“Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж хэлсэн үг

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Тав дахь удаагийн Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форум”-ыг нээж үг хэллээ.

Хатагтай ноёдоо.

Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форумыг 2011 оноос амжилттай зохион байгуулж байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлье.

Нийгмийн хариуцлагын талаар нэг удаа хэлэлцээд өнгөрөх асуудал биш бөгөөд 5 дахь удаагийн форум болж байгааг тэмдэглэн нээлтийг хийж байгаадаа баяртай байна.

Компанийн нийгмийн хариуцлага нь зөвхөн нийгэмд тустай зүйл биш бөгөөд юуны түрүүнд аж ахуйн нэгжид тустай юм. Эдийн засгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, зах зээлийн өрсөлдөөнд дээгүүр байр суурь эзэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг аваад үзэхэд нийгэмд хариуцлагын ажлыг анхаардаг, тодорхой ажил төрлүүдийг хэрэгжүүлж чаддагт байгаа юм. Учир нь аж ахуйн нэгжүүд өөрсдийн ажиллагсдын ажил мэргэжил ба гэр бүлийн асуудлыг хослуулан шийдвэрлэснээр хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэж, эрчим хүч хэмнэх арга хэмжээ авснаар үйлдвэрлэлийн зардлыг бууруулж эсвэл нийгмийн чиглэлийн санал, санаачлаг гарган хэрэгжүүлснээр өөрийн ажиллагсад албан хаагчдын сэтгэл ханамжийг баталгаажуулдаг байна.

Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүд Компанийн нийгмийн хариуцлагын цогц стратеги нь тухайн байгууллагыг өөрийн салбартаа олны танил болж үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд нэр хүндийг нь өсгөдөг.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн судалгаанаас хархад улсынсалбар, бизнесийн хамтын ажиллагаа, иргэний нийгэм нь Компанийн нийгмийн хариуцлагтай холбоотой асуудлуудын ач холбогдлын талаар нилээд дэлгэрэнгүй ойлголттой болж үйл ажиллагаа эрхлэх хүсэл сонирхол илүү хүчтэй болж эхэлж байна.

Гэхдээ Компанийн нийгмийн хариуцлагын талаар олон талаас, өөр өөр өнцгөөс нь ойлгох явдал хэвээр байна. Бизнесийн үйл ажиллагаанд оролцож буй олон талуудын үүрэг хариуцлагын талаар нэгдсэн ойлголт, тодорхойлолт өдий болтол хязгаарлагдмал байна. Өнөөдөр “Компанийн Засаглалын” талаар ярих ёстой юм уу эсвэл “Байгууллагын хариуцлагын” талаар ярих ёстой юм уу? гэсэн асуудлыг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс маань мэдэж байгаа. Зөвхөн компани гэсэн чиглэлээр явах ёсгүй, аливаа байгууллага өөрийн нийгмийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд тэр хүрээнд бид ярих ёстой. Тухайлбал манай ҮЭХ-нд ажиллаж байгаа хүмүүс санал бодлоо хуваалцсан байсан.

Өнөөдөр компанийн нийгмийн хариуцлагын асуудлын талаар хөндөж ярихад энэ талаар чамгүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байгаа. Одоогийн байдлаар энэ талаар мөрдөгдөж байгаа 10 гаруй Үндэсний хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг судалж байгаа бөгөөд үүнд тулгуурлан Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар тодорхой баримталж байх ёстой бодлогын төслийг санаачлан дэвшүүлж хуучнаарЭдийн засгийн хөгжлийн яам дээр ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд бодлогын төслийг боловсруулаад дуусаж байхад буюу 2014 оны сүүлээр тус яам татан буугдсанаар энэ ажил зогссон нь харамсалтай юм. Энэхүү бодлогын төслийн зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхийг төрөөс хөхиүлэн дэмжих, урамшуулах, улмаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад тэдгээрийн оруулах хувь нэмрийг бодитойгоор нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна. Иймээс энэхүү бодлогын бичиг баримтыг цааш батлуулах тал дээр анхааран ажиллах шаардлага байна.

Төрийн бодлогоос өмнө компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс нэгдэн Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл энэ онд байгуулсан нь салбар бүр дотроо мэргэшиж тэр хүмүүс нь хариуцсан сэдвээрээ шаардлагатай үйл ажиллагааг хийж өөрсдийн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Энэ зөвлөл цаашид төр, засгаас нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагаанд олон нийтийн дуу хоолойг хүргэн, дотоодын болон олон улсын шилдэг арга туршлагуудад тулгуурлан, нийгмийн хариуцлагын хэм хэмжээг Монголд нутагшуулан хөгжүүлэх тал дээр Та бүхэнтэй, бүх оролцогч талуудтай хамтран идэвх санаачлагчтай ажиллана байхаа гэж найдаж байна.

Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын тодорхой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ч энэ гол төлөв уул уурхайн салбарт байсаар байна. Тиймээс үүнийг бусад чиглэлийн мөн төрийн өмчит компаниуд манлайлан хэрэгжүүлэн шаардлага байсаар байна. өнгөрсөн 4 удаагийн форумын сэдвүүдийг хархад өргөн хүрээнээс нарийвчласан хэлбэр луу шилжсэн нь харагдаж байна. Энэ нь асуудлын нарийвчлан ярилцах, шийдэх арга замыг эрэлхийлэх болсонг илэрхийлж байна гэж харж байна.

2011 онд

  • Өрсөлдөх чадвар ба Компанийн нийгмийн хариуцлага сэдвээр

2012 онд

  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо, ялангуяа төрийн бус байгууллагын үүрэг роль ямар байх,
  • Нийгмийн хариуцлагын ISO 26000 Стандарт,
  • КНХ-ын тайлагнал

ЖИЧ: Монгол Улсад маш олон Төрийн бус байгууллага байдаг. Тухайлбал: Уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй төрийн бус байгууллага. Эдгээр олон төрийн бус байгууллагууд үнэхээр нийгмийн хариуцлагын чиглэлээр асуудлыг шийдэж хувь нэмрээ оруулж байна уу эсвэл шантааж хийгээд явдаг байгууллага болж хувирч байна уу гэдгийг бид тодорхой хэмжээнд авч хэлэлцэх нь зүйтэй юм.

2013 онд

  • Нийгмийн хариуцлагын үндэсний бодлого
  • Нийгмийн хариуцлага – Зардал уу, Үр ашиг уу?
  • Эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх нь
  • Нийгмийн хариуцлага – мэргэжлийн салбар болох нь
  • Нийгмийн хариуцлагын стратеги боловсруулах нь

ЖИЧ: Статистик тооны хувьд багагүй хуучирсан боловч Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн компаниудын тайлан баланс дээр тулгуурлан судалгаа хийгээд үзэхэд 2007 онд компаниуд нийгмийн хариуцлагын чиглэлээр 50-иад тэрбум төгрөгийг зарцуулсан гэж гарч байна. 2007 оноос хойш дээрх судалгаа дахин хийгдээгүй байгаа. Дээрх мөнгийг аж ахуйн нэгж байгууллагууд чухам юунд зарцуулдаг талаар авч үзэхэд:
– 9%-ийг Боловсролын салбарт
– 12%-ийг Эрүүл мэндийн салбарт
– 19%-ийг Байгаль орчны салбарт
– 10%-ийг Нийгэм хамгааллын салбарт
– 8%-ийг Спорт урлагын салбарт
– 42%-ийг Ажилчдыг дэмжихэд тус тус зарцуулсан байна.

Статистикийн хувьд бол зайлшгүй цаашид хөгжүүлж хийж байх хэрэгтэй. Энэхүү төсөлд ажиллаж байгаа хүмүүс дээрх судалгааг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэдгийг би энэ дашрамд дурдах гэсэн юм. Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага гэдгийг хэрхэн ойлгож байгаа, үүний тренд хандлага нь юу юм гэдгийн судалгааны тооноос харж болох юм.

2014 онд

  • Компанийн засаглал – хувийн хэвшлийн санаачилгыг төрөөс хэрхэн дэмжих вэ? Монголын туршлага
  • Нийгмийн хариуцлагын талаар төрөөс баримтлах бодлогыг төслийн танилцуулга, хэлэлцүүлэг
  • Нийгмийн хариуцлага ба Байгаль орчин – Ногоон хөгжлийн бодлого
  • Хүний эрх ба Бизнес
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Түүнчлэн 5 дахь удаагийн энэ форумаар Бизнесийн ёс зүй – шударга бизнес, ил тодын байдлын талаар гадны судлаачидтай хамт дугуй ширээний уулзалтыг үндэсний компаниуд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдаж буй нь манай компаниудад мөн нөгөө талаас иргэдэд бизнесийн ёс зүй, ил тод байдлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Хүүхдийн эрх ба уул уурхайн салбар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Уул уурхайн орон нутгийн хөгжлийн гэрээний асуудлаар талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийж байгаа нь цаг үеэ олсон гэж харж байна.

Уул уурхайн гэлтгүй бүр бизнесийн салбарын үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар, хүний эрхийг зөрчихгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага явуулах боломжийг нийгмийн хариуцлагын цогц, стратеги бодлого л тухайн аж ахуйн нэгжид бий болгох юм.

Энэхүү форумд оролцож өөрийн туршлагаа хуваалцахаар ирсэн гадны болон үндэсний судлаачид, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Leave a Comment