлшгүй хөндөх шаардлагатай. УИХ-аар хэлэлцээд төрийн мэдэлд авахаар болсныг бүгд харсан. УИХ бол шүүх биш, шүүхийн ажлыг хийх ёсгүй. Шүүх нь улс төрийн байгууллага биш, улс төрийн ажлыг хийх ёсгүй. Улстөрчид нь аж ахуйн дарга биш, бизнесийн ажлыг хийх ёсгүй. Тэгэхээр байх ёстой газраа бай, хийх ёстой ажлаа хий. Өмнөх ажлаа нэр төртэй хийгээд, хариуцлагаа үүрдэг хүмүүс үгүйлэгдээд байна. Гуравдугаарт, манайд Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гэсэн маш их яригдаж байгаа гурван том орд бий. “Газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, газрын хэвлийн баялгийг ард түмэнд өгөх ёстой. Хувьцаа хэлбэрээр өгнө гээд “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан. Түүгээрээ дамжуулаад өгөх хэрэгтэй шүү дээ. Цэцэрхсэн лоозон ярих биш, сонгуулийн кампанит ажил болгох биш, хариуцаж хүмүүс нь хийх ёстой. Эцсийн дүндээ Засгийн газар хариуцаж байгаа. Нарийн яривал “Эрдэнэс Монгол” компанийнхан гардан зохион байгуулах учиртай.

-Нэгдсэн бодлогогүй байгаа нь гадаадынханд яаж харагдах бол. Магадгүй тэдэнд өгөөш болох байх, нөгөөтэйгүүр төрийн бодлого нь тогтворгүй гээд тэд зугтах байх.

-Инээд нь л хүрч байгаа биз. Зарим нэг зүйл дээр хагаралдаад эв зүйгээ олохгүй, нэгдсэн бодлогогүй байх нь тэдэнд ашигтай. Зарим зүйл дээр бодлого нь тодорхой болоод өөрсдийнх эрх ашигт нийцвэл бас л ашигтай. Эрх биш цалин хөлс авч байгаа хүмүүс нь хардаг байлгүй.

-Манайх гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой улс. “Эрдэнэ үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг УИХ-ын шийдвэрээр төрийн мэдэлд авчихаж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэсэн өнцгөөс зарим хүн тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид болгоомжлох болов уу?

-Зугтаагаад л байгаа шүү дээ. Бид тоглоомын дүрмээ цэцэлж чадахгүй байна.

-Улстөрчдийн бас нэг алдаа нь төсвийн бодлого гэж хардаг. Эрх баригчид төсвөө мөчлөг дагасан “чөтгөрийн тойрог”-оос нь гаргаж чадахгүй юм. Яах вэ?

-Үнэн. Өмнөх алдаагаа давтаад л байна. Нөгөө талаас бас нэг зүйл бий. Эдийн засаг тэлээд л байна. Тэлж байгаа эдийн засгаа харж, чухам хаана нь юу хийх ёстой вэ гэдгээ зөв оношилж, бодлогоо тодорхойлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Сангийн яамны марко эдийн засгийг удирдах чадвар дутдаг. Тэлж байгаа эдийн засгаа дагаж чадваржихгүй байна. Салбарын яамд ч ялгаагүй. Намайг Ерөнхий сайдын алба хашиж байхад Монголын эдийн засаг өчүүхэн байсан. Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 48 тэрбум төгрөг байлаа. Одоо бол нэг аж ахуйн нэгж гаргаж байгаа хөрөнгө. Тэгэхдээ л зөв зүйтэй зарцуулах гэж хичээдэг байж. Монгол Улсын гадаад валютын нөөц анх удаа 100 сая ам.долларт хүрснийг УИХ-д танилцуулж, баярлацгааж байлаа. Тийм жижигхэн байсан эдийн засаг 20 их наяд төгрөг давчихлаа. Том зургаар нь харж, гол цэгийг барьж авах чадвар дутаад байна.

-Төсвийн тодотголоо баталлаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хасаад төсвийн зардлаа бууруулах болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан. Гэтэл төсвийн зардлыг 200 тэрбум төгрөгөөр өсгөөд баталчихлаа. Та ямар дүгнэлт хийсэн бэ?

-Тэртэй, тэргүй шахаанд ороод баталсан төсөв. Би бүгдийг нь ярихаа болиод, хоёр гурван зүйл хөндье. Хүүхдийн мөнгийг хассан нь стратегийн алдаатай зүйл байсан. Мөнгө зараад байгаа хэрэг биш, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм. Ирээдүйд Монголд эрүүл, хүмүүжилтэй, боловсролтой, шударга, зарчимч иргэн хэрэгтэй юм уу гэдэг асуудал. Түүний оронд хэдэн дэд сайдаа цалинтай байлгасан нь дээр гэсэн шийдвэр гаргаж байна. Ийм шийдвэр гаргаж буй нь дэндүү харалган байгаагийн жишээ. Бизнесмэнүүд татвар нэмэхийг эсэргүүцсэн. Тэгээд УИХ-ын даргатай уулзаад “Татвараа намар эргүүлээд бууруулахаар тохиролцсон” гэсэн мэдээллийг хэвлэлээс авлаа. Таван сарын дараа татвараа буцааж бууруулах юм уу. Олон улсын валютын сангийнхныг хуурч байгаа юм уу. Ийм харалган, үсчсэн бодлого явуулж байгаа тохиолдолд их зүйл горьдох хэрэггүй.

ОУВС-гийн Өртгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авах нь бидэнд хэтдээ ашигтай юу?

-5.5 тэрбум ам.долларын тухай яриа байгаа бил үү. Үүнээс хоёр тэрбум гаруй нь огт хамааралгүй, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн мөнгө. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд жилд нэг тэрбум ам.доллар Монголд орж ирнэ гэсэн үг. Нэг тэрбум ам.доллар Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд анзаарагдах ч үгүй. Ойр зуурхан санхүүжилт хийгээд, төсвийн алдагдлыг нөхөөд дуусна.

-Гутранги зүйл нэлээд ярилаа. Өөдрөг төсөөлөл харагдаж байна уу?

-Асар их потенциал бий. Үүнийгээ “чулуу” болгож чадах уу гэдэг нь бидний чин зоригоос хамаарах гээд байна. 35 хүртэлх насныхан хүн амын 60 хувийг эзэлж байгаа. Энэ бүтэц Монголын ирээдүй маш тод байгаагийн жишээ. Залуучуудад тулгуурласан нийгэмд хөгжих боломж маш их. Байгалийн баялгаас гадна мэдлэг боловсролтой залуус байна. Мэдлэг боловсролтой залуус ч асар том потенциал. Зөв залах, чиглүүлэх, удирдах, эв нэгдлийг хангах бодлого дутаад байна. Залуусаа зөв чиглүүлэхээс бүх зүйл хамаарна.

Leave a Comment