ҮНДЭСНИЙ ДЭВШИЛ, ЧӨЛӨӨТ АРДЧИЛАГЧДЫН ШИНЭ ТУНХАГ

Р.Амаржаргал

Эзэн хичээвэл заяа хичээнэ.  Сайн явах санааных.

Өвөг дээдэс, үүх түүх, өчигдрөөс, өнө эртнээс энэ цагт ч, ирээдүй маргаашийн зүг ч өртөөлөн дамжсаар буй  “нүүдлийн номын сан”-дахь алтан үгс. Тэр чигээрээ бүхэл бүтэн гүн ухаан, хүний амьдралын утга учир, ертөнцийн мөн чанарыг нэвтэрхий тольдсон үзэл санаа билээ. Нүүдэлчид боть ботиор дүүрэн архив биш усыг нь шавхаж шүүсэн уламжлалт үзэл санаа, бүхэл бүтэн философийг цөөн хэдэн үгэнд багтаан базаж, цагийн уртыг туулах, түүхийн нугачааг давах хэлбэрт оруулсан байдаг билээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ, Дархан хүн бурхан ухаантай. Сайн явах санааных…” Шатахгүй, норохгүй, урагдахгүй, хуучрахгүй мөнхийн амьд хэлбэрт оруулсан энэхүү гүн ухаан, уламжлалт алтан сургааль монголчууд бидний судсаар гүйх цус, сэтгэл оюунд нэвт шингэсэн билээ. Өөрсдийнхөө хэн бэ? гэдгийг өдөр бүр бидэнд сануулах оюун санааны түлхүүр үгс, орчин үеийн хэллэгээр бол генийн код эрх чөлөөний үзэл санааны суут туурвил, үндэс зарчмуудтай яв цав нийцнэ. Хүний оюун санаа, авъяас чадвар, суу билэг, бүтээл туурвилын хязгааргүй боломж бололцоог бишрэн шүтсэн, нээн тэтгэсэн “Хүн та өөрөө өөртөө эзэн нь” хэмээх монгол уламжлалт сургааль, Мильтон Фридманы “ Хувь заяагаа сонгох нь”-той мөн чанарын хувьд нэгэн булгийн ус мэт адил байна. Эрх чөлөөг цар тавган дээр тавьж хэн нэг нь бэлэглэдэггүй, тийм өгөөмөр нүүрний цаана дарангуйлал зүсээ өөрчлөн нуугдаж байдаг, эрх чөлөөг хүмүүс өөрсдөө бүтээдэг гэсэн агуу их Фридрих Хаекийн “Боолчлогдох зам”-тай хөтөлгөө морь шиг зэрэгцэж байна. Хүний нийгмийн төвд ХҮН л байх, хүний төлөө төр, засаг үйлчилж байх нь ХҮМҮҮНЛЭГ нийгмийг байгуулах тогтолцооны эх үндэс нь, гол цөм нь, тулга суурь нь билээ. ХҮН-ий төлөөх зорилгод үйлчлэх хүн чанартай, хүнлэг тогтолцоог хөгжүүлэх нь үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санааны уг суурь нь юм. ХҮМҮҮН гэдэг монгол үг англи, франц, немец, орос олон янзын хэлээр яагаад нэг ойлголт байдаг юм бэ?

Төрийн дарангуйллаас чөлөөлөгдөх нь. Үнэнч нь үүдэнд, худалч нь хойморт. Эрх чөлөөгүй эрх чөлөөний гаж үзэгдлийн дундуур…

