Сондгойрол

Эрчээ аажмаар алдаж буй эдийн засаг удааширч байна. Түүний өсөлт хэрхэн огцом уруудсаар байгааг төгрөгийн ам.доллартай харьцах ханшнаас харж болно. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хувьтай тэнцлээ. Экспортын бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд хоёр дахин буураад байна. Өнөө жилийн төсвийн орлого нэг их наядаар тасрах нь бараг л тодорхой болчихлоо. Эдгээр таагүй үзүүлэлт эдийн засагт томоохон хүндрэл үүсгэж байна.

Дээрх бэрхшээлийг хохирол багатайгаар богино хугацаанд туулахаас өөр аргагүй. Ингэж доройтсон эдийн засгаа уналтаас даруй гаргахгүй бол нөхцөл байдал улам хурцдах нь. Ээдрээтэй бас зовлонтойхон ийм үед дан ганц “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнээр эдийн засаг сэргэх нь юу л бол. “Тавантолгой” хөдөллөө ч гэсэн түүний өгөөжийг хэзээ, хэдийд хүртэх, эсэх нь өнөө бүрхэг хэвээр байна. Улс төрийн өрөг дээрх Тавантолгойн ордыг тойрсон талцал, маргаан нэг талдаа гарах нь өдий хол бололтой.

Улстөрийн тогтворгүй байдал, түүний савалгаа хөрөнгө оруулалтын орчин дахь ужиг “шарх”-ыг улам л сэдрээх янзтай. Итгэлцлийг нураах үзэгдэл жилээс жил дамнан үргэлжилж байна. Түүний мөрөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт холдон дайжиж, шинэ найдвар төрүүлж байсан зарим томоохон төсөл гараан дээрээ ирээд зогслоо. Царцсан төслүүдийн төлөвсөн тов тодорхойгүй хугацаагаар сунгагдаж байна. Үүнийг дагаж нийгмийн шинж чанартай зарим бүтээн байгуулалт мөн л хэрхэх нь ирээдүй цаг дээр үлдэхшив.

Хоёр жил дамнасан бодлогын гажуудал, засаглалын хямрал үргэлжилсээр байгаа нь энэ. Түүхий эдийн үнийн уналтаас “угшил”-тай эдийн засгаа аврах “төлөвлөгөө”-г хэн хэрэгжүүлж дөнгөх бол гэсэн хүлээлт бий болов. Үүнийг дагаж эдийн засгийн бодит байдлыг улстөржүүлж бус бодитой хэлчихдэг хүний үг энэ үед улам үнэ цэнэтэй болж байна. Олон нийт хийсвэр бус тодорхой байдлыг илүү чухалчлах болж. Хэзээд тодорхой байдаг улстөрч л бодит өөрчлөлтийг авчирна гэдэгт тэдний дийлэнх нь итгэж эхэлсэн байна.

Тулгамдсан асуудлыг тодорхойлж чаддаг, ярьж байгаа асуудлаа мэддэг хүний үг өнөөдөр бусдаасаа илүү жин дарж байх шиг. Тэднээс эрс ялгарч байгаа нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Түүний “сондгойрол” төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж баталсан энэ өдрүүдэд улам тодорч байна. Амаржаргал юу гэх бол, асуудалд илүү бодитой ханддаг даа, тэр л ханатай юм хэлнэ гэсэн зарим хүний харзнасан байдал илт ажиглагдах аж. Түүний УИХ-ын чуулганд болон хэвлэлээр хэлсэн үг “анги”-ийн нөхөд нь төдийгүй Засгийн газарт жинтэйхэн бууж байгаа нь ил байна.

Асуудлын учир шалтгааныг багцаалж чаддаг. Гол нь асуудлаа тойрч халгаад байдаггүй зарчимтай улстөрчийн орон зай өнөөдөр өм цөм хонхойх болсон. Энэ түвшний хүмүүс өнөөгийн парламент дотор суугаа боловч тэдний зарим нь Төрийн ордонд бус түүний гадна ажиллаж явна. Зарим нь Засгийн газарт сул гишүүн гэдэг шиг сул сайдын орон тоо гүйцэтгэж байгаа. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа нь Р.Амаржаргал.

