Ямар сайндаа л З.Энхболд дарга “хохь чинь” гэж хэлж байх вэ дээ

www.itoim.mn сайтад ярилцлага өглөө.

-Ирэх жилийн төсвийн төсөл, энэ жилийн төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Хэр сайн төсөл оруулж ирсэн гэж дүгнэж байна вэ?

-2012 онд төсөв хэлэлцэж байхад, би төсөв гэж юу юм, хэрхэн унших, яаж анализ хийх ёстой вэ гэдгийг ширхэг ширхэг нь задлаад аргачлалыг нь зааж өгсөн. Угаасаа сонгуулийн жилийн төсөв улстөржсөн байдаг. Орж ирсэн төсвийн төслийг харахад ямар нэгэн бодлого бариагүй, тооцоолсон зүйл огт харагдахгүй байгаа юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр төсвийн талаар байр сууриа илэрхийлж, зах зухаас нь ярьсан. Нэгдүгээрт, 3000 төрийн албан хаагчийг ажлаас нь халах төсөв оруулж ирсэн. 3000 төрийн албан хаагчийг ажлаас нь халдаг юм байж. Ингээд ямар асуудал шийдэх гээд байгаа юм. Төрийн аппарат их том болчихжээ. Үүнийг хасах ёстой гэсэн юм яриад байна. Энэ нь өөрөө аргумент болж чадах уу. Анх төрийн албыг хэн данхар болгосон юм бэ. Өөрөө гай тарьчхаад, бусдын алдааг засч байгаа мэт дүр эсгэх хэрэггүй . Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал өөрийнх нь хийсэн ажлын гай шүү дээ . Хоёрдугаарт төр, засаг гэсэн ойлголт дээр бид ямар шалгуур тавих ёстой вэ. Эд бол төрд том, жижиг гэсэн шалгуур тавьж байна. Үүнийгээ мундаг ухаантай бодит байдлыг илэрхийлж байна гэж ойлгоод байна. Шалгуураа буруу тогтоочихсон учраас гаргаж байгаа дүгнэлт, гаргалаа нь бүгд буруу болоод байгааг хэлсэн. Хэрвээ төрд том, жижиг гэдэг шалгуур байдаг бол өргөн, нарийн гэсэн шалгуур бас оруулж ирье. Тэгээд хэмжээд үзье. Өндөр төр сайн, намхан төр муу юм байна гээд хэмжээд явна гэсэн үг үү. Тэгэхээр төрд тийм шалгуур байж болохгүй. Төр, гүйцэтгэх засаглал нь үр ашгийн л тухай асуудал. Төр, түүний нэг элемент болж байгаа гүйцэтгэх засаглал ялгаа байхгүй ард иргэдийн ажил амьдралыг боломжийн сайхан байлгах л гол үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргээ биелүүлэх чадамжтай юм уу, үгүй юу гэдэг шалгуурыг гаргаж ирэх ёстой. Түүнээс биш, төрийн аппарат 30 мянган хүнтэй байна уу, 300 мянган хүнтэй байна уу огт падгүй. Иргэн Дорж, Дуламаагийн эрэлт хэрэгцээ, амьдрал ахуйг нь хангаж байгаа эсэх нь л гол шалгуур байх ёстой. Гэтэл