100 асуулт, 100 хариулт

Р.Амаржаргал: Мөнгө, албан тушаал, магтаал гурав хүнийг эвддэг учраас үүнийг ямагт бодож байх хэрэгтэй

Амаржаргал
Бид MGLRADIO.COM, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ.

Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Ярилцлагын эхэнд таны товч танилцуулга байх юм. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-53 настай. 171 см өндөр, 86 кг жинтэй. Гуравдугаар бүлгийн цустай. Бидний үеийхэн шашингүй үзлээр хүмүүжсэн ч өвөө эмээгийн нөлөө ч гэх юм уу бурханы сургаалд илүү ойр гэж хэлж болно. Эхнэр, хоёр хүүхэдтэй.

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Тэгвэл таны хэлэх дуртай үг юу вэ?
-Эрхэм баян эрдэм.

-Таны дуртай болон дургүй хоол?
-Сонгодог хоол бол лавша.

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?
-Би цэргийн хүн болно гэж их мөрөөддөг байлаа.

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?
-Бодитой байгаа зүйл. Зөв хэрэглэх нь чухал. Ер нь архидалт согтуурлыг сайн дурын солиорол гэж би томъёолдог.-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?
-Ямар ч байсан өөрийн гэсэн байр сууриндаа тууштай зогсоод цэгц шулуун шударга байя гэж боддог.-Тэгвэл таныг бусад хүмүүс ямар зан чанартай гэж хэлээд байна?
-Дээр хэлсэн үгээр томъёолдогоос гадна зөрүүд гэдэг. Нэг зүйлд тууштай байдаг нь зөрүүд юм шиг харагддаг байх.-Таны хамгийн дуртай спорт?
-Хөлбөмбөг, хоккей. Багадаа тоглож байсан спорт.

-Бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Голдуу сайхан ном уншдаг.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?
-Тодорхой нэг асуудлыг барьж аваад нухаж, нухаж байгаад чиг хандлагыг нь гаргаад ирсэн тэр үед л бас нэг өөрийгөө тоох зүйл гарна.

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол хэдэн он руу явах вэ?
-Нэг ч хол явах сонирхол алга. Өнгөрсөн амьдрал алдаатай, оноотой дажгүй яваад ирсэн. Тийм болохоор түүнийг элдэв янзын зүйлээр солих гээд яах билээ.

-Таны гар утасны дэлгэц дээр ямар зураг байдаг вэ?
-Анх утасны нүүрэн дээр ямар зураг ирсэн тэр л нь  л бий.

-Таныг одоогийн энэ ажлаа соль гэвэл?
-Би номын талын зүйлийг их сонирхдог. Судалгаа шинжил­гээтэй холбоотой ном ухаад, зууралдаад байвал болж байгаа юм.

-Унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү тайван амарч чаддаг вэ?
-Бусад хүмүүсийн хувьд мэдэхгүй юм. Миний насан дээр тодорхой зүйлүүдийг эзэмших шаардлагатай байдаг. Нэг шаардлага нь хурдан унтаж чаддаг байх ёстой. Яагаад гэвэл бүтэн найман цагийн нойрыг авах  нь ховор. Тэгэхээр богино хугацаанд унтаж, маш хурдан сэрдэг, өөрийгөө сэргээх техникүүдийг эзэмших учиртай. Тэр утгаараа орондоо орчихоод хамгийн хурдан унтах техникээ ашиглана. Тухайлбал, шүдээ салгах, эрүүгээ чөлөөтэй унжуулах, хэлээ дээд талын тагнайд хүргэж, чөлөөтэй амьсгалж байхад 3-5 минутын дотор унтана. Унтахгүй байя гэвэл мөн л чадна.

-Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?
-Юм уншихыг л боддог. Хурдтай хөгжиж байгаа энэ үед аливаа нэг шинэ зүйлийг мэдэж авах, хоцроод байх сонирхолгүй. Өөрөөр хэлбэл, хөгшин гэж хэлүүлмээргүй байна.

-Таныг амьдарлынхаа хам­гийн аз жаргалтай үе?
-Өөрийнхөөрөө тухай тухайн үед гоё байсан байж таараа. Түүнээс таашаал авч, үнэлж, үнэ цэнийг мэдэрдэг байх ёстой. Мэдээж хүн өвөө, эмээ, аав, ээжтэйгээ байхдаа хамгийн сайхан байж тараа шүү дээ. Энэ мэтчилэн.

-Нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Багадаа. Хэрэглээ их багасч байна. Өдөрт нэг хоол иднэ. Тамхи татахгүй учраас зардал бага.

-Та хамгийн анх уулзаж байгаа хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?
-Бүхэлд нь хардаг. Ер нь ажил үүргийн дагуу олон хүнтэй уулзана. Тэр бүрт ямар зорилгоор ирж байгааг эхний өгүүлбэрээс гадарлана.

-Таны бүх зүйл сайхан бүтсэн үед гэртээ, буйдан дээрээ суугаад, зурагтынхаа удирдлагыг бариад хамгийн дээд тал нь хэдэн цаг байж чадах вэ?
-Суувал суугаад л байна. Гол нь зурагт үзэхдээ биш тэр хооронд аливаа зүйлийг бодож учир начирыг нь олох гэж сууна. Харахад буйдан дээрээ налайсан зурагт үзэж байгаа мэт боловч тархиа ажиллуулж л байдаг. Хэдий чинээ их ажиллуулна, төдий чинээ үр дүнтэй байна. Ажиллуулахгүй бол хэнд ч хэрэггүй болно шүү дээ.

-Таныхаар авлига гэж юу вэ?
-Нийгмийн том үзэгдэл болоод байна. Өмнө нь хэлбэр нь өөр ч гэсэн байсаар ирсэн. Цар хүрээ нь ч гэсэн өөр байсан байх. Харин өнөөдөр дэндүү ил, их цар хүрээг хамарсан байна. Хамгийн гунигтай нь нийгмийн ухамсарын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн үзэгдэл болж байгаад сэтгэл дундуур байдаг.

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?
-Урд нь их баярладаг байсан нь маш тод харагддаг байлаа. Одоо нас яваад юм уу буурь суугаад ирэхээр ерөнхийдөө нэг их илэрхийлэхгүй. Монголчуудын хувьд ч гэсэн үсчиж харайж, баярлаж хөөрөөд байдаггүй. Үүнийгээ биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх их шүү дээ.

-Хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг?
-Хайртай юм бол хайртай шүү гэж хэлэх ёстой байх. Гэхдээ би тэр үгэнд их харам. Хэр барагтай л бол амнаасаа унагахгүй. Харин миний нүд, нүүрэн дээр бичсэн зүйлийг олоод уншчихвал сайн. Харин чадахгүй бол хохь чинь. Ер нь их юм хийж байж миний амнаас”Ер нь дажгүй шүү” гэдэг үг гарна.

-Та залуудаа дурлалдаа шаналж байв уу?
-Нэг их шаналж байгаагүй. Энэ нь тухайн хүний хүмүүжилтэй холбоотой  болов уу.

-Та санамсаргүйгээр лото бөгөлж байгаа их хэмжээний мөнгө хожвол?
-Мэдээж баярлана.  Гэхдээ надад нэг ийм бодол байдаг юм. Хурдан орж ирсэн мөнгө тэрэн шигээ хөнгөхөн алга болно. Тийм болохоор түүнд нэг их ач холбогдол өгөхгүй болов уу. Ер нь мөнгө, албан тушаал, магтаал гурав хүнийг эвддэг учраас үүнийг давхар бодож байх ёстой. Тийм учраас гэнэтийн их хэмжээний мөнгө орж ирвэл хурдхан ямар нэгэн буяны зүйлд зориулсан нь дээр байх.

-Таны багадаа хамгийн их тоглодог байсан тоглоом?
-Байлдаж л тоглоно.

-Ижил хүйстнүүдийн талаар та юу гэж боддог вэ?
-Хүлээн зөвшөөрдөг.

-Айл болгонд гэрэл зургийн цомог байдаг.  Тэгвэл та гэрэл зургийн цомгоо хэзээ хамгийн сүүлд үзсэн бэ?
-Нэлээн удсан байх аа. 2012 оны сонгуулийн өмнө үзсэн. Сонгуулийн үеэр ганц, хоёр зураг хэрэг болж, тэгэхэд л гаргаж үзсэн юм байна.

-Таны хүүхэд насны баатар хэн бэ?
-Олон хүн байсан. Ерөнхийдөө цэрэг, эх оронч чиглэлийн хүмүүс бидний үед илүү давамгайлж байсан. Тиймээс Сүхбаатараас эхлүүлээд Халх голын баатрууд цэргийн том, том дарга нартай адилхан болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байдаг байлаа.

-Гэр бүлээс гадуурх харилцааг та юу гэж боддог вэ?
-Байдаг, байгаа  л зүйл.

