Улс төрч, төрийн албан хаагчийн үнэлэмж, эрхэм зорилго, зорилт нэг, нэгдмэл ойлгомжтой нөхцөлд бид урагшлана.

зөв бодлого – зөв улс төр

Саяхан, нэг хэлэлцүүлэгт уригдаж төрийн бодлогын залгамж чанарын тухай ярих болов. Манайхан л болсон хойно ярианы сэдэвт захирагдана гэж юу байхав. Төрийн бодлого гэсэн илүү өргөн сэдэв рүү хальтран орлоо.

Нэвтрүүлгийн явцад миний бие тасралтгүй хувьсан маш түргэн өөрчлөгдөж буй нөхцөлд төрийн бодлого, түүний залгамж чанар гэж юу болох, яаж илэрч, өөрчлөгдөж байгаа, төрийн бодлогын залгамж чанарыг ямар механизм хэрхэн хангадаг, түүн дотор албан болон албан бус механизмыг хэрхэн ойлгох, хэрэглэх, залгамж чанарыг тээгч ямар субъект байх, тэр дотроо төрийн албан хаагчид, улс төрчдийн үүрэг функц юу байх, төрийн бодлогын залгамж чанар чухам хаана, юун дээр, ямар асуудалд байх ёстой зэрэг тухайн үед санаанд орсон, цөөн хэдэн асуудал хөндсөн юм.

Яваандаа, төрийн бодлогын залгамж чанарыг хангах үүрэгтэй төрийн албан хаагчдын тухай эргэн хөндөх ёстой гэж бодож явсан бөгөөд одоо уншигч тантай зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя.

