Бүс нутгийн том зах зээл бидний өмнө нээлттэй байна

УИХ-ын гишүүн, ММНБИ-ийн хүндэт гишүүн Р.Амаржаргалыг зочны хойморт урьлаа. Тэрээр Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо шинэ тутам хөгжихөд голлох үүрэгтэй оролцсон юм.
-Монгол Улсад мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн 20 жилийн ой тохиож байна. Аудитын тогтолцоо шинээр бүрэлдэж, хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд уг тогтолцоо таны төсөөлж байсан шиг сонгодог жишгээр хөгжиж чадсан уу. Та өнөөгийн хөгжлийн үе шат, түүний явцыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд, сүүлийн чухам ямархуу янзтай үйл ажиллагаа нь явж байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Манайхан тодорхой түвшинд энэ байгууллагыг аваад л явж байх шиг харагддаг. Үүсгэн байгуулж байх тэр үед бол бүх зүйл нь харьцангуй шинэ байсан л даа. Нягтлан бодогч чинь мэргэшсэн байдаг юм байна гэсэн ойлголт анхлан гарч ирсэн. Үүнтэй ч манайхан өөрсдөө шинэ тутам танилцсан байх. Мэргэшсэн нягтлан бодогч нар чинь өөрсдөө өөрийн гэсэн институттай байдаг юм байна. Өөрийн гэсэн байгууллага байдаг юм байна. Энэ бол төрийн институт биш юм байна. Төрд бол хамаагүй юм байна. Өөрийн гэсэн мэргэжлийн нэг ийм институт байдаг гэсэн ойлголтыг цоо шинээр гаргаж ирсэн нь гол ач холбогдол нь тухайн үед оршиж байсан болов уу гэж боддог.
Тэр институт нь нягтлан бодох бүртгэлийн ерөнхий стандарт, мөрдөх ёстой гол арга замуудыг тодорхойлж өгч байх ёстой юм байна гэдэг нь тухайн үедээ бас л шинэ зүйл байсан. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээсээ гадна аудит гэж байдаг юм байна. Энэ чинь нягтлан бодохоосоо тэс өөр юм байна гэсэн ойлголт ч гарсан.Эдгээр нь бүхэл бүтэн тогтолцоо байдаг юм байна гэсэн дээрх ойлголт улам гүнзгийрч, үндсэндээ шинэ тогтолцоог эрчимтэй нутагшуулахаар дор бүрнээ л зорьцгоосон. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн ой тохиож байгаа. Ой гэдэг тэмдэглээд өнгөрөх зүйл бус дараа, дараагийн хөгжлийн зураглалаа тодорхойлох маш хариуцлагатай үе юм.
-Тэр үед хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Мэргэшсэн нягтлан бодогч гэдэг чинь тодорхой аж ахуйн нэгж, байгууллагуудын түвшинд ажилладаг юм байна. Үүнээс доошоо ороод ирэхээрээ зүгээр л нягтлан бодогч гэсэн хэмжээнд явдаг гэдэг ч юм уу. Энэ бүхнийг л 1990, 1991 онд цоо шинээр байгуулж, гаргаж ирж байса. Нэгэнт ойлголт нь гарч ирж байсан болохоор тухайн үед эргэлзсэн хүмүүс байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ерөнхийдөө нийгэм бол тухайн үедээ их сайхан хүлээж авсан л даа. Их, дээд сургуулийн багш нар ч дэмжсэн. Үүний үндэс нь Санхүү, эдийн засгийн дээд сургууль байгаа юм. Тухайн үедээ Эдийн засгийн коллеж гэсэн нэртэй байсан. Коллеж маань үүний суурь болсон. Коллежийн багш нар маань өөрсдөө энэ төрийн бус байгууллагын гишүүд нь болж, удирдах зөвлөлийгнь бүрдүүлж, цааш цаашаагаа явсан. Нэгэнт институтийг нь байгуулаад удирдах зөвлөлийг ажилд нь оруулаад цэгцлээд өгсөн болохор би үндсэндээ үйл ажиллагаанаас нь холдсон.


-Магадгүй нөхцөл нь бүрдэж, тодорхой хэмжээнд хүлээлт ч үүссэн байсан байх?