-Таныг нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Хүндхэн асуудал байна. Бодож үзээгүй юм байна. Ер нь эмэгтэй хүний хийдэг ажил их чимхлүүр мөртлөө тэр бүхэн хүний нүдэнд өртөж үнэлгээ аваад байдаггүй, заавал хийх ёстой хөдөлмөр байдаг шүү дээ.

-Таны багын хоч?
-Надад тийм сүрхий хоч байсангүй.

-Эрэгтэй хүн эмэгтэйгээс давуу байх шинж чанар?
-Эмэгтэй хүн бокс тоглох, барилдаж байгаа надад их сонин харагддаг ч үүний ачаар аваргуудтай болоод сайхан л байна. Гэхдээ Амаржаргал гэдэг хувь хүний үнэлэмжээр сайхан харагдахгүй байгаа юм. Гэхдээ нөгөө талаас харахаар эмэгтэй хүн эр хүнээс юугаар ч дутахгүй, аливаа зүйлийг хийж чадна гэсэн процесс явагдаж, түүнийг нотлоод байна. Гэхдээ миний хүмүүжилд эмэгтэй хүнд эрэгтэй нь арай илүү хүнлэг хандаж, хайрлах, туслах, эмэгтэй хүн арай сул, эмзэг шүү гэдгийг анхаарч байх хүмүүжлээр хүмүүжсэн хүн л дээ.

-Хэрвээ та Монгол Улсын Ерөн­хийлөгч болбол юу хийх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч байж байгаа. Их ч ажил хийж байна. Гэхдээ Дорж, Дулмаа гэдгээс илүү тэр албан тушаал нь өөрөө ямар албан тушаал болох, үүнийг дагаад тэр албан тушаалтанд юу  зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй вэ гэдгийг их сайн ялгаж, агуулга мөн чанарыг нь харж, ирээдүйг нь давхар харж ажиллах ёстой юм болов уу л гэж боддог.

-Сургуульд суралцаж байх үеийн санаанаас гардаггүй хамгийн сайхан өдөр чинь…?
-Дурсамжтай өдөр гээд онцлоод байх зүйл байхгүй санагдаад байна. Миний хувьд сурья гэсэн зүйлээ бүгдийг нь сурч, толгой зоволгүй онц гардаг байсан. Харин гол толгойд байдаг зүйл нь завсарлагаанаар хөлбөмбөг тоглох. Оюутан байхад ч бас л ялгаагүй.

-Та хэдэн насандаа өөрийн би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?
-Тэр их эртнээс. Хүний хүрээлэн байгаа орчин үүнд их нөлөөлнө. Үүнийг манай хоёр хөгшин их гаргаж өгсөн. Надад урам хайрлаж, магтах өөрөө өөртөө итгэлтэй болоход их нөлөөлсөн.

-Амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?
-Байсан л байх. Эргээд санах гэхээр тодоор санаанд орж ирэхгүй байна.

-Та болзсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээж чадах вэ?
-Нэг их хүлээхгүй. Цаг барих бол хувийн зохион байгуулалт, үнэлэмжийн асуудал. Миний хувьд цаг барих учиртай гэж боддог. Монголчууд “Засна” гэсэн зүйл яриад байдаг шүү дээ. Эхлээд өөрийгөө, дараа нь гэрээ, тэгээд улс, төр засах зүйл рүү ор гэдэг. Тэгэхээр “Засна” гэдэг зүйл чинь цаг барихаас л эхэлнэ. Цагийг үнэлж чадахгүй хүн амжилтад хүрнэ гэж бодохгүй байна.

-Та амласандаа хүрдэг үү?
-Ер нь хүрнэ л гэж зүтгэдэг. Нэгэнт амалсан бол түүндээ хүрэх. Болохүй бол болохгүйгээ хэлэх гэж оролддог.

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Улсын сургуульд өгөх үү, хувийнх сургуульд сургах уу?
-Хоёр хүүхдийн маань нэг нь улсын сургуульд сурсан. Харин бага маань хувийн сургуульд сурч байна. Ер нь хүн хүүхэддээ өгч болох үнэтэй цэнэтэй зүйл нь боловсрол. Хамгийн чадал, чансаатай боловсрол хаана байна түүнийг л өгөх ёстой. Бусад нь 30 дугаар асуудал.

-Өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл?
-Зарчимч.