  1. Улс төрөөс зугтах аргагүй болжээ. Уул нь зугтаад нуугдаад байх зүйл эхэндээ байгаагүй л байх. Харин өнөөдөр тэгтлээ олны эгдүүцэл дургүй хүргэж буй улс төр нь гажигтай, нэг л буруу яваад байгаа бололтой.  Жишээ нь, улс төр нь алдаатай буруу бол төрийн алба гажиж, улмаар  төр нь тун сул доройтно. Төрөө эрхэмлэн дээдлэх дуртай, уламжлалтай монголчууд сул дорой төр байгаагийн учир шалтгааныг зөв улс төр мөрдөхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.
  2. Норматив талаас, улс төр ба төрийн бодлого хамтдаа, цогц, нягт уялдаа бүхий л явах ёстой. Аль нэг нь эвдрэн гажих нөхцөлд цогц чанар алдагдаж, тогтолцоо нь бүхэлдээ гацан, төрийн дархлаа ч эрс доройтодог. Нөгөөтээгүүр, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй албан хаагчид, аль нэгэн хүчний улс төрийн явцуу эрх ашигт үйлчлэх учиргүй. Гэхдээ тэд сонгуулийн дүнгээр бүрэлдэх засгийн газраас ангид байна гэж байхгүй, салгах ч аргагүй.
  3. Өнөөгийн нөхцөлд төрийн бодлого нь сонгогчдын  хүсэл тэмүүллийг гүйцэлдүүлэх улс төрийн зорилго бүхий орчинд оршино. Тэр хүсэл тэмүүллийг олж харсан, зөв тодорхойлон, итгэл олсон улс төрийн хүчин сонгуульд ялах учиртай. Харин энд нэг асуулт үргэлж гарч ирж байдаг: сонгогч ард олны хүсэл тэмүүлэл дандаа зөв үү? Гунигтай гашуун түүх тун ч зөндөө тохиолдсон гэдгийг дурдаад өнгөрье.
  4. Төрийн бодлогыг түмнээсээ мандат авсан хүмүүс тодорхойлон манлайлан хэрэгжүүлэх ёстой. Сонгуульд ялсан нам нь засгийн газраа байгуулан, манлайлах (халтуурдах биш) үүрэгтэй сайд нараа тодруулан тохоон томилж, тэд нь зүг чиглэлийг зааж, төрийн албан хаагчидтайгаа хамтран бодлогоо хэрэгжүүлэх арга загвар, механизм боловсруулах учиртай. Төрийн албан хаагчид улс төрийн зорилго зорилтыг ажил хэргийн, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх заавар журам, дүрэм аргачлал болгох ёстой.
  5. Зөвшилцлийн ардчилал төрийн албыг хүчгүйдүүлдэг, сулруулдаг бололтой. Ямар ч гэсэн сүүлийн 25 жилийн туршлага ийм дүгнэлтэд түлхэж байна.
  6. Ард иргэдийнхээ болон улс орны өмнө хариуцлагаа хүлээх үүрэгтэй улс төрийн нам нь “хэн нь илүү популист вэ” уралдаанд оролцон явах юм. Тэд улс орныг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх бус сонгогдох гэсэн цорын нэг л зорилготой.
  7. Арай тулахтай байх ёстой намууд нь сөрөг санал цуглуулах, эсэргүүцсэн, хараар л будахаас өөр ажил мэдэхгүй, чадахгүй улс төрийн намуудад орон зайгаа алдах янзтай байна. Сонгуулийн мажоритар систем 2 том намыг давамгайлуулдаг хэдий ч савлахаар тун ярвигтай гэдгийг анзаарах ёстой юм.
  8. Хэрэг дээрээ төр гэдэг нэрийн ард нуугдаж буй намууд дандаа хувааж, задалсан, эвдэлсэн, үймүүлсэн, бужигнуулсан үйл ажиллагаа явуулж байна.  Нэгтгэх чадвартай улс төрийн нам, улс төрч гараад ирэх болов уу гэхээр “намайг л баяжуулах юм уу гэж” гэж асуух юм.
  9. Төрийн албыг улс төрөөс, улс төрчдөөс ангид байлгана гэж зөндөө ярилаа. Ангид гэдгээ ч сайтар ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй нэг хэсэг улс төрчид байна. Ангид гэхээр сонгогдсон намын эсрэг ч юм шиг, хамтран ажиллахгүй байх ч юм шиг мушгин, сонгууль болгоны дараа төрийн албыг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр бужигнуулж өөрийн намын гишүүд, дэмжигч, нутгийнхан, хамаатан ах дүүсээ голдуу ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй “үүрэг гүйцэтгэгчээр” томилсоор ирлээ.
  10. Сонгуульд нэгэн нам ялахаар л яам агентлагийн түшмэд бүгд өөрчлөгддөг, асуудлыг мэдэх мэдэхгүй шинэ хүн “дадлага” хийхээр ирээд нэгэн хугацаанд сурдаг, сурдаггүй хэдэн товариш өөрийнхөө бөгөөд ерөөлийнхөө цагийг барсаар, төрийн ажил гацсаар дараачийн сонгуулийн нүүрийг үздэг нэг иймэрхүү гунигтай гэхээс илүү гамшигтай, хорлонтой байдал үүсчхээд байна. Мөн түүнчлэн богино хугацаанд төрийн албанд очигсод албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой байдаг гэдгийг одоогийн практик харуулсаар байна.
  11. Өнөөгийн түүхэн нөхцөл – нэгтгэгч, шударга улс төрийн хүчнийг хүсэн хүлээж, хайж байна. Сонгогдсон засаг ёс зүйтэй, эрхэм дээд зорилготой, ажил хэргийн мэдлэгтэй байх ёстой юм. Төрийн алба мэргэжлийн өндөр боловсролтой, ёс зүйтэй, хүмүүнлэг зэрэг олон талын шалгуурыг хангасан байх ёстой. Боловсролын төвшин, эзэмшсэн мэргэжил, туршлага гэсэн шалгуураас гадна бусдыг хүндлэх, хүмүүнлэг, чигч шулуун, шударга, үнэнч зэрэг хүний зан чанарыг товойлгох чадвартай тогтолцоо үгүйлэгдэж байна. Монгол төрийн алба хаагч – “төрийн хар хүн” – маш өндөр эрдэм чадалтай, цэвэр шударга, үнэнч, ажил хэрэгч, зарчимч болтол өдий бололтой.  Бэлэн зэлэн юм даанч алга.  Сонгон шалгаруулалтын өнөөгийн тогтолцоо үр дүнгээ өгөхгүй байна.
  12. Улс төрийн энэхүү шаардлага, эрэлт хэрэгцээг төрийн албан хаагчид мэдрэх, ойлгох, ухаарах ёстой. Учир нь тэд эрх баригчдын бодлогыг хамгийн үр ашигтай зохистой хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
  13. Улс төрчид, төрийн албан хаагчид нэг баг болон хөтлөлцөөд явдаг тохиолдол өнгөрсөн 25 жилд бараг үгүй л дээ. Тиймээс сонгуулийн дараа засаг, дарга нар солигдон боловсон хүчний “газар хөдлөлт” болдог. Энэ хоёр хамтарч сурах хүртэл, төрийн албан хаагчид улс төржихөөс ангижиртал хөгжил дэвшлийн талаар мөрөөдөх ч хэрэггүй бололтой. Тиймээс төрийн албыг ном ёсонд нь оруулах нь өнөөгийн түүхэн зорилт.
  14. Улс төрч, төрийн албан хаагчийн үнэлэмж, эрхэм зорилго, зорилт нэг, нэгдмэл ойлгомжтой нөхцөлд бид урагшлана.

1 thought on “зөв бодлого – зөв улс төр

  1. ТА АСУУДЛЫН ҮР ДАГАВАРЫГ ХАРДАГ ХЭВЭЭРЭЭ Л БАЙХ
    АЛИВАА АСУУДАЛ ҮНДСЭН ШАЛТГААНААСАА УРГАН ГАРДАГ.
    ТҮҮНИЙГ ШИЙДЭХГҮЙГЭЭР ҮР ДАГАВАР ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ.

    ЭНЭ БҮХНИЙ ҮНДСЭН ШАЛТГААН НЬ “АРДЧИЛАЛ” ШҮҮ ДЭЭ.

    ҮНЭНДЭЭ DEMOCRACY ГЭДЭГ БОЛ АРДЫН ЗАСАГ, АРДЫН ЗАСАГЛАЛ ГЭДЭГ ҮГ БОЛОХООС

Leave a Comment