“Эрх чөлөөгүй атлаа эрх чөлөөтэй гэж бодох нь хамгийн том эмгэнэл” гэсэн суут тодорхойлолтоо Фридрих Хаек өнөөдрийн Та бидэнд зориуд хаяглан бичсэн үү? Ардчилсан төр засгийн уг эх нь эгэл иргэн, хувь хүн, жирийн хүмүүс. Ардчилсан төр хүний эрх, эрх чөлөөг боомилогч биш заяамал, жам ёсны эрхээ баталгаатай эдлэхэд нь туслагч, үйлчлэгч байх ёстой билээ. Ёсгүй юм ёс болсоор л, эрх чөлөө эгэл хүмүүсээс холдсоор л байна. Төр засгийн эдлэх ёсгүй эрх нь дэндэж, “эрхийн балай” тусчээ. Хүнд, хүмүүст үйлчлэх үүрэгтэй биш эрхтэй байх нь хууль ёс, Үндсэн хууль, үндсэн эрхүүд, үндсэн зарчмуудаас давсан, буруу ургасан мөчир. Үндэснээсээ тусдаа мөчир ургах нь байгаль, нийгмийн хуулийг зөрчсөн гаж үзэгдэл, гаж хувьсал, гаж хувирал. Төрийн нэрээр хүний эрхийг булаан авсан хойморт заларсан худалчууд, гаж хувирлын биежсэн дүр төрхтөнүүдээс эгэл иргэдийг чөлөөлье. Жилээс жилд ардчиллын индексээр ухарч, авлигын индексээр урагшилсан Монголын ардчиллын муу дүнг өөрчлөх гэрийн даалгавраа хийцгээе. Хашаан дээрээ ардчилсан төрийн хаягтай, хөрсөн дээрээ шарилж хогийн ургамал дүүрсэн бурангуй тогтоцыг устгахын үндсэн арга нь төрийг цомхон бөгөөд цэвэрхэн, тоогоор олон биш чадвараар илүү болгох. Иргэн, өрх, баялгийг бүтээгч хэн бүхэнд үүрүүлж ноогдуулсан хүнд суртал, авилга нэртэй дээрмийн тогтолцоо, дарамт шахалтыг арилгах нь хэсэг бүлэгт зориулсан өршөөл биш. Хэн бүхэнд зориулсан шударга хөнгөлөлт.

Алга дарам газрын амт. Хүнгүй газар уу, газаргүй хүмүүс үү?

Газар бол хүний амьдрал, оршин тогтнохуйн эх үндэс. Газар бол хүний амьжиргааны баталгаа. Газар бол эдийн засгийн үндсэн арга хэрэгсэл. Газар бол тусгаар тогтнолын үндэс. Газар бол эрх чөлөө, эх орныхоо жинхэнэ эзэд нь болсон иргэдийн хувийн өмч. Энэ бүхэн манайд өнөөдөр цаасан дээрх хуурай заалт, цаг үрж уншаад өнгөрөх үг л болсон байна. Нэг хүнд ноогдох газар нутаг, газрын баялгаар дэлхийд тэргүүлэгч Монголд “үүнээс цааш газар үгүй” болсон уу? Газар эзэддээ биш газрын мэдээллийг гартаа атгаж нуусан түшмэдийн хулгайгаар баяжих арга хэрэгсэл, захирамж тушаал, гарын үсэг, тамга тэмдгийн асар их ашиг завшаан болсон байна. Газар бол газрын эзэд “га-гаар нь зар” гэсэн утга учир биш. Эх орныхоо газар шороог эрх тушаалтнаас чөлөөлж, эзэн нь болсон иргэдийн эрхийг хамгаалъя. Хүн, иргэн хувийн өмчтэй болсон цагт албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, шударга бус явдлыг сөрөн зогсож, газар авахуулахгүй таслан зогсоох хөрс суурь болно. Ухрах газаргүй их хүч энд байна.

Тал еэвэнг бүтэн болгох нь. Улс төрийн хугас эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөө дархлах нь.

Хувийн өмчгүй бол улс төрийн эрх чөлөө баталгаагүй, хагас хугас, эмзэг хэврэг. Хувийн өмч, хувийн санаачилгад үндэслэж суурилсан эдийн засаг нь улс үндэсний хөгжил дэвшилд хүрэх гол хүчин зүйл билээ. Хувь хүн, айл өрхийн илүү сайхан амьдрах, ирээдүйгээ өөрсдөө бүтээх, өнөөдрөөс сайхан маргаашийн төлөөх хүсэл эрмэлзэлд зөвшөөрөл олгох мэтээр төр хөндлөнгөөс хуруу, хошуу дүрэх нь хөгжлийн садаа юм. Төр зөвхөн хувийн хэвшил оролцох боломжгүй салбарт оролцоно.