-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Энэ зай таныхаар хэр хол вэ?
-Дөрөв ч юм уу даа эсвэл хоёр хуруу ч болсон байж мэдэх юм.

-Таны хамгийн дуртай баяр?
-Цэргийн баяр буюу гуравдугаар сарын 18.
Amarjargal
-Тантай ярилцаж байгаа хүн өөдөөс чинь харчихаад,  мэддэг зүйлийн чинь талаар худлаа яриад байвал яах вэ?
-Нэгдүгээрт цочирддог. Хоёр­дугаарт алмайрдаг. Түүний эсрэг яахаа би мэддэггүй юм билээ. Сүүлийн үед надад нэг том дутагдал байна гэж бодоод байгаа. Тэр нь хэрэлдэж сураагүй. Зарим нэгэн хүн шиг хэрэлдвэл миний үнэ цэнэ дийлдэхгүй /инээв/.

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар?
-Ирээдүйн хөгжлийг тодор­хойлж байгаа гол хүчин зүйл нь шинж­лэх ухаан. Энэ шинэжлэх ухаан маань олон асуудлыг дэвшүүлж тавихаас гадна олон асуудлын шийдлийг олж байна. Тийм учраас би итгэлтэй байдаг.

-Хэрвээ танд кинонд тоглох урилга ирвэл ямар дүр бүтээх вэ?
-Хүн ер нь чаддаг зүйлээ л хийх ёстой. Чадахгүй зүйл рүү ороод яах вэ л гэж боддог.

-Таныг бусад хүмүүс шүүмж­лэхэд хэр хүлээж авдаг вэ?
-Одоо бол гайгүй. Өмнө нь юу билээ гэж хардаг байлаа. 23 жил шүүмжлүүлж ирлээ. Тийм учраас ямар учраас шүүмжлэл хэлж байгааг ялгадаг болоод байна.

-Таныг эзгүй арал дээр түр хугацаанд амьдруулахаар боллоо. Хэрэгтэй гурван зүйлээ авч яв гэвэл?
-Одоогийхоор бол нэгдүгээрт интернэт. Хоёрдугаарт сонсох радио, телевиз. Тэгээд ганц хоёр ном авчихна.

-Таны аав, ээжийн захиж хэлсэн үгнээс хамгийн мартагдахааргүй нь?
-Сургаал үгс гэдэг тухайн асуудлыг шийдэх шийдэл юм шиг хэрнээ  цаана нь ухаад үзэхээр философийн том агуулгатай зүйл байгаа юм. Тиймээс түүнийг ухаж ойлгох хэмжээнд хүрэх ёстой. Гэхдээ энэ нь нас дагаж ирдэг зүйл юм байна. Миний байнга бодож санаж явдаг үг гэвэл “Хүнд муу санаж болохгүй, байнга сайн санаж яваарай”. Энэ үгийг хоёр хөгшин маань их хэлдэг байсан.

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгний алийг нь хэлэхэд хамгийн хэцүү вэ?
-Уучлаарай гэдэг үгийг хэлэх зориг байх ёстой. Тэр хэмжээнд өөрийн алдаа дутагдлыг хүлээж “Би буруу зүйл хийсэн байна. Надаас болсон байна” гэж хэлэх сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Уучлаарай гэж хэлж чадахгүй бол арчаагүй хүмүүс. Хайртай, салъя гэдэг үгийг худлаа ч хэлж болно. Үнэн худлыг нь ялгахын тулд уучлаарай гэдэг үгийг чин сэтгэлээс хэлж чадаж байна уу гэдгийг харах ёстой байх.

-Та амьдралдаа тохиолдсон хэцүү үеэ хэрхэн даван туулсан бэ?
-Би ийм зүйл ярихаар хүмүүс ойлгох нь уу үгүй юу. Хүнд юм учрах, хүнд шийдэлд тулаад ирэхээр маш энгийнээр хамраараа уртаар амьсгаа авч гаргаад харцаа дээшлүүлж, болж өгвөл уулын орой, тал руу холхон харах ётой. Тэгээд 2-3 минут болоход  тэр асуудал тэр том аугаа зүйл дотор өчүүхэн болно. Хоёрдугаарт, шийдэж чадахгүй асуудлыг шийдэж чадах хүртлээ жижиглэх ёстой.

-Улстөрч гэж таныхаар юу вэ?
-Улс, төр гэж томъёолно.