Эдийн засаг эвгүйтсэн ийм цаг үед гол асуудлын шийдэл дээр жинхэнэ улстөрчид эрхгүй ялгарч харагдаж байгааг анзаарсан байх. Хамгийн ухаантай нь гэж тэднийг хэлэхгүй ч илүү бодитой, илүү ухаалаг, илүү мэдлэгт суурилсан арга замыг тэд сонгосон байдаг. Ингэснээр унаж яваа эдийн засаг, ядарч туйлдсан нийгмийг шинэ түвшинд хүргэсэн жишээг хангалттай өгүүлж болно. Хөгжингүй орнуудын түүх ч үүнийг гэрчилнэ. Хямрал сорилт боловч боломж юм. Эерэг байдлаар нь ажихад эдийн засаг бодит хөрсөн дээрээ бууж байна. Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн зарим алдаатай бодлогын гажиг илэрч, түүний “хөөс”-тэй өсөлт агшиж буйг статистик үзүүлэлт илтгэнэ.

Р.Амаржаргал гэж хэн бэ. Монгол Улсын 21-дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ эрхэм Ардчилсан намыг бүтээлцсэн нэгэн. Намынхаа тулх багана нь явсан. Одоо ч чухал хүн хэвээр байгаа нь энэ. Түүний өнгөн дээр Ардчилсан нам өнөөгийн улс төрийн шинэ төрхийг тодорхойлж байна. Монголын улс төрийн нэгэн томоохон лидер тэрбээр парламент доторх “сөрөг хүч”-ний үүргийг сүүлийн үед гүйцэтгэж харагдах болсон. Энэ нь МАН “сөрөх хүч”-гүй болсондоо бус Ардчилсан нам эрүүл байгаагийн илрэл юм. Үүнээс гадна Амаржаргал зарчимдаа үнэнч, ардчилал амьд байгаагийн нотолгоо гэж харж болохоор. Ардчилсан намын түүчээ нь болсон тэрбээр төсөв, мөнгөний бодлогыг дэглэх “гол дүр”-ийн нэг нь мөн.

Жудагтай улстөрч гэвэл Р.Амаржаргал багтаж таарна. Тэрбээр хэнээс ч хариуцлага л нэхдэг зарчимтай. Өндөр түвшний боловсролтой, үүссэн асуудлыг өргөн хүрээнд нь харж сэтгэж чаддаг түүнээс зарим улстөрч ихэд дөлж байгааг нь анзаарагддаг. Түүнтэй тэр болгон зөрчилдөх, маргаад байх улстөрч гараад байдаггүй. Ийм тохиолдол ч шинэ парламентын түүхнээ бас л ховор юм. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэсэн эрэмбэ, зангараг нь түүнийг чимдэг байж магадгүй. Хатуухан үгийг намынхандаа ч, ширээ залган суугаа хэнд ч нүүр өөд нь эгцхэн хараад шулуухан хэлчих “эрх чөлөө” түүнд бий. Ийм “эрх чөлөө”-г тэр өөрөө бий болгосон этгээд. Хэний ч үгэнд унаад байхгүй нь түүнийг нэр бүтэн болохыг тодотгоно.

Сурсан, мэдсэн, сонссон зүйлээрээ Р.Амаржаргал гишүүн “анги”-йн зарим нөхдөөсөө хол илүү. Түүнчлэн улс төрд элээсэн зам, зарчим нь онцгойрох шалтгаан болно. Энэ нь түүнийг товойлгодог. Урвуу эдийн засгийг өөрчлөх, чухамдаа өнөөгийн байдалд зөв онош тавих эдийн засагч гэвэл Р.Амаржаргал гэдэгт эргэлзэх хэрэггүй буюу. Түүний гарт бодлого тодорхойлох УИХ-ын гишүүний эрх мэдэл нь бий. Гэхдээ тэр эрх мэдлээ “зэвсэг” болгон ашиглаж ирээгүй. Харин мэдлэг, боловсролоо тэр ажлыг нугалах, асуудлыг шийдэх “анжис” болгон хувиргасан манай толгой улстөрчдийн нэг.

УИХ-д сонгогчид нь түүнийг дөрвөн удаа илгээсэн байдаг. Энэ нь Р.Амаржаргал хэн болохыг илтгэх хэмжүүр. Мэргэшсэн улстөрч гэж түүнийг тодорхойлдог. Нийгэм ч боловсролтой, мэдлэгтэй, тууштай, зарчимтай хэмээн хандаж, итгэл хүлээлгэж ирсэн. Зах зээлийн эдийн засаг гэж юу болох, энэ нь төлөвлөгөөт эдийн засгаас ямар ялгаатайг тэрбээр илүү мэднэ. Шилжилтийн үеийн эдийн засагч нараас хамгийн түрүүнд үүнийг судалж, ойлгосон хүний нэг нь Р.Амаржаргал юм билээ.

