Ардчиллын үнэт зүйлсийн тухайд

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд 2015 оны 8-р сарын 8-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол хүн – 2020 – Өнөөдөр, Маргааш” сэдэвт баруун бүсийн чуулга уулзалтад зориулан гаргасан “Өнөөдрийн Тойм” сонины тусгай дугаарын “Ардчиллын үнэт зүйлсийн тухайд” булангийн асуултуудад хариуллаа.

FullSizeRender
Ардчиллын үнэт зүйлс

Юуны өмнө Ардчилсан намын баруун бүсийн чуулга уулзалтад оролцож байгаа та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ чуулга уулзалтын маань гол зорилго нь улс орны өнөөгийн хөгжлийн тухайн шатанд, бүс нутагт тэр дундаа тодорхой газар нутагт ямар асуудал тулгамдаж байгаа түүнийг шийдвэрлэх арга зам нь юу байна, шийдлийг олохдоо ардчиллын гол гол элемент, механизмыг бүрэн дүүрэн хэрхэн яаж ашиглах зэрэг хүрээг хамарч яригдах нь дамжиггүй. Ингэхийн тулд өөр өөрсдийнхөө туршлагыг харилцан солилцож, цаашдаа дэвшүүлэх, шийдвэрлэх зорилтуудаа тодорхойлж гаргаж ирнэ гэдэг бол бас ч гэж чамлахааргүй том ажил байдаг. Энэ ажилд нь амжилт хүсье. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ардчилал, ардчиллыг тойрсон асуудал олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа.

Анхандаа нарийн яривал ардчилал гэж чухам өөрөө юу юм бэ? Яадаг юм бэ гэдгийг тэр болгон ойлгодоггүй л байсан. Осолгүй л ардчилал, зах зээл гэсэн хоёр үг байсан. Энэ хоёрыгоо хэлж, яриад л явдаг байлаа. Чухам тэр үгний цаана ямар утга, агуулгатай юм байгаад байгаа юм бэ гэдгийг тэр болгон ухаж ойлгож чаддаггүй байсан.

Харин энэ 25 жилийн хугацаанд ардчилал гэдэг чинь чухамхүү ийм юм байдаг юм байна. Энэ маань одоо ийм хэлбэрт ингэж илэрч байна гэдгийг эрх биш бас гадарлаж эхэлсэн. Ямар ч гэсэн төрийн механизмаа бүрдүүлж нэг гол институт нь сонгууль байдаг юм, сонгууль гэдэг юм нь шударга явагдах ёстой, бас чөлөөтэй байх ёстой юм байна. Олон ургалч үзлүүдийг өрсөлдүүлсэн байх ёстой юм байна. Тэгээд сонгуулийн дүнг, ийм сонгуулиас сонгогдоод гарч ирсэн субъектүүдийнхээ эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг механизмууд байх ёстой юм байна. Хэрэв эдгээрийг будлиулбал сонгуулийн дүнг будлиулдаг юм байна. Ер нь гунигтай гунигтай үйл явдлууд болдог юм байна гээд их л зүйлийг сурсан байна. Зөвхөн сонгуультай холбоотой асуудал дотор ардчилал гээд аваад үзэхэд ийм олон юм гарч ирж байгаа. Төрийн байгуулалттай холбоотой асуудлууд гэж байна. Төрийн институтуудаа бид нар чухам юу гэж ойлгох ёстой юм бэ. Энэ дээр алдаа оноо юу байна гээд ярих юм бол бишгүй л юм байж байгаа. Өнөөдөр бид бас ч гэж хэлбэр талаасаа төрийн институтуудаа бүгдийг нь байгуулчхаад ажил төрлөө хийгээд байгаа. Ялангуяа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрүүд нь ард иргэдийн амьдрал дээр тусч байгаа бодит байдлыг аваад үзэх юм бол бас санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь нуух зүйл биш. Үүний учир шалтгаан нь юунаас болоод байна гэдэг асуудлыг бид нар авч үзэх ёстой юм. Зарим хүмүүс бол юу гэж ярьдаг вэ гэхээр ардчиллаас болоод байна гэж ч ярьдаг. Гэтэл нарийн аваад үзэх юм бол ардчилал гэдэг маань өөрөө харьцангуй нейтральний л элемент шүү дээ. Түүнийг харин чухам хэн яаж уншиж байна. Хэн яаж ойлгоод, хэн яаж хэрэгжүүлж байна.  Түүнийгээ өөрийн атгаг санаа, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлээд өөрийнхөөрөө тайлбарлаад байна уу эсвэл нийтлэг эрх ашигтаа нийцүүлээд өөрөөрөө тайлбарлаад байна уу гэдэг бол бас л янз янзын л юм байдаг юм байна шүү дээ.

Тэгэхээр энэ 25 жилийн хугацаанд тод харагдсан зүйл нь миний ойлгож байгаагаар үнэхээр “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг чинь бол бас л хоосон үг биш. Ардчиллын механизмууд, ардчиллаар тодорхойлж өгсөн засаглалын хуваарилалтын элементүүдийг зөв ойлгож, зөв уншиж, зөв тайлбар хийж явахгүй бол төр засаг өөрөө сайн байж болдоггүй байна. Улс орны эдийн засаг, бусад салбаруудыг ч гэсэн чирээд байдаг юм байна гэдэг ойлголтууд гарч ирсэн байх гэж бодож байна.

