2009 он

2009 он шийдвэрлэх жил болно.

Улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэж байна. Энэ утгаар шийдвэрлэх гэж хэллээ. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монопольт капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан  ажиллах жил байгаасай.

Ямар ч болсон шинээр сэтгэж шинээр ажиллахгүй бол болохгүй. Ёстой нөгөө стандарт бус шийдэл сэтгэлгээ хэрэгтэй болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бус нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ сэтгэлгээ шаардах юм. Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн жил амслаа.

Энд дурьдсан бүгдийг задлаад эхэлбэл хэдэн боть судалгааны ажил бичих хэрэгтэй болно биз. Тиймээс гарч байгаа онд бидний амьдрал ахуйг тодорхойлох  хүчин зүйлээс онцлон дөрвөн санаа хэлье.

Нэг. Засаг дорвитой арга хэмжээ авч чадах уу?

Эдийн засаг шалдаа бууж, туйлын гунигтай болоод байгааг мэднэ. Энэ нөхцөлд онцгой арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд нэн түрүүнд сангийн яам монгол банк хэрхэн ажиллахаас хамаг зүйл хамаарна. Үнэнийг хэлэхэд энэ хоёр байгууллагыг одоогийн удирдлага эдийн засгийн хямралын нөхцөлд ажиллах ямар нэгэн туршлагагүй барьц алдсан гэдгийг 2008 он илт харуулсан. Мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгийг идэвхжүүлэх магадгүй хамгийн хялбар зүйл байх. Залгаад сангийн бодлогоор бодит эдийн засгийг хөл дээр нь босгох цогц арга хэмжээ хэрэгтэй. Гэхдээ нэн түрүүнд эдийн засгийн бодлогыг тодорхойлогч хэрэгжүүлэгч институтуутад алдарсан итгэлийг сэргээх амаргүй юм.  Итгэл байхгүй бол явахгүй шүү.

Хоёр. Улс төрийн хоёр гол хүчний хамтын ажиллагаа чухал байна.

Үнэндээ энэ хоёр намын зөрчилдөөн гэхээсээ нам доторхи бүлэглэлүүдийн зөрчилдөөн урагшлах замд маш их саад болж байна. Хэдий “хамтарсан засаг” гээд байгаа ч хамтарна гэдэг нь чухам юуг хэлээд байгааг ойлгож байгаа хүн алга. АН сөрөг хүчний хувьд л дуу гарахгүй бол хамтарч байна гэж С.Баяр, албан тушаалыг нь хөндөхгүй бол хамтарч байгаа гэж Н.Алтанхуяг нар ойлгож байгаа юм уу? бүү мэд. Ямар асуудал, ямар зарчимаар, яаж хамтарч байгаагаа тодорхой болгохгүй бол урагшлахгүй л дээ. Уул нь, сонгуулийн дүнгээ хүндэтгээд МАХН дангаараа засаг аа байгуулаад АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явах нь илүү тодорхой л доо. Хэрвээ АН гишүүдтэй заавал хамтран ажиллах шаардлага байгаа бол хүнийх нь хувьд засагтаа уриад л оруулна биз. Тэгэхгүй байгааг бодоход хүнээсээ илүү АН-тай “хамтарч байгаа” гэсэн хаяг нь МАХН-д чухал бололтой. АН түүхэн дуудлагаар үүсэж бойжиж буй нам. “Зохиомол” “компанийн” нам биш тиймээс түүнийг “хамтарч аваад” устгах гэсэн санаархал үр дүнгүй л дээ.

Гурав. Ерөнхийлөгч, түүний “сонгууль”.

Эдийн засгийг хурдан хямралаас гаргах нь Н.Энхбаярт хир ашигтай гэсэн асуулт тэнэг санагдах ёстой. Гэхдээ улс төрийн өрнөлөөс үзвэл бас ч хоосон зүйл биш бололтой. Ямар ч болсон хямрал ба Н.Энхбаяр гэсэн сэдэв үүсэж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгууль гэж улс төржөөд хагас жил алдвал тун харамсалтай.

Дөрөв. Дэлхийн эдийн засаг.

Манайд нөлөөлөлдөг тэр байтугай тун түргэн мэдрэгддэг болхийг бид үзлээ. Гэхдээ энэхүү хямрал бидэнд бас бололцоо бүрдүүлж өгнө. Гэхдээ чухам ямар бололцоо байгааг олж харах хүлээн зөвшөөрөхийн тулд шинэ парадигм хэрэгтэй байгаа юм. Шинэ парадигмыг хүлээн авах зөвшөөрөх чадвар бидэнд байгаа билүү гэдэг нь 2009 оны төрхийг бас тодорхойлно.

Төгсгөлд нь шинэ оны мэнд дэвшүүлье.

Хэвлэх Хэвлэх

1 thought on “2009 он”

Leave a Comment