Эх хэлнээ анх удаа эдийн засгийн онолын талаарх сурах бичиг Р.Амаржаргал гишүүн бичсэн байдаг. Энэ нь үе үеийн оюутнуудыг уг чиглэлээр суралцахад томоохон хувь нэмэр болсныг дурдах нь зүйтэй байх. МУИС дээр ирж макро эдийн засгийн талаар хичээл заасан Японы эрдэмтэн Хироно профессорын хичээлд тэрбээр бүрэн суусан байдаг. Ингэснээр лекцийн тэмдэглэл болон Орос хэлнээ хэвлэгдсэн макро, микро эдийн засгийн энгийн гол, гол сурах бичгүүдийн уншиж судалсны үндсэн дээр анхны сурах бичгийг гаргаж явсан. Энэ үе бол 1992-1993 оны хүндхэн цаг үе.

Болохгүй байгаа асуудлын гарцыг нь хэлээд өгөх хэмжээний улстөрч Монголд хуруу дарам цөөн байна. Тэднийг эрэмбэлж болохгүй. Харин нэрсийнх нь үсгийн дарааллаар жагсааж болох юм. Эхэнд нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал торох асуудалгүй орох бол “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Монгол Улсын сайдаар ажиллаж буй М.Энхсайхан нар зүйн ёсоор энд багтах учиртайдаг. Тэд дор бүрнээ бие даасан “ертөнц”-үүд. Өөрсдийн үнэ цэнээ мэддэг тулхтай улстөрчид. Энэ нь тэдний “нэрийн хуудас” болж ирсэн.

Үүгээр зогсохгүй хэлсэн үгэндээ ямар ч үед итгэл үнэмшилтэй, ярьж байгаа зүйлээ хэнээс ч илүү ухаарч ойлгосон, шүүн тунгаасан байдаг. Цаг үеийнхээ хэрэгцээ, шаардлага нь болчихсон эдгээр улс төрийн бодлоготнууд сонгодог эдийн засгийн онолын үүднээс асуудалд хандаж ирсэн байдаг. Мөн зарим үед Кейнсийн онолынхны баримтлах санааг гаргаж тавих нь бий. Р.Амаржаргал гишүүний хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч сонгодог эдийн засгийн онолын дагуу төсөв, мөнгөний бодлогыг зураглаж байсныг архивын баримтаас эргэн үзэж болох юм.

Төрийн оролцоо аль болох бага байх ёстой гэсэн зарчим түүний банкны салбарт авч хэрэгжүүлсэн 15 жилийн өмнөх бодлогоос илэрдэг. Энэ нь магадгүй банкны салбарын өнөөгийн үсрэнгүй, бие даасан хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн байх. Сонгодог эдийн засгийн онолын аливаа салбарын хөгжил өрсөлдөөн дээр тулгуурлаж байдаг гэсэн үзэл эрчээ авсаар байна. Энэ нь өрсөлдөх чадвартай байхыг хэлж буй хэрэг. Р.Амаржаргал гишүүн бол эдийн засагт төрийн оролцоо, өмч бага байх нь ашгийн хэмжээг нэмэгдүүлдэг гэсэн сонгодог эдийн засгийн үзлийг илүү дагадаг эдийн засагч.

Жагсаал, цуглааныг хэн нэгэн удирдан чиглүүлдэг шиг нийгэм хүртэл “луужин”-тай байх ёстой. “Луужин” худлаа зааж болохгүй. Тэгвэл улсаараа төөрөх болно. Тиймээс мэдлэг, зөв мэдээлэлд суурилсан үзэл санааг төлөвшүүлэх шаардлагатай болж байна. Үүнийг чиглүүлэх “луужин” бэлтгэгдсэн байх ёстой. Ийм хүмүүсийн нэг нь Р.Амаржаргал. Төсвийн төвлөрөлийг сааруулах бодлогыг анх гаргаж ирсэн тэрбээр өнөөдөр орон нутагт шинэ үүрэг, хариуцлага хүлээлгэсэн. Р.Амаржаргал гэдэг хувь хүн олны анхаарлын төвд ямагт байж ирсэн. Байр сууриа илэрхийлэхдээ ч асуудлыг хоёр талаас харж чаддаг нь түүнийг ноён нуруутай улстөрч болохыг батална.

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин

2015.11.18 Лхагва №230 (5156)

Сэтгүүлч Б.Төр

Leave a Comment