Эзнээ олсон халамж, байгаа оносон тэтгэмж. Энхрий хайрт “намзасаг” хуурамч хайраар эрх чөлөөг боолчлох нь. Ажил хийвэл ам тосдоно

Төрийн нэртэй боловч талхны зүсэм бүрт шингэсэн татвар төлөгчдийн мөнгийг хавтгайрсан хайр халамж болгон тараах, элдэв тэмцэл дайн зарлах нь эрх мэдлээ сунгах, эрх чөлөөг хямдхан худалдаж авах, амттай бөгөөд хортой чихэр, сүржин бөгөөд даржин ов мэх юм. Хүмүүс бие биедээ туслах, харилцан ойлголцох, зөвшилцөх, хамтран ажиллах бүрэн чадвартай атал төрийн нэрээр дамлан зуучлагч хийх, хүмүүсийн хөлс хүч шингэсэн мөнгөнд хүйтэн хандах арилжаа наймаа юм. Аль ч нийгэмд хүн авъяас чадал, хичээл зүтгэл, мэргэшил чадвар, мэдлэг боловсрол, шударга хөдөлмөрөөр амьдардаг атал гар хумхин амь зуух сонирхол хандлагыг зориуд өөгшүүлж байна. Түшмэд тушаалтнууд өөрсөддөө дээж өрмийг нь хуваарилан хүртэж, иргэдэд хусам үртсийг нь хаялахын бодитой илрэл нь хавтгайрсан хайр халамжийн хуурамч энхрийлэл билээ. Нийгмийн хамгийн эмзэг хэсэг бүлэгт хаяглан очиж, амьдралд нь аминдэм болж тэтгэхгүй мөртлөө нийтэд өөрсдийнх нь мөнгийг хишиг болгон түгээх нь хөгжлийн чөдөр тушаа мөн. Эмзэг бүлэг хэсэгт эзнийг нь олж зориулсан, бүх нийтийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд нялхас, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгшид настныг асрамжлах нийгмийн үйлчилгээг хувийн болон нийтийн өмчит байгуулагаар гүйцэтгүүлнэ.        

Өөрийнхөөрөө байх, өөрийнхөөрөө чөлөөтэй шүтэх, эс шүтэх нь нь эрх чөлөөт иргэний халдашгүй эрх.

Чингис хааныг Америкийн түүхч Жэк Уотерфод “Дэлхийн орчин үеийн анхны хүн” гэж яагаад бичсэн бэ? Өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж үеийн үеийн суутан мэргэд, удирдагчид юуны учир хүлээн зөвшөөрч, дуу алддаг вэ?

“Монголын энхтайван” цаг үе, Монголын хэв ёс олон улс оронд тогтнож байхад үндэстэн угсаатан, хүн бүр, өөр өөр шашин шүтлэг болгон өөрийнхөөрөө ертөнцийг харах, өөрийнхөөрөө итгэж үнэмших, өөрийнхөөрөө байх, аль нэг бишрэлийг нөгөөгийнх нь дээр доор тавихгүй байх эрх чөлөөг хуульчлан тогтоосон билээ. Ардчилсан төрт ёсны нэг үндэс нь шашин, төр тусдаа байх. Иргэдээ шашин шүтлэгээр нь, ёс заншлаар нь, итгэл үнэмшлээр нь үл ялгаварлах. Соёлт хүн төрөлхтөний мөн чанар нь юуг шүтэх, юуг эс шүтэхээр нь ялгаварлан гадуурхахгүй, иргэдийн сонгон байгуулсан төр нь иргэдээ ар, өврөөс төрсөн мэт ялгаж зааглахгүй байхад оршино. Төрийн түшмэд шашинд хошуу дүрэх, хамба лам нар төрд хошуу дүрэх нь өлзий бусын муу ёр гэсэн алтан сургааль, алтан захиас буйг санагтун. Хувь хүн ямарваа шашин шүтэх, басхүү эс шүтэх эрхийг бүрэн дүүрэн хүндэтгэн хангаж, аливаа шашны урсгалыг төрөөс тусгайлан дэмжихгүй, зан үйлд нь хутгалдан оролцохгүй байх нь үндэсний эв нэгдлийн баталгаа, үндэсний ардчиллын үндэс суурь гэж үзэн дархлан тунхаглана.

Овоог нь тахичихаад уулыг нь нураах ёс бус ёсны эсрэг. Эх дэлхий, уул усаа хайрлан шүтэх нь.