-Тухайн үед бүхнийг л шинээр эхэлж байсан учраас нэг юмыг эхлүүлээд, зүгшрүүлээд, хандлагыг нь гаргачихаад дараагийнхаа ажил руу ордог тийм л байсан. Ямар ч байсан мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийг байгуулаад мэргэшсэн нягтлан бодогчдын тогтолцоо маань бүрдээд өдий болтол явж байгаа нь их сайн хэрэг. Үүнийгээ эрх зүйн хувьд баталгаажуулсан. Би бол хувьдаа эрх зүйн хувьд баталгаажуулсандтийм ч таатай хандаад байдаггүй юм. Яагаад гэвэл хуулиар ямар нэгэн байгууллагуудыг хувьчилж өгөхийг бихувьдаа дэмждэг хүн биш л дээ. Гэхдээ манайхны өөрсдийнх нь бодож, сэтгэж байсан хэмжээнд нь хүлээн зөвшөөрөөд л явсан байгаа.
-Нягтлан бодох бүртгэлийн тухай шинэ хууль энэ оноос хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хэрхэн анхаарах ёстой вэ?
-Дээр хэлсэн миний санаа бол МНБИ өөрөө ингээд баталгаажуулсан утгатай. Ер нь бол дахиад хэлэхэд, энэ бол аль болох төрөөс хол байвал сайн байгаа юм. Төрөөс хол байгаад аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа яг мэргэжлийн хүмүүс өөрсдийнхөө мэргэжлийн ёс зүйг нь шалгуур болгоод мэргэжил, мэргэшлийн түвшинд хийх ажлаа томъёолж байх ёстой. Энэ их чухал. Ийм нэг гүйлгээ хийхэд энийг бид актив талд нь юм уу, пассив талд нь бичих юм уу, кредит талд нь бичих юм уу гэдгийг яг нарийн сайтаргаргаж, энийг өөрийнх нь өртөгт нь тооцох юм уу, татвар ногдуулах зардалд тооцох юм уу, үгүй юм уу гээд. Үүнийг л мэргэжлийн түвшинд гаргах ёстой.
Харамсалтай нь манайх энэ бүхнийг урьд нь төрийн байгууллага, Сангийн яамаар дамжуулж хийдэг байсан. Тэгээд энэ нэг байдал нь одоо ч гэсэн үргэлжлээд л байдаг. Заавал юм хийхдээ, шинэ юм хийж, урагш нь явуулахдаа яамдаар оруулж, төрийн байгууллагын хүч дэмжлэг авах гэсэн сэтгэхүйнээсээ ерөөсөө салахгүй байгаа. Миний хэлэх гээд байгаа гол санаа гэхээр аль болох төрийн байгууллагаас хол байж, өөрсдөө мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа авч явдаг нь хэрэгтэй байгаа юм. Тэгээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой гэсэн ийм л юмыг бодож явдаг шүү дээ. Миний ойлгож байгаагаар тэр нь л арай зөв санагдаад байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт маш том ололт, шинэчлэл, ахиц, дэвшил гарсан. Үүнийгээ бэхжүүлж, илүү шинэ шатанд гарахын төлөө ажиллах хэрэгтэй.
-Одоогийн СЭЗДС энэ салбарын боловсон хүчинг одоо ч бэлтгэсээр байгаа. Шинээр гарч ирж буйболовсон хүчний чанар, чансаа ямар түвшинд байна вэ?
-Ер нь манай сургуулийн бэлтгэж байгаа боловсон хүчинд сэтгэл маш хангалуун байгаа. Зөв жишээ юм уу, буруу жишээ юм уу бүү мэд. Сая тэр нэг Багануурын нүүрстэй холбоотой шуугиан дэгдлээ шүү дээ. Тэрэн дээр манай сургуулийн төгсөгч охин нягтлан бодох нь байсан. Тэгээд тэр мэргэжлийн түвшинд асуудлаатайлбарлаад аваад гарч байгааг харахад, үнэхээр манай төгсөгч нар бол маш мундаг мэргэжлийн чадвартай мундаг юм байна гэдэг нь харагдсан.