том, жижгээр шалгуур тавиад хасна, танана гэж ярьж байгаа нь, төсөвт хандаж байгаа хандлага нь буруу болчихоод байна. Энэ нь өнөөдөр төр залж байгаа хүмүүс шал буруу категориудыг ашиглаж, гаргалгаа гаргах гэж оролдож байна. Нэгэнт суурь нь буруу болоод явчихаар үүнийг яаж шүүмжилж, юу ч ярих юм. Гуравдугаарт далайд дусал нэмэр, эдийн засаг хэмнэлттэй байх ёстой гэсэн ойлголт байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нөгөө талаар эдийн засагт бас нэг ойлголт байдаг нь үр ашгийн тухай юм. Энэ нь ямар асуудлыг хэрхэн шийдэж байна вэ гэдгээ бодох ёстой. Өөрөөр хэлбэл, 3000 хүний асуудлыг улсын төсөвт аваад үзвэл 0.00001 ч хүрэхгүй. Ийм л хэмнэлтийн талаар ярьж байна. Энэ нь хэмнэлт юм шиг хэр нь нөгөө талдаа эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулах үйлдэл. Ер нь хэнийг халах вэ. Хэрвээ 3000 хүнийг халбал хамгийн чадалтай, гайгүй ажлаа мэддэг, төрийн алба залгуулж чаддагийг нь л хална. Харин даргын цүнх барьж, ам хамрыг нь арчиж гүйсэн нөхөд халагдахгүй. Ийм жаахан хэмжээний хэмнэлт гаргаж төрийн албаа сулруулдаг нь ямар учиртай юм бэ. Орлого, зарлага хоёр нь сүрхий баланслахгүй. Харин ч төрийн албыг бужигнуулаад хаячихна. Дээр нь бүтцийн өөрчлөлт хийнэ гэвэл самраад хаячихна гэж бодож байна. Мөн халагдаж байгаа хүмүүс толгой дараалан ипотекийн зээлд хамрагдсан. Зээлтэй хүмүүс ажилгүй болчихоор зээлээ төлж чадахгүй байдалд хүрнэ. Энэ нь барилгын салбар, арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ. Манай санхүүгийн зах зээл ямар байгаа билээ. Ингээд гинжин холбоогоор бүх салбараа бүр хүнд байдалд оруулах зүйл хийж байна. Төсөв гэдэг зүйлийг бодож, боловсруулж оруулж ирдэг юм. Түүнээс рекламны улс төрийн ашиг хонжоо олох, ухаантай царайлах, мундаг шинэчлэгч болох гэж, бусдад таалагдах гэсэн зүйл огт биш. Бидний цаашдаа ямар байхыг тодорхойлох чухал асуудал. Иймэрхүү маягаар оруулж ирсэн, үндсэн ойлголт ухагдахуунаасаа гажаад явчихсан, тэдний төсвийн төсөл гэж нэрлээд байгааг шүүмжлээд байх юм надад үнэхээр байхгүй болчихоод байна.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унасан. Улс төр, эдийн засгийн хямрал зэрэг нүүрлээд байгаа энэ үед бид төсвөө яаж баталбал эдийн засгийн хямралыг хохирол багатай давах вэ?