-Үл үзэгдэгч байсан бол та юу үзэхийг хүсч байна?
-Бурхан багш гэгээрчихээд шавь нартайгаа уулзаж сургааль айлдаж байгаа хоёр гөрөөстэй зураг байдаг даа. Тэр хэдэн нөхдүүдэд сургааль айлдаж байгаа тэр зүйлийг л үзмээр санагдаж байна /инээв/.

-Таны хамгийн очих дуртай газар?
-Хөдөө орон нутгаар явахад үнэхээр сайхан.

-Бурхан гэж байдаг болов уу?
-Байлгүй яах вэ.

-Байнга хэрэг болохгүй ч биедээ байнга авч явдаг зүйл юу байна вэ?
-Үзэг.

-Та хэр шударга хүн бэ?
-Шударга л гэж боддог.

-Таны хамгийн дургүй үг?
-Мэдэхгүй, чадахгүй гэдэг үгэнд дургүй.

-Таны уурлахдаа гаргадаг зан?
-Нэг хэсэгтээ л дуугаа хураана.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их итгэлтэй байдаг вэ?
-Хүн зөв зүйл хийж байгаа бол итгэлтэй байна.

-Та хүүхэд байхдаа өөрийн ирээдүйг тодорхойлж, мөрөөдөж байсан нь лавтай. Тэр мөрөөдөл өнөөдөр хэр биелж байна вэ?
-Бүгдээрээ биелсэн гэж хэлэхгүй. Гэхдээ бодож санаж байсан зүйлээс биелсэн. Офицер болно гэх мөрөөддөг маань биелсэн. Ардын армид найман жил болж, ахмад болтлоо дэвшсэн. Тэр бол их л том мөрөөдөл байсан.  Тэгээд дараа дараагийн шатанд тухайн цаг үеэс болсон мөрөөдөл гарч ирнэ. 1990 онд  ардчилсан монгол орныг байгуулах, улс орон минь хөгжөөсэй, ард иргэд, ахуй амьдрал сайхан байгаасай. Хомсдол гэдэг адгийн, аймшигт зүйлээс салах юмсан гэх мэтээр янз бүрийн зүйл боддог байсан. Харин одоо бол дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж байхад бид бүхэн хаана байгаа билээ. Орон зай хаана байна. Үүнийг яаж баталгаажуулах уу, өөрийн гэсэн дуу хоолойг хүргэх гэх мэтээр бодож мөрөөдсөөр явна.

-Таны хамгийн сайн мэддэг хэл?
-Орос.

-Таньд хандаж бусдын хэлж байсан сайхан үгнээс?
-Их олон үг бий. Саяхан нэг хүн уулзаад “Сайн дураараа өөрийгөө битгий сөнөөгөөд байгаарай” гэж хэлсэн. Давхар утгатай сүрхий үг.

-Энэ амьдралын юунд эргэлздэг вэ?
-Амьдрал гэдэг харьцангүй зүйл шүү дээ. Амьдрал байгаа учраас байхгүй. Байхгүй учраас амьдрал байгаа гэх мэтээр явж байгаа. Гүн ухаан талаас аливаа зүйлийн утга учрыг олох, харах гэж оролдоод байна. Тэгэхээр эргэлзээд байна гэдэг нь харьцангүй ойлголт.

-Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Даруухан, даруухан. Яагаад ч юм миний төрсөн өдөр намайг энд тэнд явж байхад таардаг.

-Хүн үхэн үхэтлээ суралцдаг гэдэг. Таны хувьд оройтсон ч гэсэн хамгийн ихээр суралцахыг хүсч байгаа зүйл?
-Миний хувьд орос, англиар чөлөөтэй уншина. Гэтэл заримдаа хэлний мэдлэг дутах зүйл гарна. Тэр дундаа япон, хятад, сансигрид, араб хэл байна. Аливаа зүйлийг эх хэлээр нь унших нэг өөр. Тийм учраас хэл их чухал гэж бодоод байна.

-Харь гаригийн биет гэдийг юу гэж боддог вэ?
-Ний нуугүй хэлэхэд уулзаагүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ тийм зүйл байдаг гэдэгт эргэлздэггүй.

-Та радиогоор юу сонсохыг хүсдэг вэ?
-Тухайн үеэс л болно. Сайхан уянгын хөгжим сонсмоор үе байхад ярилцлага, мэдээ, уран зохиол сонсох үе байна. Гэхдээ ажил хэргийн чанартай зүйл сонсох талдаа.

-Та хүүхэддээ хэр худлаа хэлдэг вэ?
-Гайгүй шүү. Явна гэвэл явна, тоглоно, кино үзнэ гэсэн бол хэлсэндээ л хүрнэ.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Худлаа ярих, урвалт.