-Ер нь бид олон улсын тавьж байгаа стандарт шаардлагыг хэр мөрдөх ёстой юм бол. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Нягтлан бодох бүртгэл гэдэг бол бизнесийн хэл. Тухайн аж ахуйн нэгжийн гаргасан тайлан балансыг бол Америк, Хятад, Япон, Монгол аль нь ч байсан гэсэн аваад үзэхэд л уншиж чаддаг л байх ёстой. Хэрвээ миний уншдаг тайлан мэдээ манай аж ахуйн нэгж байгууллагуудын гаргаж байгаа тайлан мэдээнээс зөрдөг, стандартгүй бол тухайн хөрөнгө оруулагч итгэж хөрөнгө оруулалт хийж чадахгүй шүү дээ. Бид гадаадынхөрөнгө оруулалтыг дэмжээд оруулъя, гаднын хөрөнгө оруулалтыг үнэхээр Монгол руу татах гэж байгаа бол нягтлан бодох бүртгэлээ олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай. Хэн ч гэсэн, ямар ч хөрөнгө оруулагч орж ирээд тайланг нь уншихад ойлгомжтой байдаг тийм л стандарт руу оруулах ёстой. Ийм л шаардлагатай цаашид ч тулгарна.
Сүүлийн үед гарч байгаа маргаанууд тийм байгаа шүү дээ. Зардал дотроо бид нар юуг оруулах вэ, юуг оруулахгүй вэ, цаг хугацааны хувьд үүнийг нь яаж тооцох вэ гээд маш маргаантай асуудал үүсдэг. Энэ нь нэг харахаар асар их өр төлбөрт оруулаад байгаа юм шиг, нэг харахад авах ёстой цаг хугацаанд нь авч чадахгүй байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ ажил бол дутуу хийгдэж байна гэж бодож байна. Энийг дахиад төрийн байгууллагуудаар дамжуулахгүйгээр одоогийн институт маань өөрөө санаачлагатай хандаад өөрөө стандартуудаа тогтоогоод бүх шатны хүмүүстээ өөрийнхөө сүлжээгээр дамжуулаад мэдээлэл хүргээд, удирдаж чиглүүлээд санаачилгатай ажиллах боломжтой. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог Монгол Улсад төлөвшүүлэхэд оршиж байгаа. Энэ чиг, зорилгынхоо хүрээнд ч нэг талаар ажиллаж байгаа. Гэхдээ л санаачилга дутагдалтай байгаа тал анзаарагддаг.
-Нягтлан бодох бүртгэлийн асуудал үндсэндээ Сангийн яамнаас хамааралтай хэвээр л байна.
-Тийм ээ. Өөрсдөө л ийм сонголт хийсэн шүү дээ. Миний анх үүсгэн санаачилсан юм бол аль болохоор Сангийн яамнаас хол байя гэсэн санаатай байсан. Дараа дараагийн удирдлагууд гарч ирээд ажлаа явуулж чадахгүй байсан уу, эсвэл туршлага дутсан уу, янз янзын учир шалтгаан байгаа байх. Аль болохоор төрдойртуулах гэсээр байгаад хамаарал нь нэмэгдсэн. Уг нь бол төрөөс хол л байх ёстой байгаа юм. Яг өөрсдөө стандартаа тогтоогоод явдаг. Тэр л уг нь болно. Үүнийг нь нийгэм хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой.Цаашид институт аль болох л бие даасан үйл ажиллагаа явуулах нь чухал. Болж л өгвөл төрийн оролцоо бага байх хэрэгтэй. Зохистой түвшинд төрийн оролцоо байх ч төдийлэн шаардлагатай бус.
-Дунд болон урт хугацаанд нягтлан бодогчдын ур чадварыг дээшлүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх тал дээр цаашид яаж ажиллах шаардлагатай вэ?
-Өөрсдийн санаачилга, зүтгэлээс л хамаарна. Одоо бол мэдэхгүй юм байхгүй шүү дээ. Бүх юм ойлгомжтойболчихсон. Маш том боломж, бололцоо бүрдлээ. Бүсийн нягтлан бодогчдын холбоо гэж байгаа. Ази-Номхон далайн, Азийнх гээд байж байгаа. Дэлхийн болон олон улсын байгууллагууд ч бий. Тэд нартайгаа яаж, хэрхэн хамтарч ажиллах талаар дор бүрнээ санаачилга гаргах нь чухал. АСЕАН-ы орнуудын нэгдсэн нэг зах зээл бий болчихлоо. Европын холбоо чинь нэгдсэн нэг зах зээл. Түүнтэй адилхан АСЕАН-ы орнууд чинь нэгдсэн нэг зах зээлийг бий болгоод явж байна. Энэ зах зээл дотроо нэг гол элемент нь санхүүгийн системийн интеграци гэсэн тийм хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, АСЕАН-ы аль ч оронд орсон гэсэн тэр арван хэдэн орнуудад нягтлан бодох бүртгэлийн нэг стандарт мөрдөгдөж, түүнийхээ дагуу бүх үйл ажиллагаа нь явдаг хандлага руу үндсэндээ шилжчихлээ. Тэгэхээр манайх ч гэсэн үүнийг мэдэж л байх ёстой. Тэр интеграци дотор манай Монгол хаана нь явж байгааг тооцоолох учиртай.
