Ялагдсан бүх хариуцлагыг нам үүрэх ёстой.

А. Сонгуулийн дүн гарлаа. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг ч зарлалаа. Харин энэ бүх хугацаанд Ардчилсан нам сонгуулийн дүнгийн талаар байр сууриа огт илэрхийлсэнгүй?

Х. Юуны өмнө энд нэг зүйл тун тодорхой байх ёстой болов уу. Энэ сонгуульд М.Энхсайхан биш, харин АН ялагдсан. Ялагдсан бүх хариуцлагыг нам үүрэх ёстой. Мэдээж хэрэг обьектив, субьектив хүчин зүйлс нөлөөлсөн. Гэхдээ хариуцлагыг нам хүлээж зохих сургамж, дүгнэлтүүдээ хийх ёстой.

А. Нам хариуцлага хүлээнэ гэдэг нь хийсвэр сонсогдож байна?

Х. Тухайн тодорхой шатанд намыг удирдаж буй хүмүүс байгууллага байгаа. Тэр тухай ярьж байгаа юм. Би саяхнаас АН-ын удирдлагад багтах болсон. Тэр утгаараа энэ ялагдлын хариуцлагыг би бас хүлээх ёстой. Тиймээс ч хариуцлагаа хүлээн намын дэд даргын албан тушаалаас огцрохоо мэдэгдэж байна. Энэ бол улс төрийн соёлын салшгүй нэг элемент шүү дээ. Намын удирдлагад багтаж буй бусад хүн ч мөн зохих алхам хийх байх. ҮЗХ-г яаралтай хуралдуулан намын шинэ удирдлагыг томилж, тулгамдаад байгаа асуудлыг шийдэх ёстой.

А. Нам ялагдсанд тодорхой шалтгаан байгаа. өнгөрсөн өвлөөс хойш үргэлжилсэн тамга буулаалдсан явдал зэрэг. Эв нэгдэлгүй энэ хэвээр байвал гишүүдийнхээ саналыг гүйцэд авч чадахгүй, алдаж байна шүү дээ.

Х. Үнэн. Энэ талаар шүүн тунгаах хэрэгтэй. Миний бодлоор нам дотроо, нийгэмд АН-ын хувь заяаны талаар өргөн хэлэлцүүлэг хэрэгтэй санагдаж байна. Энэ нам одоо хаана байна, хаана хүрэх ёстой, яаж түүнд хүрэх вэ? Монголын төрийн болон улс төрийн тогтолцоонд энэ намын эзлэж буй байр суурь, үүрэг ролийн талаар ч нухацтай ярих цаг болсон. Шинэ нөхцөл байдалд зохицон өөрчлөгдөж чадаж байна уу гэх мэт олон асуудал бий. АН-д хөгжлийн шинэ үзэл баримтлал хэрэгтэй байна. Намын байгуулалтын цоо шинэ концепц шаардагдаж байна. Дотоод ардчилалаа сэргээх хэрэгтэй. Намыг үзэл баримтлалын нэгдэл бүхий хүмүүс гэж ойлгох уу, эсвэл эрх мэдэл албан тушаалд тэмүүлсэн хүмүүсийн дөрөөлдөг дөрөө, шат дамжлага гэж ойлгох уу? Энэ мэтчилэн асуудлыг шулуухан тавих цаг болсон. Эдгээрийг шийдэж чадвал 62-н бүлэг мэтийн учир нь олдохгүй олон асуудлыг шийдэх шалгуур, баримтлах зарчим тодорхой болно шүү дээ. Ардчилсан нам амьсгал хураасан гэх бодолтой санал нийлэхгүй байна. Гишүүд дэмжигчдийн маань халуун сэтгэл, итгэл, зүтгэл хэвээрээ байна гэдэгт эргэлздэггүй. Гагцхүү энэ нам толгойноосоо мууджээ. Монголын ардчилалыг сонгуулийн ардчилал гэж дүгнэж болно. Уг нь хэлбэр төдий биш бодит, үр ашигтай, бүрэн хэмжээний, шударга ёсны ардчилал байх ёстой юм. Энэ чиглэлд хийх зүйл дэндүү их байна. Ийм том үйлсийг шинэчлэгдсэн АН манлайлан хэрэгжүүлэх ёстой. Тийм ч үүрэгтэй, ингэх чадавхитай гэж би ойлгож байгаа.

Leave a Comment