-Бодох л хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал юу билээ. Хамгийн тулгамдаад байгаа асуудал юу, бид аль талаа барьж явах ёстой билээ гэсэн үүднээс асуудалд хандах ёстой байсан. Хамгийн энгийн, аравдугаар ангийн хүүхдүүдэд нийгэм судлалын хичээл дээр заадаг томьёог манай Ерөнхий сайд, бас Сангийн яамныхан олоод үзээсэй гэж бодож байна. ДНБ гэж иргэдийн эдэлж хэрэглэж байгаа зүйл, шинээр хийсэн хөрөнгө оруулалт, гадаад ертөнцтэй биднийг холбож байгаа экспорт импортоос ч бүрдэнэ. Ийм жижиг зүйл дээр анализ хийгээд үзэхэд импорт шалдаа буучихсан, гаднын хөрөнгө оруулалт зогсчихсон байна гэдэг бол үндсэндээ дотооддоо хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо гэсэн үг. Ялангуяа технологийн салбар. Импорт багассан байхад баярлаад гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа гэж яриад байна. Энэ бол энгийнээр хэлэхэд зүгээр л бичиг үсэггүй хүмүүсийн яриа. Экспортын тал дээр аваад үзэхэд, дээшээ явах ёстой гэж бодож байтал экспортын бүтээгдэхүүний үнэ унаж, орж ирэх орлого нь багасчихсан. Мөн хийгдсэн ачилт бүрийн гуравны нэгээс дөрөвний нэг нь орж ирэхгүй байгаа. Бид эндээс юм ачаад байгаа хэр нь мөнгө нь орж ирэхгүй, хаагуур яваад байгааг бүү мэд. Цаашдын хандлагыг харахад гэрэл гэгээтэй зүйл маш бага байна. Гадаад худалдааны тэнцлийн нөгөө талд урсгал тэнцэл бий. Урсгал тэнцэл дээр олигтой зүйл бас харагдахгүй байна. Тэгэхээр гадаад эдийн засгийн салбар дээр харах зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын хувьд улсын, хувийн, гаднын гэж гурав ангилна. Гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй. Энэ жил 440 мянган ам.доллар гэл үү, нүднээс нулимс гоожмоор дүн байна билээ. Үндсэндээ гаднын хөрөнгө оруулалт байхгүй болчихсон. Энэ бидний л хийсэн ажил. Хувийн хөрөнгө оруулалтын хувьд орон сууцны хороолол хорооллоороо борлуулалт байхгүй зогсчихсон байна. Тэгэхээр ганц үлдэж байгаа нь улсын хөрөнгө оруулалт. Энэ нь улсын төсвийн орлоготой уялдаатай зүйл. Орлого нь багасчихсан байгаа тохиолдолд улсын хөрөнгө оруулалт дагаад багассан. Нөгөө талаар улсын хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудал дандаа яригддаг. 30 жилийн баталгаатай зам барьсан ч жилийн дараа нөгөөх нь эвдрээд дахиад л засвар хийж байна. Тэгэхээр улсын хөрөнгө оруулалтын үр ашиг ийм л байна. Байдал ийм байгаа тохиолдолд цаана нь хэрэглээ л үлдэж байна. Хэрвээ ДНБ-нийхээ өсөлтийг хангая гэвэл дотоодын зах зээлээ тэлэх ёстой. Төсөв боловсруулж байгаа хүмүүс ядаж үүнийгээ бодох ёстой байсан. Дотоодын хэрэглээтэй холбоотой, дотоодын зах зээлээ тэлсэн зүйлүүд оруулж ирэх ёстой байсан. Эдгээр зүйлүүд огт хийгдсэнгүй. Би Сангийн сайд биш болохоор Засгийн газрын нарийн ширийн асуудлыг би мэдэхгүй байна. Төсөвт орлого, зарлага, алдагдал гээд юм юм бий. Өнөөгийн энэ хүндрэл, бүх бэрхшээлээс хэрхэн гарах вэ гэсэн шийдэл л төсөвт байх ёстой. Засгийн газрын оруулж ирсэн энэ төсөв ард иргэдийн нуруунд л хамаг ачаагаа үрүүлье гэсэн шийдэл харагдаад байна. Ачаагаа үүрэх дээрээ тулбал Монголын гурван сая иргэн бүгд л үүрэх ёстой. Тэгж байж ардчилал, шударга ёс, төр засагт итгэх итгэл, нэр хүндийн тухай ярина. Гэтэл төр засаг нь хэцүү байдлыг үүсгэчихээд хүндийг нь ард түмэндээ үүрүүлэх гэж байна. Цалинг нь хасаад өгье, орон тоог нь цомхотгоё, хөрөнгө оруулалтыг нь хасаж байна. Яг ард иргэдийн хүсдэг, хүлээдэг зүйлүүд дээр хамаг ачааг нь үүрүүлж байгаа юм. Баян чинээлэг, олигархуудаас нэг төгрөг авъя гэсэн зүйл байхгүй. Харин ч энэ төсвөөс баячууд хожно. Баячуудыг нь улам баяжуулсан, ядуучуудыг нь улам ядууруулсан төсөв оруулж ирээд байна.