Зүүн өмнөд Ази гэдэг чинь маш том зах зээл. Тэр чигээрээ хэдэн зуун сая дотоодын бүтээгдэхүүнтэй. Дээрээ нь АСЕАН-ы улс орнуудтай БНХАУ улс чөлөөт худалдааны гэрээ байгуулчихсан. Япон, Солонгос хүртэлбайгуулчихсан. Тэгэхээр энэ чинь агуу том зах зээл болчихсон гэсэн үг. Энэ зах зээл, энэ эдийн засгийнхарилцаа, хэлхээн дотор манайхан явж л байх ёстой. Явна аа гэдэг чинь дахиад л энэ институтийн шугамаар дамжаад явах ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу хийх вэ гэвэл маш ойлгомжтой. Тэр нь идэвх санаачилга. Би бол хувьдаа юу гэж харж байна вэ гэхээр одоо энэ манай нийгэмлэгийг удирдаж байгаа хүмүүс илүү идэвх санаачилагатай байвал том үүд хаалга өмнө нь нээлттэй байгаа гэж хэлэх гээд байна.
-Олон улсын нягтлан бодох бүртгэлийн томоохон компани, сүлжээ, байгууллагуудын төлөөлөгчийн газрууд Монголд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Та үүнийг хувьдаа юу гэж бодож явдаг вэ. Дотоодын аудитын компаниудын өрсөлдөх чадварт эерэг байдлаар нөлөөлж байгаа юу?
-Их, бага хэмжээгээр өрсөлдөх чадварт нь эерэг байдлаар нөлөөлж байгаа. Үүний сайн талыг үгүйсгэж болохгүй л дээ. Тодорхой үе шаттайгаар энэ бүхэн явагдаж байгаа байх. Мэдээж, өөрсдөө энэ бүгдийг хийжчадахгүй байгаа тохиолдолд олон улсын туршлагатай компани, аж ахуйн нэгж орж ирж буй байх. Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн долоон компани байдаг байсан. Зарим нь одоо байхгүй болоод цөөхөн нь үлдчихсэн байгаа байх. Эдгээрээр дамжаад гарна гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Арга, туршлага, ололттой талаас нь манайхан суралцах, авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
-Та салбарынханд хандаж юу гэж хэлэх вэ?
-Нягтлан бодох бүртгэлийн хамгийн гол зарчим бол шударга байх явдал. Үүнийг л дээдэлж, мэргэжлээрээүргэлж бахархаж байх ёстой. Энэ бол үнэхээр сайхан ажил, мэргэжил. Нягтлан бодох бүртгэлээр чинь дамжиж улс орны чинь эдийн засгийн бүх л харилцаа харагдаж байдаг. Үүгээр чинь дамжиж мөнгөний эргэлт явагдана. Тэгэхээр чин шударгаар ажиллана гэдэг хамгийн чухал зүйл. Магадгүй, энэ мэргэжлийн үнэт зүйл нь энэ байх. Тиймээс үндсэн зарчмаа л алдаж болохгүй байгаа юм. Мэдээж ингэж ажиллахын тулд байнга өөрсдийгөө боловсруулж байх хэрэгтэй. Ийм хэрэгцээ, шаардлага ч бий. Байнга шинэ юм хайж, эрэлхийлж, мэргэжлийнхээ дагуу холбогдох бүтээл, судалгааг уншиж байх нь зөв. Өөрийгөө л их сайн дайчилж ажиллаарай гэж хэлье. Амжилт хүсье.

Эх сурвалж:
“Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт” улирал тутмын сэтгүүл
2016 он, №02 (28)
Сэтгүүлч: Б.Баяртогтох

Leave a Comment