Зөөлөн хүч

Намын даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн дотор Ринченнямын Амаржаргал заавал орно. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг Ардчилсан намын хүнд хэцүү цаг үед нэгэнтээ хашсан түүнд санаж бодсоноо хэрэгжүүлэх боломж олдоогүй юм. Түүний нэгэн сонгуулийн уриа нь “Зөөлөн хүч” гэж байсныг тодхон санаж байна.

Үнэхээр ч тэр уриа нь түүнийг бүрэн тодорхойлсон шиг санагдсан. Тэр хүчтэй хүн үү. Тийм ээ. Өнгөрсөн 20 жилийн улс төрийн амьдрал нь үнэхээр ороо бусгаа байж, өгсөх уруудах аль алиныг нь үзсэн. Намын ротациар автобусаар хүн зөөгөөд өөртөө санал өгүүлчихсэн жижиг гарын улс төрчид ялагдчихаж байж билээ. Санал худалдаж авч болно гэдгийг тэр үнэхээр ойлгохгүй байсан учраас автобусаар зөөгдөөд хуушуур идээд саналаа худалдачихна гэж бодоогүйгээс л дээ. Дараа нь өөр намтай эвссэн нам нь түүнийг тойроггүй үлдээж ч байсан. Бусад нөхдийн л адил 20 оод жилийн өмнөөс улс төр эхэлсэн түүнийг анхны үзэл санаандаа үнэнч явдаг болохоор нь хүндэлдэг юм.

Гэхдээ жинхэнэ хатуу, бүх зүйлийг хөрөнгө чадал, өнгө мөнгөний тэмцлээр шийдэгчдийн дэргэд үнэхээр зөөлөн хүн. Тэр нөгөө ярьдагаа л ярьж, Монголын улс төрөөс хүн чанар, ёс зүй , өвөг дээдсийн үг захиасыг нэхэж ганцаараа ч гэсэн тэмцсээр л байдаг. Өнөөгийн энэ харгис хатуу улс төр түүнийг эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг болсон байж ч магадгүй. Улс төр бол найзгүй бие биенээ сайхан үгээр халхавчлан хутгалалцах урлаг гэж ойлгосон өнөөгийн ядмаг улстөрчид түүнийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэг ч үгүй байх.

Тэр бусдын адил хуйвалдаж, хүчээр эрх мэдэлд хүрэхэд тэмүүлдэггүй. Тэгэхээр зөөлөн. Гэхдээ өнөө хүртэл нугараагүй өөрийнхөөрөө л байгаа хүчтэй хүн. Намаа удирдаад цааш нь Ерөнхий сайд хийгээд явчих бүрэн чадвар чансаа түүнд байгаа. Даанч өнөөдрийнх шиг бохир улс төрд үзэл санаа буртагласан үед түүнийг дэмжих сэхээтэй хүмүүсийн тоо цөөдөх байх даа. Зөвхөн хуйвалдаан, хор найруулалт, сандал суудлын тулаан л өрнөж байна даа Ардчилсан намд.

ЖИЧ: Тэр ямар нэгэн захиалга өгч үүнийг бичүүлээгүй болохыг мэдэгдэж байна. Ардчилсан намынхан хагаралдаж, өөрөө өөрсдийгөө байхгүй болгохыг хичээхийг харах бүртээ санаа зовдог дэмжигчийн хувиар л бодлоо хуваалцаж байгаа хэлбэр

 

2014 оны 11 -р сарын 7

А.Тулга

Эх сурвалж: www.news.mn

Leave a Comment