Тэнгэр, газрын дайд хүртэлх нүдний өмнөх уул ус, онгон байгалиа үеэс үед шүтэн хайрлаж, дасан зохицож аж төрсөөр ирсэн эцэг дээдсийн уламжлал үлгэр тууль, үг сургааль, дуу шүлгэнд үлдэхээр болоод байна. Идэхийн төлөө амьдрах биш амьдрахын тулд иддэг монгол гүн ухаанаа уншиж тайлахаа больж, өөрсдийнхөө хэн бэ, хэний үр сад вэ гэдгээ мэдэхгүй болсоор байна. Төрүүлсэн эхийнхээ амийг егүүтгэх мэт хүйтэн цэвдэг, хүний ёс битгий хэл амьтны зөн мэдрэмжээс гадуур үйлдсэн нүгэл өчигдөр, өнөөдөр, маргааш үл арилах гай зовлон дагуулна. Овоог нь тахиж, хадаг зүүчихээд бэлийнх нь модыг огтолдог буян нүгэл нь үл мэдэгдэх ёс бус бүхэн халдварласаар байна. Хувь хүн, иргэн бүрийн үйлдэл бүхэн, төр, засгийн шийдвэр бүхэн байгаль орчинд ээлтэй байхын төлөө бид өглөө бүр санаж, өдөр бүр уриалан тэмцэнэ.

Агуу их түүх, соёлтой, агуу их газар нутагтай, асар их баялагтай, арвин их мал сүрэгтэй Монголд яагаад ядуу амьдарч, хүмүүс зүдэрч, хүүхэд өлсөж байна вэ? Эдийн засаг өсөх тусам ядуурал, оюуны хоосрол буурахгүй нүүрлэсээр буй нь баялгийн хараал хүрсэнийх үү? Бидний муугийнх уу, сайных уу? Улсынх нь эдийн засаг хөгжөөд байгаа юм бол иргэдийнх нь амьжиргаа яагаад дорвитой сайжрахгүй байгаа вэ? Хөдөлмөр эрхлэн, хувь хүн ч, улс орон ч хөгжиж дэвших, хөлс хүчээрээ амьдрал ахуйгаа өөд татах хүсэл мөрөөдлийг баялгийн үйрмэг, үртсээр амь тариа найруулан бэлэн мөнгө болгон тарааж, тэжээвэр амьтны зөн суулгаж байгаа боолчлол, хорт хөнөөлт бодлого нь хүний эрх чөлөөг боомжилж, хойч үеийг маань ч шинэ боолын гэрээгээр дөнгөлнө. Бидний үр хүүхэд боолын гав дөнгөтэй төрж бойжихыг бид огтхон ч хүсэхгүй.

******

Нуршин байж Танд толилуулсан энэ бүгд үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх, Ардчилсан Намын эрхэм зорилго, тулгуур үнэт зүйлс, үзэл баримтлалд нэвт шингэсэн хэдий ч алдагдах болсоор удаж буй тул аргагүйн эрхэнд Шинэ жилийн босгон дээр тунхаг бичиг гаргаж байна. “Иргэн баян бол улс баян” хэмээсэн Ардчилсан Намын унаган үзэл санаа, баримтлал дээрээ эргэн бууж, эв нэгдлээ батжуулан нэгдэцгээхийг уриалж байна.

2011.12.23-ны өдөр

 

6 thoughts on “ҮНДЭСНИЙ ДЭВШИЛ, ЧӨЛӨӨТ АРДЧИЛАГЧДЫН ШИНЭ ТУНХАГ”

  1. saihan bichjee, end tend baahan sharelelee
    ps, ta ch aihtar uran tsetsen shuvt l zuir ugeer yaridag bololtoi bichsen bn shuu :) bichlegiin iim helber engiin mongol hund yer n ih sain tusah bhaa, uneheer zuir ug aman surgaalaar humuujij irsen humuus uchraas.
    endees bas neg sanaa turluu ardchilal, ediin zasag, libertarism esvel namiin tunhag ch yumuu yu bdiin todorhoi asuudlaar zarchmuudiig mass-t tailbarlaj oilguulahdaa iim zuir ug, aman surgaalaar tomyolj bichsen yumnuud gargaval ih ur duntei bolmoor yum bnaa.

  2. Ardchilsan namiig iim tov todorhoi uzeltei bolgoh ni Mongold tustai gej bodoj baina.

  3. өнөөдөр АН-н ҮЗХ дээр тавьсан илтгэлийг нь оруулаад өгөөч админаа

Leave a Comment