Үүнтэй холбоотой ардчиллын өөрийнх нь онол, үзэл баримтлал гэж байдаг. Энэ онол нь сүүлийн 400 гаруй жилийн турш үзэл баримтлалын түвшинд яригдаж байгаа зүйл. Зарим улс орон ардчиллын элементүүдийг бий болгоод 400 гаруй жил болж байхад зарим нь дөнгөж өнөөдөр 25 насныхаа ойг тэмдэглэж байна шүү дээ. Тэгэхлээр энэ хооронд ялгаа их байгаа. Гэхдээ ардчиллын талаар бүх онол, үзэл баримтлал нь шийдэгдчихсэн тийм бэлэн юм байна гэвэл тэр худлаа. Өнөөдөр ардчилал өөрөө үнэт зүйлийн тухай яриад байна уу эсвэл механизмын тухай яриад байна уу гэдэг ч өөрөө маргаантай л байна.

Нэг хэсэг нь ардчилал гэдэг бол шийдвэр гаргах механизм  юм тэр хүрээн дотор нь ойлгож, уншиж, явах ёстой гэж байхад нөгөө хэсэг нь энэ бол универсал шинж чанартай үнэт зүйлс юм. Тэр утгаар нь авч үзэж байх хэрэгтэй гэж байх жишээтэй. Тэгэхээр эдгээр өнгө аясаас нь аваад үзвэл аль ч хөгжлийн шатанд байсан ялгаагүй бүгдийг нь хүчээр тулгаад байна гэсэн ойлголт давхар гарч ирээд байна. Үүн дээр миний хэлэх санаа бол энэ онолын талаасаа ч, үзэл баримтлалын талаасаа ч цэг тавигдаагүй байгаа. Амьдрал өөрөө үүнийг баяжуулж, өнгө аясыг нь нэмэгдүүлж байгаа. Энэ ардчилал өөрөөр тодорхой бүс нутагт ч юм уу эсвэл бүр нэг улс оронд тодорхой хэсэгт гарч ирсэн байлаа ч гэсэн өөрийн гэсэн өнгө аястай байдаг юм байна. Хөрсөн дээрээ буух ёстой байдаг юм байна гэдэг асуудлыг л бид нар ойлгох ёстой болов уу гэж хувьдаа бодож байна. Энэ утгаар нь бид ардчиллыг үзэхдээ бурханчлаад, туйлшраад байх шаардлага байхгүй. Харин тухайн улс орныхоо онцлог, цаг, байдал, түүхэн хөгжил, шийдвэрлэх гэж байгаа зорилтуудтайгаа уялдуулсан байж үүнийгээ ойлгож, харж, уншиж явах юм бол их зөв байна. Энэ нь бидний өнгөрсөн 25 жилийн хугацааны алдсан алдаа, оносон зүйлүүдийн илрэл нь юм болов уу даа.

Ямар ч гэсэн өнгөрсөн жилүүдийн хугацаанд бид бишгүй их зүйлүүдийг хийж бүтээлээ, бишгүй ч их амжилтад хүрлээ. Бас туулж өнгөрүүлж байх явцдаа их олон асуудал байдаг юм байна. Илүү гүнзгий, өргөн цар хүрээтэй харах ёстой байна. Илүү ирээдүйгээ харж тэр перспективд нь, ирээдүйд нь тулгуурлаж энэ бүгдийг ойлгох ёстой юм байна гэсэн сургамжуудыг авсан байх аа гэж бодож байна.

Тэгээд энэ дотроосоо дахиад хувь хүнийхээ хувьд юу гэж үздэг вэ гэвэл “Ардчилал” гэдэг маань өөрөө Монгол хөрсөн дээр бууж өгөх ёстой байна. Үүнд зүгээр л механикаар хандаж болохгүй. Догматик байдлаар хандаж бас болохгүй. Ардчилал гэдэг үг хэлээд амнаасаа хөөс садруулаад яваад байдаг байсан үе бол өнгөрсөн. Одоо үүнд буурь суурьтай нэлээн гүнзгий углуургаар нь харж байж, энэ маань чухам юу билээ гээд тэгээд Монгол уламжлал ахуй, зан заншил, ахуй амьдралтайгаа холбож байж бид нар ардчиллыг шинээр ойлгож гарч ирэх нь. Магадгүй энэ 25 жилийн хугацаанд бид нарын авах ёстой сургамж байсан байх аа л гэж бодож байна.

Ер нь Ардчилал ард түмэнд юу өгсөн бэ? гэдгийг та бид ил харж байгаа. Түүний үр шимийг бид нар хүртээд л байж  байгаа. Тийм учраас хэрэгтэй, хэрэггүй гэдэг асуудал байхгүй харин яаж улам боловсронгуй болгохов, яаж үр дүнтэй болгохов гэдэг дээр л анхаарах ёстой байх.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм сонин
Дугаар №05 (3787), 2015 оны наймдугаар сар

Leave a Comment