-Ирэх жилээс өрөнд өгөх мөнгөний хэмжээ нэмэгдэж байна. Ирэх жил төсвийнхөө 50 хувийг өрийн үйлчилгээний төлбөрт өгнө гэх юм. Энэ үнэн үү?

-Ганцхан жишээ хэлэхэд улсын төсөв дээр өрийн үйлчилгээ дээр 400, 500-гаад миллиард төгрөг тавьчихсан. Бараг нийт хөрөнгө оруулалтын талаас илүүг нь өрөнд өгнө гэсэн үг. Ичсэн хүн хүн ална гэж тооцоо судалгаагүй төсөв оруулж ирчихээд түүнийгээ хүчээр батлуулах гээд зүтгүүлэх юм шиг байна.

-Эдийн засаг хүнд байхад төсвөө ч олигтой оруулж ирж чадахгүй байгаа талаар УИХ-ын гишүүд ч, эдийн засагчид ч хэлж байна. Ингэж ажиллаж байгаа Засгийн газар, Сангийн яамтай байхад манай эдийн засагт хэзээ нэг гэрэл асах магадлал байна вэ?

-Хүн бүхэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг л ярих байх. Миний хувьд 2016 оны хоёрдугаар хагасаас нэлээн дээшлэх болов уу гэсэн горьдлого байна. Гэхдээ яг тэрэнд хүрэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Нэг зүйл баталгаатай байгаа нь ямар ч байсан сонгуулийн дүн гартал хөрөнгө оруулалт талаасаа дотооддоо ч, гадааддаа ч том хөдөлгөөн байхгүй.

-“Гацуурт”-ын ордыг дахиад оруулаад ирлээ. Эдийн засаг хүнд байхад том ордуудын гэрээг хийх нь сайн ч, муу гэрээ хийгдэх вий гэсэн хардлага нийгэмд байна. Ер нь “Гацуурт”-ын орд явснаар эдийн засагт хэр үр өгөөжтэй вэ?

-Эдийн засаг хүнд үед гэрээ байгуулах нь хэлэлцээ хийх хүчин чадал суларчихсан байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчид бол улс нь мөнгө байхгүй болчихсон юм чинь ямар ч нөхцөл тавьсан хүлээж авна гэсэн ойлголттой байгаа. Ийм хүнд нөхцөлд хэлэлцээрт орно гэдэг хэцүү. Нөгөө талаас “Гацуурт” дээр олзуурхаж байгаа зүйл нь ямар ч байсан жил гаруй хугацаанд яригдлаа. Хүмүүс чухам юу нь юу юм бэ гэсэн ойлголттой болсон байгаа. Бүтэн жил яриад ойлголтоо аваад, цаашдаа ямар үүрэг гүйцэтгэх вэ, хэн нь ямар байр суурьтай байгааг гадарладаг болсны дараа ярьж болно. Жилийн өмнө бол оруулж ирээд л хүчээр түрсэн. Хэлэлцэх үед Засгийн газар нь ч, сайд нар нь ч байхгүй байсан. Ямар сайндаа л З.Энхболд дарга “хохь чинь” гэж хэлж байх вэ дээ. “Гацуурт”-ын асуудал шийдэгдлээ гэхэд маргааш нь л ид шидийн юм шиг эдийн засаг сайжирна гэж байхгүй. Энэ нэлээн хэдэн жилийн процесс болно гэж бодож байна. Шийдлээ гэхэд хэмжээний хувьд ч эдийн засаг чирээд аваад явчих зүйл биш л дээ. Мэдээж тухайн орон орон нутаг, салбартаа үүрэг гүйцэтгэнэ. Тэндээ ганц нэг газарт гэрэл чийдэн асаана л даа. Улсын эдийн засагт бол их сүрхий эерэг нөлөө үзүүлчихээр зүйл биш.

-Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад хөрсөн дээр буусан сайн төсөв оруулж ирсэн гэж Засгийн газар хэлж байсан. Гэтэл төр сайн төсөвтөө гурван удаа цомхотгол хийх гэж байна. Сайн төсвийг нь УИХ дээр холион бантан болгочихдог юм биш биз дээ?

-2012 оноос хойшхи бүх төсөв хамгийн муу хувилбараар орж ирж, батлагдаж байгаа. Их зөөлрүүлж хэлж байна шүү. 2013 оны төсвийг хэлэлцэж байхад “хөөсөрсөн, худлаа төсөв байна, ямар ч амьдралд нийцэхгүй төсөв байна. “Энийгээ боль” гэж хэлж байсан. Нэг үгээр 2013 онд дэндүү хөөсөрсөн төсөв баталсан. Харин 2014 онд царцаачихсан төсөв оруулж ирж, баталсан. Нэг бол хөөсрүүлээд, үгүй бол царцаачихдаг. 2015 онд гурван удаа тодотгол хийлээ. Энэ нь 10 жилийн хүүхдээр нэг өгүүлбэртэй бодлогыг гурван удаа бодуулаад бодож чадахгүй байгаатай л агаар нэг. Тэгэхээр энэ нөхөрт, Засгийн газартаа, Сангийн яамандаа бид ямар дүн тавих ёстой юм бэ. Сайн байна гэж хэлэх үү, тэнэг гэх үү, чадваргүй гэх үү. Багш хүнийхээ хувьд би -1 тавина. Нэг бодлогыг гурван удаа өгөөд байхад бодож чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Даажигнаад байгаа юм уу, тохуурхаад байгаа юм уу, мэдэхгүй.

-Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байгаа нь АН-ын фракцуудын зөрчилдөөнөөс үүдэлтэй гэх юм. Танай намын дотоодын зөрчил улс төр, эдийн засгийн хямралыг бий болгож байна гэх юм?

