2010 он

interview2010 он жигдрэх жил болоосой. Улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэж байна. Энэ утгаар жигдрэх гэж хэллээ. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монопольт капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.

Ямар ч болсон шинээр сэтгэж, арай бүтээлчээр ажиллахгүй бол болохгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бүс нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ бүтээлч сэтгэлгээ шаардах юм.
Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн хоёр жил тод амслаа.

Энд дурдсан бүгдийг задлаад эхэлбэл хэдэн боть судалгааны ажил бичих хэрэгтэй болно биз. Тиймээс гарч байгаа онд бидний амьдрал ахуйг тодорхойлох гурван хүчин зүйлийг онцлон хэлье.

Нэг. Засаг дорвитой арга хэмжээ авч чадах уу?

Эдийн засаг шалдаа бууж, туйлын гунигтай болоод байгааг мэднэ. Энэ нөхцөлд онцгой арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд нэн түрүүнд Сангийн яам, Монголбанк хэрхэн ажиллахаас хамаг зүйл хамаарна. Үнэнийг хэлэхэд энэ хоёр байгууллагын одоогийн удирдлага эдийн засгийн хямралын нөхцөлд ажиллах ямар нэгэн туршлагагүй барьц алдсан гэдгийг 2008, 2009 он илт харуулсан. Мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгийг идэвхжүүлэх магадгүй хамгийн хялбар зүйл байсан. Ахиц гарсангүй. Харин ч банкууд дампуурч, үндэсний баялаг үнэгүйдэж байна. Бодит эдийн засагт ээлтэй бодлого Монголбанкнаас үгүйлэгдэж байгааг эрхбиш анзаарна биз дээ.

Залгаад сангийн бодлогоор бодит эдийн засгийг хөл дээр нь босгох цогц арга хэмжээ хэрэгтэй. Саяхан баталсан төсөв нь “эдийн засгийг тэлэх” зорилготой гээд байгаа боловч тэр нь үзэгдэхгүй л байгаа. Төсөв тойрсон хууль эрхзүйн зохицуулалт хийнэ гээд дахиад жил алдмааргүй байна.

2010 онд санхүүгийн зах зээлийг өргөжүүлэн бэхжүүлэх асуудлыг онцгой анхааран нэг эргэлт гаргамаар байгаа юм.

Гэхдээ нэн түрүүнд эдийн засгийн бодлогыг тодорхойлогч хэрэгжүүлэгч институциудад алдарсан итгэлийг сэргээх амаргүй юм. Итгэл байхгүй бол явахгүй шүү.

Хоёр. Улс төрийн хоёр гол хүчний зорилт бүхий хамтын ажиллагаа чухал байна.

Үнэндээ энэ хоёр намын зөрчилдөөн гэхээсээ нам доторхи бүлэглэлүүдийн зөрчилдөөн урагшлах замд маш их саад болж байна. Ялангуяа, хоёр толгой тойрсон асуудал бүлэглэлүүдийн хэрүүлийн “алим” хэвээр л үргэлжлэх нь тодорхой. Засаг “ажлаа хийхгүй” асуудлыг УИХ-д хүргэвэл гунигтай л юм болох байх даа.

Хэдий “хамтарсан засаг” гээд байгаа ч хамтарна гэдэг нь чухам юуг хэлээд байгааг ойлгож байгаа хүн алга. АН сөрөг хүчний хувьд л дуу гарахгүй бол хамтарч байна гэж МАХН, албан тушаалыг нь хөндөхгүй бол хамтарч байгаа гэж “Алтангадас” ойлгож байгаа юм уу бүү мэд. Ямар асуудал, ямар зарчмаар, яаж хамтарч байгаагаа тодорхой болгохгүй бол урагшлахгүй л дээ.

Ирэх онд Сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд асуудлууд яригдана. Түүнийг далимдуулаад засаглалын хэлбэрээ тодорхой болгох, засаг захиргааны өөрчлөлт хийх, өөрөө удирдах ёсыг эдийн засгийн хувьд өргөжүүлэх, шүүх засаглалын эдийн засгийн хараат бус байдлыг хангах зэрэг язгуур асуудлыг шийдэх ёстой. Иймэрхүү л асуудлыг барьж шийдэхгүй юм бол “хамтрахын” утга алга.

Гурав. Дэлхийн эдийн засаг.

Манайд нөлөөлөлдөг тэр байтугай тун түргэн мэдрэгддэг болохыг бид үзлээ. Гэхдээ энэхүү хямрал бидэнд бас бололцоо бүрдүүлж өгнө. Гэхдээ чухам ямар бололцоо байгааг олж харах хүлээн зөвшөөрөхийн тулд шинэ парадигм хэрэгтэй байгаа юм. Жишээ нь, хоёр хөрш, тэдний үүрэг роль, бидний хандлага зэргийг шинээр харах хэрэгтэй. Шинэ парадигмыг хүлээн авах зөвшөөрөх чадвар бидэнд байгаа билүү гэдэг нь 2010 оны төрхийг бас тодорхойлно.

Аан тийм шинэ оны мэнд дэвшүүлье.

1 thought on “2010 он”

  1. Хүний хөгжил сангаас сонгуулийн өмнө яаж ийгээд мөнгө тараана гээд зүтгэчих юм бол бодит өсөлт биш маш том бабл бий болох байхаа гэж бодохын, хэрэв тэгвэл одооны сульдчихсан байгаа бүтэц 2011 он гэхэд нэг сайн нурах биз.
    10 онд хийх ажил дээр тогтворжуулалтын сан байгуулж, нийгмийн халамжийн сангаасаа салгаад уул уурхайгаас орж ирэх орлогын менежментийн оновчтой тогтолцоо бий болгож чадвал цаашид тогтвортой хөгжих суурь болно гэж бодов.

Leave a Comment