-Мөнгө гэж юу вэ?
-Төлбөрийн хэрэгсэл. Эдийн засгийн хэрэгсэл гэхээс илүүтэй өөр утгаар нь хүмүүс ойлгодог. Зарим хүн эрх чөлөөг авчрах зүйл гэж байдаг. Үүнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр мөнгө гэдэг ойлголт эцсийн зорилго болоод байх шиг. Мөнгө олохын тулд эх орон, эцэг эхээс эхлүүлээд юуг ч худалдахаас буцахгүй шахуу болоод байгаа нь илүү тод болж гэх мэтээр яригдаж байна.

-Та хэзээ хамгийн сүүлд сэтгэлээсээ инээсэн бэ?
-Ховор доо.

-Одооны нийгэмд хамгийн түрүүнд өөрчлөх ёстой зүйл?
-Хариуцлагын тогтолцооны асуудлыг л сүүлийн хэдэн жил ярьж байна. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлд эзэнтэй, хариуцлага байж юм урагшаа явна. Эзэнгүй дунд нь хаячихаар ийм л байдаг мэтээр харах болж. Төр гэдэг маань маш хатуу сахилга баттай байх ёстой.  Хэн нэгэн сайд ирээд бүхэл бүтэн салбараар тоглочихоод алга болж байна. Тэгээд тоглочихлоо гэхээр шинэчлэл хийж байна гэж хэлэх. Эцсийн дүндээ тэр хохирлыг ард түмэн л үүрч байна. Нарийн ярьвал Монголын ирээдүй эмзэг болж байгаа юм. Тиймээс доод шатнаас эхлүүлээд Ерөнхийлөгч хүртлээ хариуцлагатай байх ёстой. Дээрээс нь тодотгож хэлээд байгаа зүйл нь ёс суртахуун, ёсзүй. Төр гэдэг үүн дээр тулгуурлаж, дамжиж явна.

-Та хэд хүртэл наслахыг хүсч байна?
-Нэг их удаан наслаад байх хэрэггүй байх. Ерөнхийдөө 120 гэсэн тоо яваад байдаг юм. Миний сүүлийн үед уншиж байгаа зүйлээр бол 15-20 жил амьд байвал цаашид үхэхгүй юм шиг байна лээ. Яагаад гэвэл  шинэжлэх ухаан техник ямар ч хүнийг эмчлээд байх хэмжээнд хүрэх юм шиг байгаа юм. Гэхдээ жам гэж зүйл байна. Жамаас салах гэсэн оролдлого байх ёсгүй.

-Та өвөө болохоороо?
-Хотоос зайдуу, ойн цагдаа хийнэ.

-Маргааш дэлхий сөнөнө гэвэл амжуулж юу хийх вэ?
-Аль болох олон хүнд туслах гэж оролдоно.

-Хайр гэж таныхаар?
-Бурхнаас заяасан том хишиг.

-Тэгвэл амьдрал?
-Эцэс төгсгөлгүй ухаарал.

-Та өөрийгөө ямар нэгэн амьтантай зүйрлэвэл?
-Би дээр хэлсэнчлэн шашингүй үзэлтэн гэж ярьдаг боловч хүн сармагчнаас төрсөн гэж үздэггүй. Хүн гэдэг бол бурхнаас заяасан зүйл. Тийм учраас өөрийгөө ан амьтантай зүйрлээд байхгүй.

-Та одоог хүртэл хэр үнэн зөв хариулав?
-100 хувь.

-Та дэлхий даяар тархан суугаа монголчуудад хандаж юу хэлэх вэ?
-Улс орны хөгжил “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгднэ” гэсэн томъёоллоор гарч ирж байгаа. Хүнс нэмэгдэнэ гэдэг маань эдийн засаг дээшилж, улс орон хөгжиж, үр дүн гарна гэсэн үг. Үүнийг шийдэж байгаа гол хэрэгсэл нь хүн нэмэх. Манай монголчууд олуулаа байвал хүнс нэмэгдээд байх учиртай. Тиймээс олуулаа болох арга замыг дотроо хүн болгон бодох хэрэгтэй. Аав, ээж үр хүүхэддээ хэлж, сануулж байх ёстой зүйл юм.

Буулгасан Э.Пагма

Эх сурвалж: www.mminfo.mn

 

1 thought on “100 асуулт, 100 хариулт

Leave a Comment