-Өнөөдрийн энэ нөхцөл байдал АН-тай ч, засагтай ч, Монголын төрийн тогтолцоотой ч холбоотой. УИХ ч энэ хариуцлагыг хүлээх ёстой. “Ийм төсөв оруулж ирээд баталж байхад АН-ын бүлэг, бүлгийн дарга юу хийж байсан юм бэ, үүнийг УИХ-д оруулж ирээд хэлэлцэж байхад түүнийг нь дэмжээд гаргаж байдаг Байнгын хорооны дарга юу хийж байсан юм, ийм төсвийг батлуулаад алхаа тогшиж байдаг УИХ-ын дарга та юу хийж байсан юм. Буруу төсөв оруулаад ирлээ гэж гурван жил дараалан хэлээд байхад хүний үг авахгүй гурван тэнэг төсөл оруулж ирлээ. Гэтэл өнөөдрийн байгаа байдлыг хар. Эдийн засгийн бүх үзүүлэлтээ унагачихсан.

-Тэгэхээр АН-ынхан мэргэжлийн эдийн засагч, туршлагатай улстөрчдийнхөө зөвлөгөөг хүлээж авахгүй байна гэсэн үг үү?

-Энэ зөвхөн АН-ын асуудал биш. Хэрвээ ганцхан АН-ын асуудал байсан бол бас ч гайгүй. Гэтэл бүгдийнх нь асуудал болчихоод байна. Гурван жилийн хугацаанд энэ засагт, парламентад АН-аас гадна бүх л улс төрийн хүчин байлаа шүү дээ. Гэтэл байж байгаа царайг нь хар. Тэд нар нь АН-аас бүүр долоон дор байгаа. Ерөнхийдөө аль нь ч ухаанаа олохгүй байна. Монгол төрийн дээдэс нь суудлаа олохоо байчихсан. Хэн нь хаана суухаа мэдэхгүй байна. Ерөнхийлөгч нь юу хийгээд байгаа юм бүү мэд. Ерөнхий сайдын ажлыг ч хийгээд байгаа юм уу, УИХ-ын дарга, Гадаад хэргийн сайд, прокурорын ажил ч хийгээд байгаа юм уу учир нь олдохоо байчихсан. УИХ-ын дарга нь энэ тэнд хэлж байгаа үгийг сонсохоор ухаантай юм шиг хэр нь, Ерөнхий сайд л хэлмээр үгсийг хэлээд явдаг. Энэ хүн хэлэх ёстой билүү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байх жишээтэй. Намын дарга хүн юм юм руу оролцоод байхаар, УИХ-ын дарга хүн намын байр сууринаас аливаа зүйлд хандаад байж болохгүй шүү дээ. Харин Ерөнхий сайд гэж хүн хаана, юу хийж байгаа яваа юм бүү мэд. Ямар ажил хийдгийг нь би хувьдаа мэдэхгүй. Ямар ч л байсан тэр хүн эдийн засгийн ажил хийхгүй байгаа. Реклам сурталчилгааны ажил, унаган мэргэжлийнхээ ажлыг л сайн хийдэг байх. Тэгэхээр дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь хэзээ ч гүйдлээ олохгүй. Хүн бүхэн өөрийн гэсэн суудалтай. Ерөнхийлөгч бол улс орны эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Тэндээ л байх ёстой. УИХ бол хууль тогтоох байгууллага, хуулийнхаа хэрэгжилтийг хангах ёстой. Түүнээс бус, гүйцэтгэх эрх мэдэл рүү ороод байх шаардлага байхгүй. УИХ-ын спикерийг улс төрийн намаас томилдоггүй улс орон ч бий. Тухайлбал Англид спикерээ намын гишүүдийнхээ нөлөөнд оруулахгүй гээд уулзуулдаггүй, хорьчихдог. Бас гүйцэтгэх засаглалын тэргүүн бол хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн их хариуцлага хүлээх ёстой нөхөр. Гэтэл Ерөнхий сайд хүн энэ тэнд, фракцуудын наймаанд оролцож гүйгээд байж болохгүй л дээ.

 

Эх сурвалж:

www.itoim.mn

2015.10.29

Сэтгүүлч: Л.Одончимэг

http://www.itoim.mn/index.php/site/news/2584

Leave a Comment